ҮСХ: Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.6 сая төгрөг болжээ


2022-06-17 11:57:45

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 1 дүгээр улирлын тайланд хамрагдсан 717.7 мянган ажиллагчдын сарын медиан цалин 1066.7 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Медиан цалин өмнөх оны мөн үеэс 120.9 (12.8%) мянган төгрөгөөр өссөн бол өмнөх улирлаас 1.4 (0.1%) мянган төгрөгөөр буурчээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар 1450.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.2 (10.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 11.9 (0.8%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар

  • Эрэгтэйчүүдийнх 1.6 сая,
  • Эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд

  • Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.5 сая төгрөг,
  • Урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 919.1 мянган төгрөг байна.

ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2022 оны 1 дүгээр улиралд 2015 оноос 67.0 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 13.4 хувиар нэмэгджээ. 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн дотор

  • 700.0 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 25.2 хувь,
  • 3.0 саяас дээш төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн бага буюу 7.1 хувь байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзэхэд

  • Баруун бүсэд 982.9 мянган төгрөг,
  • Зүүн бүсэд 1.1 сая төгрөг,
  • Төвийн бүсэд 1.3 сая төгрөг,
  • Хангайн бүсэд 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 82.1-467.2 (5.7%-32.2%) мянган төгрөгөөр бага байна.

Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар 1.6 сая төгрөг болж, улсын дунджаас 110.5 (7.6%) мянган төгрөгөөр их байна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү