Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 33 бүтээлд патент олгожээ


2020-02-18 14:27:22

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2020 оны эхний сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 33 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2 буюу 5.7 хувиар буурсан үзүүлэлт юм.

Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 11 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 33 бүтээлд патент олгосны 16 нь шинэ бүтээлийнх, 17 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент 2 (14.3%)-оор, бүтээгдэхүүний загварын патент 7 (70.0%)-гоор тус тус өсжээ.
Шинэ бүтээлд олгосон патентыг олон улсын ангиллаар авч үзэхэд, 4 нь хими, төмөрлөг, 3 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 3 нь барилга, уул уурхай, 3 нь механик инженер, гэрэлтүүлэг, халаалт, зэвсэг, тэсрэх бодис, 3 нь бусад ангилалд хамаарч байна.

Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар оны эхэнд 29 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16 (2.2 дахин)-гаар нэмэгджээ. Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 18 ашигтай загварт гэрчилгээ олгосон нь өмнөх оны мөн үеэс 9 (2.0 дахин)-өөр өсчээ.

Харин улсын хэмжээнд барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 308 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Нийт мэдүүлсэн барааны тэмдгийн 137 нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна. Иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 354 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгосон нь өмнөх оны мөн үеэс 42 (10.6%)-оор буурч, 204 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан байна.

Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 80 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргаснаас бүх бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон нь өмнөх оны мөн үеэс 42 (2.1 дахин)-оор өсжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү