Зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд зөвшөөрлийг хугацаагүй олгож, төлбөрийн чадвараас хэтэрсэн зээл олгоно


2022-06-16 08:39:03

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар хийв.

Тэрбээр, Засгийн газраас 2021.01.08-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг гишүүн Д.Цогтаатараар ахлуулан, гишүүн Г.Амартүвшин, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 17 дугаар тогтоолоор байгуулан ажиллуулсан юм.

Ажлын хэсэг дэд ажлын хэсгийн мэргэжил, арга зүйн туслалцааг авч ажиллалаа. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэснээс хойш ажлын хэсгээс хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулах, энэ төрлийн бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан санал бодол солилцох, хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт нэг бүр Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай нийцсэн эсэхийг болон төсөл доторх зүйл хоорондын нийцэлийг нэгбүрчлэн авч хэлэлцэх замаар нийт 7 удаа хуралдсан болно.

Үүний үр дүнд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэлээ. Ажлын хэсгийн зүгээс дараах асуудлуудыг өөрчлөх саналтай байна. Үүнд:

1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийг 5 жилийн хугацаатай олгож, шаардлага ханган ажиллаж байвал цаашид сунгуулах боломжтой гэсэн төслийн зохицуулалтыг өөрчилж, гэрчилгээг хугацаагүй олгох;

2.Мөнгөн зээлийн зуучлагчтай холбоотой зохицуулалтыг төслөөс бүхэлд нь  хасах;

3.Барьцаалан зээлдүүлэх газрын “байршилд тавигдах шаардлага, стандартыг холбогдох байгууллага батлах болон аймаг, нийслэлд 2 салбартай, эсхүл 2 ба түүнээс дээш аймагт салбартай бол” гэсэн байршилтай холбоотой зохицуулалтыг хасах;

4.Төлбөрийн чадвараас хэтэрсэн зээл олгох зохицуулалтыг хасах;

5.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийг барьцаанд тавихаар ирснийг Цагдаагийн байгууллагын цахим сантай холбогдсон мэдээллийн сангаасаа мэдэх боломжтой байхаар өөрчлөх;

6.Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн төрлийн бизнес эрхлэгчдийн төлөөллийг нэмж оруулах. Мөн тухайн зөвлөлийн гаргасан шийдвэрийг олон нийтэд ил тод, шуурхай мэдээлдэг байх зохицуулалтыг нэмж тусгах;

7.Энэ төрлийн бизнес эрхлэгчдэд аль болох хүндрэл, дарамт учруулахгүй байх үүднээс төслийн зарим зүйл, заалтыг төслөөс хасах болон өөрчлөлт хийх;

8.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх мөнгөн хөрөнгийн хэмжээнээс хамаарч хаана бүртгүүлэх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тавих хяналтыг илүү тодорхой болгон өөрчлөх;

9.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаандаа хэрэглэх зээлийн хүүгийн дээд хэмжээг ердийн зээлд адилтгахаар Иргэний хуулийн холбогдох заалтыг хөндсөн зохицуулалтыг хасах нь зүйтэй гэж үзлээ.

10.Хуулийн төслийг өргөн мэдүүлснээс хойш УИХ-аас өмнө батлагдсан хуулиудтай төслийн холбогдох зохицуулалтыг нийцүүлэх;

11.Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэх хангуулах үүднээс хуулийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэх болно.

Ингээд зарчмын зөрүүтэй 28 саналын томьёолол, найруулгын шинжтэй 3 санал тус бүрд нь санал хураалт явуулж, олонхын саналаар дэмжигдлээ. Мөн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Энэ талаарх санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч Д.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү