Ч.Улаан: Таван үйлдвэр 80,000-100,000 төгрөгөөр ноолуураа бэлтгэнэ


2020-04-01 15:11:20

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрбээр ноолуур бэлтгэлийн цаг болсонтой холбогдуулан, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд гурван хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл олгоход зориулж 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэх Засгийн газрын шийдвэрлэсэн талаар онцлов.

Тэрбээр "Гуравдугаар сарын 12-нд Ноос, ноолуурын холбооноос яаманд санал ирүүлснийг бид шуурхай Засгийн газрын гуравдугаар сарын 18-ны хуралдаанд оруулан шийдвэр гаргууллаа. Засгийн газраас 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас өгүүлэх шийдвэр гаргасан. Энэ жилийн хувьд зээлэн дээр нэлээд хэмжээний хөнгөлөлт үзүүлж байгаа бөгөөд зээл нэг жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй байна. Зээлийн хүү бууруулж байгаатай холбоотой гарах 30 тэрбум төгрөгийн зардлыг Засгийн газар өөрөө хариуцна.

Зээлийн асуудлыг шийдэхдээ Ноос, ноолуурын холбооны саналыг үндэслэсэн. Холбооноос зээл хүссэн 20 үйлдвэрийн нэрийг оруулж ирсний 10 нь жилд 100-аас дээш тонн ноолуур бэлддэг. Энэ 10 үйлдвэр 100,000-110,000 төгрөгөөр ноолуураа бэлдэнэ гэдэг санал өгсөн. Мөн 50-100 тонн ноолуур бэлдэх таван үйлдвэр 90,000-100,000 төгрөгөөр ноолуураа бэлдэнэ гэсэн бол 10-50 тонн ноолуур бэлдэх таван үйлдвэр 80,000-100,000 төгрөгөөр ноолуураа бэлтгэнэ гэдгээ илэрхийлсэн.

Бид энэ тооцоо үндэслэлийг хянаж үзээд дунджаар 1 кг ноолуурыг 100,000 төгрөгөөр худалдаж авах ажлыг зохион байгуулах боломжтой юм байна гэж үзсэн. 100,000 гэдэг бол улсын дундаж. Мэдээж зүүн аймгуудын ноолуур чанартай учраас дунджаас ахиу үнэтэй тогтдог. Та бүхэн санаж байгаа байх өнгөрсөн жил зүүн аймгуудын ноолуур 140,000 төгрөгт хүрч байсан бол баруун аймгуудад 80,000 төгрөгийн үнэтэй байсан.

Энэ ажлыг зохион байгуулахад журмын хувьд анхаарах хэд хэдэн чухал зүйл байна. Яг одоогийн нөхцөлд банкны шалгуурыг хангадаг 3 үйлдвэр байгаа. Бусад нь банкны шалгуурыг хангадаггүй. Мөн бүх үйлдвэрүүд өнгөрсөн жилийн зээлээ төлж дуусаагүй байна. Тиймээс энэ жилийн хувьд онцгой нөхцлөөр хандаж байгаа. Зээлийг яг малчдаас ноолуур худалдаж авахад зориулах ёстой. Зээл авах нөхцөл шаардлагыг хангасан аж ахуйн нэгж бүрт тусгай данс нээгээд тэр данснаас үйлдвэр өөрөө мэдэж шууд зарцуулалт хийхгүй. Тухайн мөнгийг урьд оных нь зээлэнд суутгуулахгүй, зориулалт бусаар зарцуулахгүй, шулуухан хэлэхэд сонгууль руу явуулахгүй байхын тулд тусгай данснаас малчны данс руу шилжүүлэг хийнэ. Бидний зүгээс хоёр том зорилт тавьж үйлдвэрүүдэд зээл олгох гэж байна.

Мөн ноолуур боловсруулалтын асуудлаар "Энэ жил хамгийн багаар бодоход 10.2 тонн ноолуур авна. Манай улс ноолуураа 100 хувь угаах үйлдвэрийн хүчин чадалтай. 10,000 байтугай 20,000 тонн ноолуур угаах боломж бий. Самнах үйлдвэрүүд 5.2 тонныг самнаж боловсруулах боломжтой бол 3,000 тонныг дотооддоо боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байгаа.Хөнгөлөлттэй зээлийн 300 тэрбумыг дунджилж тогтоосон үнэээр буюу 100.000 төгрөгөөр тооцвол 3,000 тонн буюу энэ жил авах нийт ноолуурын 30 орчим хувийг эзлэхээр байна" гэв

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү