Ц.Даваасүрэн: Тавантолгойн цахилгаан станц нь 1.1 тэрбум ам.долларын өртгөөр барих боломжтой


2020-04-08 13:34:40

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн цахилгаан станцыг барих хөрөнгийг шийджээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн олон нийтэд мэдээллэв. Тэрбээр Тавантолгойн цахилгаан станцыг бэлэн байгаа ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барихаар боллоо. “Оюутолгой” компанийн зүгээс Тавантолгойн цахилгаан станц нь 1.1 тэрбум ам.долларын өртгөөр барих боломжтой гэсэн саналыг ирүүлсэн. Тиймээс хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа учраас Монгол Улсын Засгийн газар өөрөө 450 мкВат цахилгаан станцыг төр санхүүжүүлж барих шийдвэрийг гаргалаа.

Санхүүжилтийг зээл болон бусад эх үүсвэрээр төрийн өмчит компани барьж, байгуулахаар болсон. Одоо бэлэн байгаа ТЭЗҮ-г түшиглэн, 30 хувь бага үнээр, эрчим хүчний үнэ нь 50 хувь хямд байх бөгөөд 560-600 сая ам.доллар шаардлагатай байгаа юм.

Хөрөнгө оруулалтаа таван жилд нөхнө. Оюутолгой ХХК нь 2015-2019 оны хооронд 569.4 сая долларыг урд хөршөөс эрчим хүч импортлоход зарцуулжээ. Багаар бодоход ийм хэмжээний валют дотооддоо шингэнэ                                                                             

Станц ашиглалтад орохоор Оюутолгой компани хамгийн идэвхтэй хэрэглэгч нь байх юм. Станцын ажлыг маргаашнаас зохион байгуулалтын ажлаа эхлүүлж, одоогийн төслийг нэгж дээр суурилна. Ирэх 2024 онд ашиглалтад оруулахаар бэлтгэж байна” гэсэн юм.

Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан.

-“Оюултолгой”-н ТУЗ-ийг солих ажил юу болсон бэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-ТУЗ-ийн асуудал ажлын хэсэг дээр яригдсан. Судалгааны шатанд явж байгаа гэж бодож байна. Арбитрын тухайд татвартай холбоотой тул Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцаад явж байгаа. 

-Өмнө нь цахилгаан станцыг барихад “MCS консорциум” болж орно гэж байсан. Энэ асуудал хэрхэх вэ?

-Төрийн санхүүжилтээр учраас консорциум орохгүй гэсэн үг. 2018 онд байгуулагдсан гэрээн дээр Тавантолгойн станц байгуулах гэрээний хүрээнд ТТЦС барих концессын эрх авсан компанитай ОТ хамтарч хэрэгжүүлэхээр заасан байсан. Харамсалтай нь харилцан ойлголцолд хүрсэнгүй. Станцын өртөг хэтэрхий өндөр, өрийн дарамт үүсэхээр байсан гэдэг шалтгаанаас болоод хэрэгжүүлэх боломжгүй болсон. 

-Санхүүжилтийн эх үүсвэрийг яаж шийдэх вэ?

-"Эрдэнэс Тавантолгой"-г түшиглэнэ гэж бодож байгаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК ашигтай сайн ажиллавал боломжтой. Жишээ нь, 2018 оны ногдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан. Тэгвэл 2020-2023 оны ногдол ашгаас санхүүжүүлж болно. Бүр хүндрэлтэй нөхцөл байдал үүсвэл бонд гаргаж санхүүжүүлнэ. Санхүүгийн боломжтой бүх механизмыг ашиглана.

-Зээлжих зэрэглэл буурч байгаа энэ үед бонд гаргах хэр ирээдүйтэй вэ?

-Өртөг өндөртэй болж магад. Гэхдээ бол маш ашигтай төсөл. Тиймээс бид өртөг ашгийн тооцоо хийгээд ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх нь ашигтай вэ  гэдгийг сонгоод явна.

-2024 онд станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэж байна. Хөрөнгийг хэзээ босгоод хэзээнээс барьж эхлэх вэ?

-Маргаашнаас эхлээд бид зохион байгууллалтын арга хэмжээгээ авч эхэлнэ. Төслийн нэгж, ТЭЗҮ бэлэн байгаа. Тэгэхээр санхүүгээ босгох ажлаа маргаашнаас эхлүүлнэ. 

-Оюу толгой ямар байр суурьтай байгаа вэ?

-Оюу толгойтой маргааш уулзаж Засгийн газрын шийдвэрийг танилцуулна. 

-Бусад цахилгаан станцуудын ажил ямар явцтай байгаа вэ?

-Эгийн голын тухайд ОХУ Байгаль нууртай холбоотой экологийн асуудал байгаа. Экологийн нөлөөллийн судалгааг хийхээр Францын компани шалгарсан. Хоёр жил судалгаа үргэлжилнэ. Хэрэв экологийн нөлөөлөлгүй гэж үзвэл Эгийн голын ЦС-ыг барих бүрэн боломж бүрдэнэ. 

Гэхдээ Олон улсын усны тухай конвенцоор бид усны нөөцийнхөө 10 хувийг ашиглах боломжтой. Бид зөвхөн урсац дээр станц барихаас гадна усан цэнэгт станц буюу усны 10%-ийг уулын оройд татаж аваад буцаад буулгаад татаад байх 100-200 мВт-ын станцыг Эгийн гол дээр барих ТЭЗҮ-ийг хийж байна. 

Эрдэнэбүрэнгийн хувьд коронавирусийн нөхцөл байдал нөлөөлөөд байна. Газар дээр нь ирж судалгаа хийх ёстой байсан. Мөн Хятадын тал ТЭЗҮ-ийг эцэслэн хүлээж авах ажил явж байгаа. Судалгааны баг гарсан. ТЭЗҮ-ийг Хятадын тал хүлээн зөвшөөрвөл санхүүжилтийн асуудал шийдэгдээд тендер зарлагдана. 

Ер нь коронавирус томоохон бүтээн байгуулалтын ажилд сөрөг нөлөө үзүүлж байна. Манайхан гаднын  ажилчид оруулж ирэхийг эсэргүүцсэн. Тэгэхээр инженер техникийн ажилтнууд орж ирэхгүй болчихоод байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү