Е-баримт ашиглан худалдан авах машиныхаа "намтар"-ыг хараарай


2020-10-19 14:05:56

Худалдан авах гэж буй тээврийн хэрэгслийнхээ “намтар”-ыг Е-баримт, "Гэрэгэ" киоск ашиглан харах боломжтой боллоо. Эдгээр апп-ыг ашиглан

  • Автомашины үйлдвэрлэсэн он
  • Ямар гэмтэл, засвар хийсэн
  • Хэдэн жил явж буй зэрэг мэдээллийг авч болох юм байна. 

Ингэснээр манай улсад сэлбэг нэрээр оруулж ирэн машинаа угсарч дөнгөж ирж орсон шинэ машин хэмээн худалдах хуурамч нөхцөл байдлыг хааж, автомашин хэрэглэгчдийн эрхийг хамгаалсан үйл ажиллагаа болно гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. 

Тэрбээр "Ибаримт систем 2019 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 146 төрийн үйлчилгээ бий. Хилээр орж байгаа машиныг хэдэн километр зам туулсан, ямар гэмтэлтэй, хил дээр хэдний хэдэн цагт бүртгэгдсэн зэрэг мэдээллийг гар утаснаасаа харах боломжтой. 

Уг асуудалд Сангийн яамны харъяа Гааль татвар, санхүү мэдээллийн төв голлон ажиллаж ШӨХТГ-ын Хэрэглэгчийн мэдээллийн төвд ирсэн гомдлыг үндэслэж, Авто тээврийн үндэсний төвтэй хамтарсаны үр дүнд ийнхүү ажил хэрэг боллоо.

Түүнчлэн импортоор орж ирж байгаа автомашины 4 талын бодит зураг, одометрийн заалт гэсэн чухал мэдээллийг ч иргэд нээлттэй хянах юм. Ингэснээр сэлбэг нэрээр орж ирээд угсрагдах, осолд орсон мөртлөө засварлагдан шинэ гэж зарагдах нөхцлийг хааж, авто машин хэрэглэгчдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэсэн ажил боллоо” гэв.

2019 оны статистикаар Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 934,142 тээврийн хэрэгсэл байна. Үүнээс 2019 оны байдлаар импортоор орж ирсэн нийт тээврийн хэрэгсэл 69472 бөгөөд суудлын автомашин 43.9 хувийг эзэлж байна. Импортоор орж ирж буй суудлын автомашиныг 2018 онтой харьцуулахад 8.4 хувиар, 2017 онтой харьцуулахад 42 хувиар өсчээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү