Банкууд харилцагчдаа зээл, хүүгийн төлбөрийг хойшлуулахаас гадна хүүний хөнгөлөлт үзүүлэх боломжтой


2020-11-23 15:40:16

Мөнгөний бодлогын хорооны дарга Б.Баярдаваа "Цар тахалтай холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгж төлбөр түргэн гүйцэтгэх ажилд хүндрэл учирч байна. Энэ үүсч байгаа хүндрэлийг зөөлрүүлэх арга хэмжээг төвбанкнаас авч байна. Үүний хүрээнд банкны системээс гаргасан зээлүүдийн хугацааг нь хойшлуулах арга хэмжээ авч байна. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн дарамтыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж байгаа" гэлээ.

Төвбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монгол Улсад 2020.01.27-ны өдрөөс хөл хорио тогтоож эхэлснээс хойш Монголбанк бүхий л гаргаж байгаа арга хэмжээнүүдээ аль болох хүндрэл бэрхшээлийг зөөллөх зохицуулалтын журмыг суллаж өгч, иргэд олон нийт,  аж ахуйн нэгжид ирж байгаа дарамтыг илүү зөөлхөн байх үүднээс арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн.

2020..03 сард болсон санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар Монголбанкнаас хэрэгжүүлдэг активын ангилал, зээлд эрсдлийн сан байгуулах журмын зохицуулалтыг илүү суллаж өгсөн. Ингэснээр иргэдийн хэрэглээний зээл, аж ахуйн нэгжийн бизнесийн зээлийн хугацааг сунгах боломжийг хангасан. Энэ хүрээнд үндсэн зээл, өрийг гэрээний дагуу хугацаандаа төлөхөөс илүү өдөр тутмынх нь үйл ажиллагаа, орлогод нь гарсан хүндрэлтэй нь уялдуулж хойшлуулж болно гэсэн зохицуулалтын арга хэмжээ авсан.

Он гарснаас хойш нийт 125.000 зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээл цар тахалд өртсөн гэсэн хүсэлтийг банкинд тавьсан байсан. Энэ нь нийт зээлийн 33 хувийг эзэлж байна. Тухайн үед банк материалыг хүлээж аваад 3.7 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийсэн. Тэрний 2.2 их наяд төгрөг нь бизнесийн зээл, 1.5 их наяд төгрөг нь хэрэглээний зээл байсан. Энэ зохицуулалт үргэлжилж байгаа. Энэ зохицуулалтыг батлахдаа энэ оныг дуустал гэж гаргасан. Засгийн газрын хуралдаанаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хуралдаанд оролцож, авсан арга хэмжээгээ цааш үргэлжлүүлэхээр ярилцсан. Ирэх оны 07.01 хүртэл үргэлжилнэ.

Зээлийн үндсэн үнэ, хүүг хойшлуулж байгаа энэ арга хэмжээ хэвээрээ үргэлжилж байгаа. Хөл хорио тогтоосонтой холбоотой бизнест нь хүндрэл учирсан, өдөр тутам олдог орлого нь тасарсан аж ахуйн нэгж банктайгаа цахимаар холбогдож, зээл төлбөрөө хойшлуулах боломжтой" гэлээ.

Цаашдаа банкууд харилцагчдаа зээл, хүүгийн төлбөрийг хойшлуулахын зэрэгцээ хүүний хөнгөлөлт хийх боломжийг банкуудад гаргаж өгч байгаа гэдгийг тодотгов. Заавал байлгах нөөцийг сулруулсан тул хүүг бууруулах боломжтой гэнэ. Гэхдээ тэр нь банкнуудын үзэмжийн асуудал гэдгийг ч тодотгосон.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү