Гурван хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн зээлийг махны нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжүүдэд олгоно


2021-09-08 14:54:28

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хүрээнд аймаг, нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 20.0 мянган тонн хүртэл махны нөөц бүрдүүлэхэд зориулан 100.0 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй олгохоор, Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлнэ. Энэ дагуу Сангийн яам Монголбанктай хүүгийн санхүүжилтийн гэрээ, арилжааны таван банктай санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулжээ. Махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд 17 аж ахуйн нэгж шалгарч, харилцагч арилжааны банкууд зээлийн нөхцөлийг судалж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ургацын урьдчилсан блансыг танилцууллаа. Ургацын урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ.  Энэ балансаас харахад, улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой.

Өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажилд 7.3 мянган оюутан, сонсогчид, цэргийн алба хаагчдыг авч ажиллуулах хүсэлт, захиалга аж ахуйн нэгжүүдээс ирүүлжээ. Энэ хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Батлан хамгаалахын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байна.

Мөн Монголын Залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран “Алтан намар” дэд төслийг хэрэгжүүлж, ургац хураалтад оюутан, залуусыг бүртгэх, аж ахуйн нэгжүүдэд зуучлах ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Энэ талаар З.Мэндсайхан "2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах чиглээр УОК-ын дарга болон ХХААХҮ-ийн сайдын хамтарсан тушаал гарсан. Энэ хүрээнд хадлан тэжээл бэлтгэхэд зориулж өмнөх жилүүдийнхээс чамгүй олон техник гаргалаа. Беларусь улстай Засгийн газар хооронд хийсэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 4.3 сая еврогийн 538 нэр төрлийн хадлан болон хүнсний ногоо хураах зориулалттай тоног төхөөрөмжийг ААН, иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн.

 
Түүнчлэн хур ихтэй байснаас газрын хөрс чийгтэй байгаа нь өвөлжилт хүндэрч болзошгүйг харуулж байгаа. Цочир хүйтрэхэд чийгтэй хөрс хөлдөж, зудын эрсдэл бий болох нөхцөл ажиглагдаж байна.

Тиймээс нийт малчдадаа малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдлээс сэргийлэн малын индексжүүлсэн даатгалд хамрагдахыг уриалж байна.

Мөн энэ жил төв суурин газрын иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулж 20 орчим мянган тонн бэлтгэхээр төлөвлөж байгаа. Үүнд шаардлагатай 100 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно. Энэ зээл нь гурван хувийн хүүтэй. 7.65 хувь буюу арилжааны банкны зөрүүг Засгийн газар төсөвт суулган шийдвэрлэнэ. Дотоодын мах бэлтгэлд 17 ААН хамрагдахаар арилжааны банканд судалгаа хийгдээд явж байна" хэмээн хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү