Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 8.8 хувиар өсчээ


2020-02-18 09:42:22

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 173.2 мянган төгрөгөөр буюу 14.4 хувиар , мөн өрхийн сарын дундаж нийт зарлага 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 206.8 (16.7%) мянган төгрөгөөр өссөн талаар Үндэсний статистикийн газраас мэдээллээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ өмнө оны эцэст 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.0 (8.8%) мянган төгрөгөөр өсжээ. Нийт орлогын 91.7 хувийг мөнгөн орлого, 4.4 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 3.9 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн эзэлж байгаа аж.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд цалин хөлсний орлого 54.4 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 18.3 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 10.5 хувь, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 7.3 хувь, бусад орлого 9.5 хувийг тус тус эзэлжээ.

Мөнгөн орлого 1.3 сая төгрөг болж өсөхөд цалин 86.8 (14.5%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 26.6 (25.0%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн гэнэ.

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2019 оны 4 дүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 38.9 мянгаар, 500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 23.4 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 3.1 мянгаар буурсан бол 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 4.0 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 14.9 мянгаар, 1100.0-1600.0 мянган төгрөгийн орлоготой өрх 4.9 мянгаар, 1600.0-2100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 6.7 мянгаар, 2100.0 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх 46.5 мянгаар нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар сард 500.0 мянган төгрөг хүртэлх мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын бүтцийг авч үзвэл, цалин хөлсний орлого 19.2 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 52.3 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 16.7 хувь, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 3.6 хувь, бусад орлого 8.2 хувийг эзэлж байна.

Мөн сард 1600.0 мянган төгрөгөөс дээш мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын бүтцийг авч үзвэл, цалин хөлсний орлого 59.2 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 8.9 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 9.4 хувь, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 9.7 хувь, бусад орлого 12.8 хувийг тус тус эзэлж байна.

Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ 2019 оны 4 дүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 117.0 (11.0%) мянган төгрөгөөр өсжээ. Өрхийн нийт зарлагыг өрхийн мөнгөн зарлага, өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлийн мөнгөн дүнгүүдийн нийлбэрээр тодорхойлдог. 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар өрхийн сарын дундаж зарлагын 92.1 хувийг мөнгөн зарлага, 4.2 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 3.7 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний зарлага эзэлж байна.

Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагыг бүтцээр нь авч үзвэл, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 68.1 хувь, хүнсний бүтээгдэхүүний зарлага 20.5 хувь, бусад зарлага 9.5 хувь, бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлага 1.9 хувийг тус тус эзэлж байна. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 184.0 (16.0%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 145.7 (19.2%) мянган төгрөг, хүнсний бүтээгдэхүүний зарлага 25.2 (10.2%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Өрхийн сарын дундаж хүнсний бүтээгдэхүүний зарлагын 32.0 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 25.5 хувийг гурил, гурилан бүтээгдэхүүн, 9.8 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, 7.5 хувийг хүнсний ногоо, 4.0 хувийг чихэр, сахарын зүйл эзэлж байна. Мөн хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын 14.3 хувийг хувцас, гутал, 9.4 хувийг тээврийн үйлчилгээ, 4.8 хувийг мэдээлэл, холбоо, 4.7 хувийг боловсролын үйлчилгээ, 4.1 хувийг эм тариа, эмнэлгийн үйлчилгээний зардал эзэлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү