БНСВУ-аас импортлох цагаан будааны асуудал шийдвэрлэгдлээ


2020-05-07 18:56:38

Монгол Улсын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа нь 100 хувь импортоос хамааралтай. Манай улс жилд дунджаар 50 000 тонн цагаан будааг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд үүний 50 орчим хувийг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас импортолдог. Гэвч Ковид – 19 цар тахлын нөлөөгөөр улс, орнууд эдийн засгийн онцлогтоо тохируулан зарим хүнсний бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах арга хэмжээг авч эхэлсэн. Тухайлбал БНСВУ-ын Засгийн газраас энэ оны 06 дугаар сарыг дуустал цагаан будааны экспортод хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч Монгол Улсад цагаан будааны хомстол бий болж цаашлаад зах зээлд үнэ өсөх бодит эрсдэл үүсээд байсан юм.

Энэ асуудлаар ХХААХҮ-ийн сайд бөгөөд Монгол, Вьетнамын ЗГХК-ын монголын хэсгийн дарга Ч.Улаан, БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайдтай харилцан Вьетнам Улсаас импортлох цагаан будааны нийлүүлэлтийг тогтвортой байлгах хүсэлтийг уламжилж, импортлогч ААН-үүдтэй хамтран ажилласан юм. Үүний үр дүнд худалдааны Гэрээний дагуу цагаан будааг Монгол Улсад нийлүүлэх асуудал шийдэгдэж, экспортын хязгаарлалтын арга хэмжээнд орохгүй болсон тухай тус улсын Элчин сайд, хадагтай Доан Тхи Хыөнг өнөөдөр мэдэгдэж, Вьетнамын ХААХХ-ийн сайд Нгуен Суан Гыөнг-өөс хаягласан албан захидлыг гардуулав.

ХХААХҮЯ-наас цаашид Ковид – 19 цар тахлын үеэр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхэд шуурхай анхаарч ажиллах болно.

Мөн БНСВУ руу экспортлох дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспортын зөвлөмж боловсруулах, гүн хөлдөөсөн махны олон улсын мал эмнэлгийн Гэрчилгээг цахим хэлбэрээр тохирохоор харилцан тохиролцлоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү