Э.Баатарцогт: Иргэд хувьцаагаа зарах сонирхолтой байвал хувьцааны үнэ унах эрсдэлтэй


2020-04-06 13:56:58

“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас даваа гараг бүр мэдээлэл хийж, иргэдэд хувьцааны талаарх ойлголт  мэдээллийг өгдөг билээ. Энэ удаагийн хурлаар “1072 ширхэг хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт хувьцааны ногдол ашиг болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн өгөөжийг иргэд хэрхэн хүртэж байсан талаарх судалгааны мэдээллийг танилцуулсан юм.  

Ирэх тавдугаар сарын 1-нээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгоно. Үүнтэй холбоотойгоор иргэдэд хувьцааны талаарх мэдээллийг 5 сувгаар хүргэж байгаа билээ. Тухайлбал, иргэд 1800-1072 тусгай дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой. 03 сарын 30-наас 04 сарын 3-ний өдрийг хүртэл нийт 1840 хүн дээрх тусгай дугаарт холбогдож, хувьцааны талаарх мэдээлэл зөвлөгөө авчээ.

Мөн “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн байранд 280 хүн ирж үйлчлүүлжээ. Ингэснээр нийт 29.413 иргэн мэдээллийн төвд өөрийн биеэр ирж зөвлөгөө, мэдээлэл авчээ.

Э.Баатарцогт “Мэдээлэл зөвлөгөөг 2.511.000 хувьцаа эзэмшигчдэд хүргэх ёстой. Өөрөөр хэлбэл, ногдол ашгийг 05 сарын 1-нээс эхлэн олгохтой холбогдуулан иргэдийн ойлголт мэдээллийг бүрэн төгс өгөх учиртай юм” хэмээн онцлов.

Мөн тэрбээр “Энэ хүрээнд хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК мэдээллийг байнгын хүргэж байх үүрэгтэй. Энэ үүднээсээ иргэд хувьцааны талаарх мэдээлэл авах 5 төрлийн сувгийг нээсэн” хэмээн танилцуулсан.

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдаж авна, зарна гэх зар цахим орчинд харагдах нь бий. Мөн өндөр үнээр худалдан авч байна гэх мэдээлэл ч үе үе хуурай өвсөнд тавьсан түймэр шиг газар аван ноцох явдал түгээмэл. Гэвч “Эрдэнэс Тавантолгой” ХК хаалттай компани бөгөөд иргэд хувьцаагаа арилжих боломжгүй гэдгийг албаныхан тайлбарладаг.

Энэ хүрээнд дээрх хувьцаа худалдаж авна, зарна хэмээх зар мэдээллүүдийг хуулийн байгууллагад өгч шалгуулжээ. Цагдаагийн байгууллагаас хуурамч хаяг ашиглан дээрх зарыг тавьсан болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, пэйж хуудасны ханадалтыг нэмэгдүүлэх зорилгоор худал мэдээлэл тавьдаг болох нь тогтоогджээ. Иймээс иргэдийг иймэрхүү арга зальд автахгүй, хууртахгүй байхыг анхаарууллаа.

Иргэн та халаасан дахь хувьцаагаа өнөөдрийн байдлаар зарж борлуулах мөн өвлүүлэх боломжгүй. Нэгдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК бол хаалттай компани. Хаалттай компанийн хувьцааг худалдан борлуулах боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр, иргэдээс иргэний гарт дамжин худалдаалагддаг хувьцаа гэж байхгүй. Заавал брокерийн компаниар дамжин албан ёсны дагуу худалдан борлуулагддаг байна. Иймээс хувьцааны талаарх мэдлэг мэдээлэл муутай иргэдийн тархийг угаах байдлаар танадалтаа нэмэгдүүлэх арга заль цахим орчинд түгээмэл бий болсон нь энэ юм.

Иргэдийн халаасан дахь хувьцаа харилцан адилгүй байгаа нь өмнө нь та тус компанийн өгөөжийг хүртэж байсантай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өгөөжийг ирэх тавдугаар сард л хүртэх мэт ойлголт бий. Гэвч өмнө нь тус компанийн өгөөжийг олон иргэн хүртэж байжээ.

Эрүүл мэндийн даатгал болон сургалтын төлбөр хэлбэрээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн өгөөжийг хүртэж байсан талаарх судалгааг Э.Баатарцогт мэдээллийнхээ үеэр танилцуулсан юм.

2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615.000 иргэн 4.8 тэрбум төгрөгийг суутгасан байна. Өөрөөр хэлбэл, тухайн жилийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл 8400 төгрөг байсан. Энэ хүрээнд 614.000 иргэн эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр дээрх компанийн өгөөжийг хүртсэн байна.  

2011, 2012 оны сургалтын төлбөрт нийт 278.258 оюутан 500.000-1.000.000 төгрөгийг суутгасан байна. Ингэснээр 137 тэрбум төгрөгийг сургалтын төлбөрт суутгажээ.

2011, 2012 онд 322.000 ахмад настан 321 тэрбум төгрөгийн мөнгийг бэлнээр авч, Засгийн газарт хувьцаагаа худалджээ.

Хөгжлийн бэрхшээлтэй 1.750 иргэн 1.7 тэрбум төгрөгийг авч, хувьцаагаа Засгийн газарт арилжжээ.

2016 онд иргэд банкинд хүсэлт гарган, Засгийн газарт хувьцаагаа арилжсан. Тодруулбал, 300.000 төгрөгөөр 322 ширхэг хувьцаагаа зарсан. Нийтдээ 1.294.302 иргэн банкинд хүсэлтээ гаргаж 100.000-300.000 төгрөг авсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн авсан мөнгөн дүнгээс хамаарч хувьцааны ширхэг ч мөн харилцан адилгүй байгаа.

100.000 төгрөг авсан бол 964 ширхэг

200.000 төгрөг авсан бол 857

300.000 төгрөг авсан бол 750 ширхэг хувьцаатай байгаа.

Ийнхүү “Сайн хувьцаа”-гаар 360 тэрбум төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр олгож, Засгийн газар хувьцааг худалдаж авчээ.

Ийнхүү нийтдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК 2011-2016 онд 826 тэрбум төгрөгийн өгөөжийг ард иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр олгожээ. Энэ нь тухайн үеийн улстөрчдийн шийдвэр байсныг Э.Баатарцогт онцлон тэмдэглэсэн. Мэдээж бэлэн мөнгө эдийн засагт таатай үр дүн авчраагүй. Эдийн засагт шок үүсгэж, инфляцийг 2 хувиар өсгөсөн судалгаанууд бий.

Харин энэ удаагийн ногдол ашиг дээрх шиг үр дүн аврахгүй. Харин ч дотооддын үйлдвэрлэлээ дэмжих таатай орчин бүрдүүлэхэд суурь болно хэмээн тэрбээр тайлбарласан юм.

Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК анх удаа цэвэр ашгаасаа иргэддээ ногдол ашиг өгөх гэж байна. Ногдол ашгийн нийт хөрөнгө 200 тэрбум. Ногдол ашгийг өндөржүүлсэн бэлэн байдлын үед, тодруулбал, гадаад худалдаа зогссон, хил хаасантай холбогдуулан энэ мөнгөн хөрөнгө иргэдийн гар дээр очино. Иргэдийн гар дээр бэлэн мөнгө хэлбэрээр очсон ч эргээд дотоод бэлэн мөнгө шингэх, дотоодын үйлдвэр үйлчилгээ, салбаруудыг дэмжих эерэг үр дүн гарах судалгааг хийсэн байна” гэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй компани болохтой холбогдуулаад иргэд хувьцаагаа арилжих, худалдах, өвлүүлэх эрхийг нээж өгөхийг хүсдэг. Энэ ажил хэзээ хийгдэх талаар Э.Баатарцогт “Нээлттэй компани болохтой холбогдуулан бид нар өөрсдөө суурь бэлтгэл ажил хангагдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, иргэд, хувьцаа эзэмшигчид маань хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголттой болох ёстой.

Өнөөдөр хөрөнгийн зах зээл маань манай нийт эдийн засгийн 4 орчим хувийг эзэлж байгаа. Хөгжингүй орнуудыг бодвол санхүүгийн зах зээлийн бүтэц маш зохисгүй харьцаатай. Банкны нийт актик манай эдийн засгийн 96 хувийг эзэлж байгаа нь хөрөнгийн болон даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд сөрөг нөлөөтэй байна гэсэн судалгаа байдаг.

Тэр утгаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа нээлттэй болсноор хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх маш том суурь нөлөө болно гэж зөвлөдөг. Иргэдийн эзэмшлийн хувьцаа нь 2.2 тэрбум ширхэг. Энэ хувьцаа хөрөнгийн зах зээл дээр нээлттэй болвол 2 их наяд төгрөгийн мөнгөний эргэлт бий болно. Хөрөнгийн зах зээл маань өөрөө нийт зах зээлийн үнэлгээ нь 2.5 тэрбум байдаг. Тэр утгаараа иргэд санхүүгийн зах зээлийн тодорхой ойлголтгүй байвал иргэд хувьцаагаа олноор зарах сонирхолтой байвал хувьцааны үнэ унах эрсдэлтэй. Гэхдээ IPO хийж компани нээлттэй болоход илүү тодорхой мэдээллүүдийг иргэдэд өгөх болно” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү