Цагаан сарын баярт нэг өрх дунджаар 2.2 сая төгрөгийн зардал гаргахаар байна


2020-02-10 08:24:47

Монголчуудын уламжлалт баяр “Цагаан сар”-аар нэг өрх хичнээн төгрөг зарцуулдаг вэ. Өөрөөр хэлбэл, эл баярыг тэмдэглэх нь ард иргэдийн амьдрал, улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг Үндэсний статистикийн хорооноос тоймлон гаргажээ.

Тухайн жилийн билгийн тооллын шинийн нэгний өдөр аргын тооллын хэдэн сарын хэдэнд тохиохоос хамааран эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл нь 1, 2 дугаар сарын аль алинд гардаг байна. Учир нь бусад баяраас Цагаан сарын баярын ялгарах онцлог нь нэлээдгүй бэлтгэл ажил шаарддаг. Жишээ нь, 2017 оны шинийн 1 тухайн жилийн хоёрдугаар сарын 27-ны өдөр байсан учраас баярыг угтсан үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний ихэнх зардал 2 дугаар сард гарсан байна. Харин 2019 оны шинийн 1 хоёрдугаар сарын 5-нд тохиож байсан учир баярын бүх бэлтгэл ажил нэгдүгээр сард хийгдсэн байх магадлалтай аж.

Цагаан сарын баяраар ахмад настнаа хүндэтгэн золгохдоо гар хоосон золгодоггүй уламжлал орчин үед “шинэ” мөнгөн дэвсгэрт болон солигдсон. Үүнтэй холбоотой цагаан сарын баярын өмнө шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт ихсэх болжээ. Тиймдээ ч энэ үеэр Монголбанкнаас цагаан сарын баярын өмнө бусад саруудтай харьцуулахад илүү их бэлэн мөнгийг гүйлгээнд гаргадгийг тоон мэдээллээс харах боломжтой.

Мөн энэ үеэр иргэдийн зээл авах байдал эрс нэмэнддэг. Арилжааны банкуудын олгосон цалин, тэтгэврийн зээлийн сүүлийн 3 жилийн мэдээллээс харахад 2017 оны хоёрдугаар сард 508.0 тэрбум төгрөгийн зээл олгосон нь тухайн оны дундаж зээл олголтоос 40 хувиар илүү байжээ. Харин 2018, 2019 онуудын 2 дугаар саруудад олгосон зээлийн хэмжээ харгалзах жилүүдийн дунджаасдоогуур байгаа төдийгүй 2017 онтой харьцуулахад 2018 оны 2 дугаар сард 335.3 тэрбум төгрөг болж 34.0 хувиар, 2019 оны оны 2 дугаар сард 97.7 тэрбум төгрөг болж 80.8 хувиар буурчээ. Үүнээс үзвэл ахмад настан болоод айл өрхүүд 2017 онтой харьцуулахад сүүлийн 2 жилд цагаан сарын баяр тэмдэглэхээр цалин, тэтгэврийн зээл авах нь эрс багассан.

Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбар сүүлийн жилүүдэд нэлээд хөгжиж байгаа бөгөөд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрлийн тоо нэмэгдсээр байгаа билээ. Цагаан сарын баяр нь дотоодын үйлдвэрлэгчдийн, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд гол борлуулалтын үе гэж хэлж болно. Цагаан сарын баярын тавгийн идээ (хэвийн боов, ааруул, чихэр), баярын гоёлын хувцас (дээл), гарын бэлгийн (оймс) үйлдвэрлэл яг энэ үед хамгийн өндөр байдаг.

Тухайлбал, 2017онд 399.1 тонн хэвийн боов, 59.8 тонн ааруул, 22.6 тонн чихэр, 4.3 сая литр архи, 473.8 мянган хос оймс, 1113 дээл үйлдвэрлэж байжээ. Харин өнгөрсөн жил хэвийн боов 480.1 тонн болж 20.3 хувиар, чихэр 26.6 тонн болж 17.8 хувиар, архи 4.6 сая литр болж 5.3 хувиар, оймс 891.5 мянган хос болж 88.2 хувиар,  дээл 18 433 ширхэг болж 16.5 дахин нэмэгджээ. Харин ааруулын үйлдвэрлэл 2019 онд 57.0 тонн болсон нь 2017 оноос 4.6 хувь буурсан үзүүлэлттэй. Жил бүрийн цагаан сарын дараа буюу 3 дугаар сард дээрх бүтээгдэхүүний үйлдвэрлэл эргэж буурдаг байна.

Эндээс монгол дээл, тэрлэгийн үйлдвэрлэл нэлээдгүй анхаарал татаж байгаа бөгөөд дээлийн үйлдвэрлэлийг сүүлийн гурван жилийн сар бүрээр задлан харвал “Цагаан сарын баяр” болон “Үндэсний их баяр наадам”-ын үеэр буюу жил бүрийн нэг, хоёр, зургаа, долоо дугаар саруудад үйлдвэрлэл эрчимждэг нь харагдаж байна.

Цагаан сар тэмдэглэж буй айл бүр хүрэлцэн ирсэн ах дүү, төрөл садан, зочид, гийчдээ хүндэтгэн идээ ундаа бэлтгэж, ирсэн хүн бүрийн гарыг цайлгаж, өргөн дэлгэр тэмдэглэдэг сайхан уламжлалтай билээ. Цагаан сарын баярт зориулж бор болон цагаан гэсэн хоёр төрлийн идээ бэлтгэдэг бөгөөд бор идээнд бүхэл мах, бууз, банш, шимийн архи зэрэг ордог бол цагаан идээнд бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг зэрэг ордог байна. Иймээс Үндэсний статистикийн хорооны хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрөл, зах зээлийн дундаж үнийн сар бүрийн мэдээллийг ашиглан Цагаан сарын баярын идээ болон гарын бэлгийн нийт үнийг тооцоолжээ. Нэг өрхийн бор идээний хэрэглээ 2020 онд дунджаар 499.8 мянган төгрөг болж байгаа бөгөөд үүний 56. хувийг хонины ууцны зардал эзлэхээр байна.

Нэг өрхийн цагаан идээний хэрэглээ 2020 онд дунджаар 299.2 мянган төгрөг байх төлөвтэй гарчээ. Тооцооллоор 2020 оны цагаан сарын баярт зориулж нэг өрхөөс идээний зардалд дунджаар 799.0 мянган төгрөгийн зардал гарах бол үүнээс 499.8 мянган төгрөг буюу 62.6 хувь нь бор идээний, 299.2 мянган төгрөг буюу 37.4 хувь нь цагаан идээний зардалд зориулагдахаар байна.

Харин гарын бэлэгт нэг хүнд дунджаар 8.0-27.0 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэнэ гэж үзвэл, нэг хүнд өгөх бэлгийн зардлыг тооцож, нэг өрх дунджаар 60 зочин хүлээн авна гэж үзээд нэг өрх бэлэгт нийтдээ 1050.0 мянган төгрөг зарцуулахаар байна. Сүүлийн жилүүдэд монголчууд үндэсний хувцас дээлээрээ гоёх хандлага нэмэгдсэнээр цагаан сарын үеэр дээлийн үйлдвэрлэл, борлуулалт эрс нэмэгдэх болсон. 2020 оны 1-р сарын байдлаар Нарантуул зах дээр борлуулагдаж байгаа эрэгтэй, эмэгтэй хүний дээлийн үнэ 120.0-250.0 мянган төгрөг байгаа бол хос дээлийн үнэ 250.0-450.0 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин хүүхдийн дээл 75.0-100.0 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Монгол Улсын нэг өрх дунджаар 3.7 гишүүнтэй байдаг ба нэг өрхийн баярын гоёлдоо зарцуулах зардлыг ам бүлийн тоотой уялдуулан тооцвол нэг өрх дунджаар 377.5 мянган төгрөг зарцуулахаар байна. Дээрх гурван төрлийн зардлын нийлбэрээр буюу идээ, гарын бэлэг, баярын гоёлын нийлбэр дүнгээр нэг өрх 2020 оны цагаан сарын баярт дунджаар 2.2 сая төгрөгийн зардал гаргахаар байгаа аж.

ҮСХ-ны “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-ны мэдээллээс харахад нэг өрхийн хүнсний дундаж зардал цагаан сар, наадам, шинэ жилийн баяр болдог саруудад хамгийн өндөр байгаа нь харагдаж байна.Бидний таамагласнаар 2020 онд Монгол Улсын нийт өрхийн 64.0 хувь нь Цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж, нэг өрх дунджаар 2.2 сая төгрөгийг идээ цагаа, гарын бэлэг, баярын гоёлд зарцуулна гэвэл, улсын хэмжээнд Цагаан сарын баярт ойролцоогоор1.2 их наяд төгрөгийн зардал гарахаар байна. Тус зардлыг бүтцээр нь задалбал идээ, цагаа, бусад хүнсний зардалд нийт зардлын 36.0 хувь, гарын бэлэгт нийт зардлын 47.0 хувь, баярын гоёлд нийт зардлын 17.0 хувийг зарцуулахаар байна. Өөрөөр хэлбэл, тухайн хэмжээний мөнгө зах зээлийн эргэлтэд орно гэсэн үг. Жилийн энэ үед Монголбанкнаас гүйлгээнд гаргасан мөнгөний хэмжээ нэмэгддэг нь ч Цагаан сарын баяртай холбоотой. Нэг талаасаа зах зээлд гүйлгээнд оролцож буй бэлэн мөнгөний хэмжээ ихсэх нь инфляц нэмэгдэхэд шууд нөлөөлдөг хэдий ч нөгөө талдаа иргэдийн худалдан авах эрэлт нэмэгдэх нь хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж байдаг. Иймээс энэ жилийн Цагаан сарын баярын үеэр мөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, тэр дундаа хүнсний бараа ундаа усны бүлгийн үнэ өмнөх сараасаа 3.0-3.2 хувиар өсөх хандлагатай байна.

Иймээс монголчууд дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг “Цагаан сар”-ын баяраар өргөн хэрэглэвэл баярын үеэр гадагш урсах валютын урсгалыг сааруулахад эергээр нөлөөлөөд зогсохгүй ажилгүйдэл буурах, төгрөгийн худалдан авах чадвар сайжрах зэргээр манай улсын эдийн засагтолон эерэг үр дүн гарна хэмээн Үндэсний статискийн хорооноос үзжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү