М.Амарбаяр: 425.000 иргэнд ногдол ашгийг өнөөдөр ч шилжүүлсэн бэлэн


2020-05-04 14:33:39

“Эрдэнэс Тавантолгой” ХК анх удаа иргэддээ ногдол ашиг тараахаар болсон. Ногдол ашгийг энэ сарын 1-нээс олгохоо мэдэгдсэн ч иргэдийн дансанд мөнгө хараахан ороогүй байгаа.

Энэ талаар тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Ногдол ашиг тараах бэлтгэл ажлыг бүрэн хангагдсан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2.512.000 хувьцаа эзэмшигчтэй. Үүнээс хувьцааны дансаа  нээлгэсэн 1.6 сая иргэн байна. Үүнээс 425.000 иргэн хувьцааны дансаа нээлгэхдээ банкны дансаа холбосон байна. Эдгээр иргэдэд хувьцааны ногдол ашгийг олгоход ямар ч асуудалгүй. Өнөөдөр ч шилжүүлэхэд бэлэн гэсэн үг.

Үлдсэн хүмүүсийн ногдол ашгийг олгохын тулд хэд хэдэн ажлыг хийж байна. Хувьцааны дансаа нээлгэсэн иргэд тухайн брокерийн компанитайгаа холбогдож, банкны дансаа нэмж бүртгүүлэх шаардлагатай. Үүнд ямар нэгэн мөнгө шаардагдахгүй.

Хэрэв хувьцааны дансаа нээлгэсэн эсэхээс үл хамаарч НӨАТ-ын буцаан олголтын дансаар нь дамжуулан мөн ногдол ашгийг олгохоор Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газартай хамтран ажиллаж байна.

1.3 сая иргэн НӨАТ-ын буцаан олголтын данстай. Өөрөөр хэлбэл, Е баримтын апплакейшн ашигладаг гэсэн үг.

Үүнээс гадна хувьцааны данс нээлгээгүй, НӨАТ-ын буцаан олголтод ч бүртгэлгүй иргэд бий. Энэ иргэдийн хувьд ногдол ашиг олгоход хүндрэлтэй. Эдгээр иргэний ихэнх нь хүүхдүүд. Тодруулбал, 500.000 орчим хүүхэд бий. Эдгээр хүүхдэд хүүхдийн мөнгө авдаг дансаар нь дамжуулан ногдол ашгийг олгоно.

Хувьцааны дансаа нээлгээгүй, Е баримт ашигладаггүй иргэдэд ногдол ашгийг олгоход хүндрэлтэй. Иймээс тэд хувьцааны дансаа нээлгэж, банкны данстайгаа холбох шаардлагатай.

Хөрөнгийн зах зээлийг дэмжих хүрээнд заавал хувьцааны данс нээлгэх чиглэлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас баримталж ирсэн. Хувьцааны данс нээлгэхэд 5000 орчим төгрөгийн хураамж авдаг. Энэ мөнгөнөөс нэг ч төгрөг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ирдэггүй.

Энэ хураамж нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон тухайн брокерийн компанийн үйл ажиллагааны зардалд зарцуулагддаг.

Брокерийн компаниуд харилцан адилгүй хураамж авч байгаа асуудал бий. Зарим брокерийн компани 20.000 төгрөг авч данс нээж байгаа тухай мэдээлэл ирсэн. Энэ бол тухайн компанийн асуудал ч гэсэн хүмүүсийн эрэлт хэрэгцээг далимдуулан ашгийн хойноос хэт хөөцөлдөхгүй байхыг брокерийн компаниудаас хүсье. “Эрдэнэс-Тавантолгой”  ХК-ийн хувьд аль болох бага шимтгэлээр хувьцааны нээхийг хүсч шаардаж ирсэн. Тухайлбал, шимтгэлийг 5000 төгрөгнөөс дээш гаргаж болохгүй гэсэн  шаардлага тавьж, үүнийг зөвшөөрсөн 22 компанид “Эрдэнэс-Тавантолгой”  аппликэйшнийг үнэ төлбөргүй ашиглуулахаар гэрээ байгуулан ажиллаж байна” гэлээ.

Ногдол ашиг, хувьцаатай холбоотой мэдээллийг дараах 5 эх сурвалжаас аваарай:

  • www.ett.mn вэб сайт
  • “1072 хувьцаа мэдээллийн төв” фэйсбүүк хуудас, 
  • 1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/ 
  •  ЕТТ аппликейшн 
  • 158989 мессеж дугаар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

Зочин 2020-05-04 15:20:32-д бичсэн холбогдсон IP хаяг: 203.91.115.48
Ogoochee monggui hetsuu bn