Д.Ганбат: Монгол Улсын төсөв 10 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байна


2020-10-19 14:40:33

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдав. Хурлын талаар бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр  "Бүлгийн хурлаар 8 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Эдгээр хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.

Гэхдээ Сангийн яам ажлаа хариуцлагагүй хийж байна. АН-ын гишүүдэд төсвийн хуулийн талаар танилцуулга, мэдээлэл хийх ёстой байсан ч хийсэнгүй. Энэ талаар УИХ, Засгийн газар гээд  зохих байгууллагад хандана.

2021 оны төсвийн зарлагын хуулгыг эргэж харах шаардлагатай. 2020 оны төсөвт 13.8 их наяд байсан бол 2021 оны төсөвт бараг 14 их наяд зарлагатай байхаар оруулж ирсэн нь дөрвөн жилийн өмнөхөөс хоёр дахин ихэсгэсэн байна.

Сонгуулийн өмнөх жилүүдэд төсвийн зарлага огцом нэмэгддэг нь гол асуудал дагуулж байна. 2021 оны төсвийн алдагдал 2.1 их наяд, 2022 онд 1.6 их наяд, 2023 онд 1.4 их наяд байхаар төлөвлөсөн нь 2020-2024 онд Монгол Улсын төсөв 10 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байна.

Засгийн газрын өр 7.8 тэрбум ам.доллар хүрсэн нь төсвийн алдагдлыг өр хэлбэрээр үлдээж, нэмэхгүй байхаар алдаагаа засахаас ажлаа эхлүүлэх ёстой гэж үзэж байна.

Халамжийн бодлого  хэтэрхий хавтгайрч хяналтаа алдлаа. Өнөөдрийн байдлаар манай улс 73 төрлийн 1 их наяд 653 сая төгрөгийн халамж олгож байна. Энэ асуудлыг мэргэжлийн байгууллагуудын хүрээнд сайтар судалж, зөв шийдвэрлэхгүй бол халамжийн бодлого ядуурлаас аврах биш ядуурал руу түлхэж байгаа гэж бүлэг дүгнэж байна" гэлээ. 

Мөн тэрбээр "Ирэх оны төсөвт хүүхдийн  100 мянган төгрөгийг зургадугаар сар хүртэл олгохоор тусгасан. Гэтэл яагаад бүтэн жилээр олгохоор тусгасангүй вэ. Эрх баригч нам Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа хүүхдийн мөнгийг бүр багасгах шинжтэй байна" хэмээв. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү