Б.Өлзийбаяр: "Эрдэнэс Тавантолгой"-н ногдол ашгаараа хувьцаа худалдаж авах боломжтой


2020-04-08 16:45:34

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг иргэдэд олгоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. 2.5 сая хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг хуваарилахын тулд иргэн бүр данс нээлгэсэн байх шаардлагатай. Хэрхэн, хаана хандаж дансаа нээлгэх талаар “Эрдэнэс Тавантолгой” компаниас 7 хоног бүр мэдээлэл өгдөг билээ.

Энэ удаад санхүүгийн зах зээл болоод ногдол ашиг гэж юу вэ. Ногдол ашгийн үр өгөөжийг хэрхэн хүртэж, санхүүгийн зах зээл дээр хэрхэн “танз” эргэж болох талаар Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “Монголын санхүүгийн зах зээлийн тухайд банкууд хэт давамгайлчихсан. Хөрөнгийн зах зээлийг энгийнээр тайлбарлавал хөрөнгө оруулагчийг нөгөө талд зуучилж өгдөг гүүр нь гэж хэлж болно. Банкч мөн адилхан. Банкны хувьд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг өөр дээрээ хадгалаад компаниудад зээл хэлбэрээр гаргадаг.

Хөрөнгийн зах зээл ижилхэн. Гэхдээ хөрөнгийг  нь хувьцаа руу оруулдаг. Өөрөөр хэлбэл, хувьцааг нь олон нийтэд санал болгоход нь зуучилж өгдөг гэсэн үг. Заавал хувьцаа биш бонд ч байж болно” гэдгийг онцлов.

Ингээд тэрбээр “1072 ширхэг хувьцаа мэдээллийн төв”-ийн ажилтны асуултад хэрхэн хариулсаныг тоймлон хүргэж байна.

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд юу хийх ёстой вэ. Иргэд энэ талын мэдээллийг хаанаас авах вэ?

-Иргэдийн хувьцааны болон хөрөнгийн зах зээлийн талара ойлголттой болгохын тулд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ач холбогдол их. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэд 2 удаа хувьцаатай “танилцаж” байна. Эхнийх нь 1990-ээд оны эхээр бидний нэрлэж заншсан цэнхэр тасалбар. Харамсалтай нь тухайн үед хувьцаа, хөрөнгийн зах зээл битгий хэл хуримтлал үүсгэж чаддаггүй хүмүүст гэнэт хувьцаа өгөөд хувьчлал хийчихсэн. Нөгөөдүүл нь хувьцаанаас хэрхэн үр өгөөж хүртдэг талаар ямар ч ойлголтгүй байсан учраас тэр болгон өгөөжөө өгөөгүй. Товчхондоо хөрөнгө болж үлдэж чадаагүй. Овсгоотой нэг нь бүх хувьцааг өөр дээрээ төвлөрүүлж аваад компанитай болоод үлдчихсэн.

Хоёр дахь нь “Эрдэнэс Тавантолгой”. Энэ компанийн 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй. Компанийн зүгээс иргэдэд 7 хоног бүр мэдээлэл өгч байгаа нь  2.5 сая хүнийг санхүүгийн мэдлэгтэй болгох үйл ажиллагаанд томоохон хөрөнгө оруулалт болж байна. Энэ хувьцааг цэнхэр тасалбар шиг болгочихгүй шиг өөртөө болон үр хүүхэддээ үр өгөөжтэй байлгах уу тал дээр мэдээлэлтэй болох ёстой.

-Хувьцаа гэж юу вэ. Яаж ашиг орлого олох вэ?

-Хувьцаа гэдэг маань эзэн л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшиж байна гэдэг нь таны тэр компанид хувь эзэмшиж байгааг чинь гэрчилж байгаа үнэт цаас. Та 1 ширхэг хувьцаа эзэмшдэг байсан ч тэр компанийн эздийн нэг гэдгийг баталгаажуулсан зүйл гэж ойлгох хэрэгтэй.

Хувьцаанаас 2 төрлийн ашиг олдог. Нэг нь ногдол ашиг. Компани ашигтай ажилласан тохиолдолд ногдол ашиг тараадаг. Сүүлийн 2 жилийн хугацаанд 10 гаруй компани хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргаж, олон нийтэд нээлттэй болгосон. Ихэнх компани нь ногдол ашиг тараахаа зарлачихсан. Тухайн компани ашигтай ажилласан бол хувьцаа эзэмшигчиддээ ашгаа хуваалцаж байна гэсэн үг.

Нөгөө нь хувьцааны ханшин дээр ашиг олж болдог. Жишээ нь би хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаалдаг бол 100 төгрөгөөр авсан бол дараа нь 150 төгрөг болохоор нь зарах байдлаар ашиг олдог. Ийм хоёр төрлийн ашгийг хувьцаанаас олж болдог.

-Коронавирусийн тархалттай холбоотойгоор хөрөнгийн зах зээлд таагүй байдал бий болсон. Өөрөөр хэлбэл, хувьцааны үнэ унаж эхэлсэн. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК ногдол ашиг тараах нь эдийн засагт том үр өгөөж өгнө гэж эдийн засагчид харж байна. Ногдол ашиг тарааснаар ямар эерэг үр дүн гарах уу, ач холбогдол нь юу вэ?

-Тухайн үеийн нөхцөл байдал ямар байгаатай уялдах ёстой. Коронавирус гээд дэлхий нийтээрээ хямралд орж байгаа энэ үед улс орон бүр эрвийх дэрвийхээрээ арга хэмжээ авч байна. АНУ гэхэд иргэн бүртээ мөнгө тарааж байна. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг тараах болсон үйл явц маань цаг үеэ олсон зөв шийдэл болж таарлаа.

Эдийн засгийн агшилтыг даамжруулахгүй байх үүднээс мөнгө “цутгах” хэрэгтэй. Иргэд ажилгүй болж, орлого хумигдаж байгаа энэ үед иргэдийн гар дээрх орлогыг нэмэгдүүлэх ёстой. Ийм үед ногдол ашиг тараах нь маш зөв шийдэл боллоо гэж харж байна.

-2016 оны “Сайн хувьцаа” хөтөлбөрийн 300.000, 2012 онд “Хүний хөгжил сан”-гаас авсан 1.000.000 төгрөгийг иргэд ногдол ашигтай андуураад байдаг. Үүнээс болж одоогийн ногдол ашгийг бага байна гэж шүүмжлэх нь бий. Мөн хувьцааны тоо ширхэгээс хасагдах нь гэж ойлгодог?

-Тэс өөр зүйлүүдийг хольж хутгаад байна. Ногдол ашиг гэдэг нь өөрийнхөө эзэмшиж байгаа хувьцаандаа авч байгаа ашиг. Жишээ нь би 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг. Компани ашигтай ажилласан тул 1 ширхэг хувьцаандаа ашгаа хуваарилж байна. Ингэснээр 1 ширхэг хувьцаа 90 төгрөг буюу 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг бол 96.000 төгрөгийн ногдол ашиг авна. Ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд л өгнө.

2016 онд бол 300 ширхэг хувьцаагаа Засгийн газарт зарсан. Ногдол ашиг тэрэнд ямар ч хамаагүй. Тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” компани ч ашигтай ажилладаг байгаагүй.

“Эрдэнэс Тавантолгой”-н нэгж хувьцааны нэрлэсэн ханш нь 933 төгрөг байдаг. Санхүүгийн талаас нь авч үзвэл энэ ч бага үнэлгээ. Тиймээс хувьцагаа яаран зарж, худалдах хэрэггүй. Учир нь энэ их өгөөжтэй хувьцааг яаран зарснаар цэнхэр тасалбар шиг болох эрсдэлтэй.  

-Хөрөнгийн зах зээл банкнаас ялгаатай. Тэр дундаа Хөрөнгийн зах зээл нь илүү өгөөжтэй шүү гэдгийг иргэдэд ойлгуулах гол зүйл нь юу вэ.

-Аливаа зах зээлийн суурийг зөв тавьж өгөх ёстой. Гэтэл суурь болох санхүүгийн зах зээлийн мэдлэг байх үед хувьцаа тараачихсан. Тэр нь иргэдэд өгөөжөө өгөөгүй учраас иргэдэд итгэл үнэмшил төрөөгүй. Өнөөдөр бид хөгжлийн өөр түвшинд явж байна. Сүүлийн үед олон нийтэд нээлттэй болсон олон компаниуд байна. Хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчин сайжирсан. Хөрөнгө оруулагчдын  эрх ашгийг хамгаалдаг боллоо. Залуу үе хөрөнгийн зах зээлийн боломжийг ашиглах шийдлүүдийг эрэлхийлж байна. Энэ үүднээс нь авч үзвэл хөрөнгийн зах зээл хөгжих гарааныхаа өмнө ирчихэж гэж харж байгаа.

-Хувьцааны ногдол ашгаараа хувьцаа худалдаж авах боломж бий юу?

-Байна. Хувьцааныхаа дансыг брокерийн компаниар дамжуулж нээж байгаа. Энэ бол зөвхөн 1072 ширхэг хувьцааны данс биш. Үнэт цаасны хөрөнгийн төвлөрсөн хадгаламжийн төв дээр нээгдэж байгаа үнэт цаасны арилжаанд орох данс гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөр хувьцаа авч болно. Брокерийн компанитайгаа харьцаад мэргэжлийн байгууллагын мэдээлэл, зөвлөгөөг авч, хөрөнгө оруулалт хийхийг зөвлөмөөр байна. Өөрсөддөө биш гэхэд үр хүүхдэд чинь хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү