Самрын сүлжээнд “самруулж” буй Монголын эдийн засаг-1


2022-12-01 09:15:22

Хушны самрын хууль бус сүлжээ Монголд арав гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Энэ талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулахад, гарал үүсэл нь тодорхойгүй маш их мөнгөтэй гуравхан хятад хүн Монголын төрийн өндөр албан тушаалтнууд, удирдах албан тушаалтнууд, төрийн алба хаагчид, ченжүүд, зуучлагчид гээд бүхэл бүтэн сүлжээ үүсгэж чадсан байна.

Дашрамд хэлэхэд, энэ сүлжээг удирддаг хятад иргэд мөнгөө ямар нэг байгууллага, аж ахуйн нэгжийн дансаар бус хувь хүний дансаар, эсвэл бэлнээр оруулж ирдэг бололтой. Тэгээд нууцаар тараачихдаг гэж байгаа юм.

Мөнгө авсан иргэд уул руугаа, албан тушаалтнууд хууль руугаа халддаг. Харийнхнаар удирдуулж, мөнгөөр нь угжуулаад улсынхаа эдийн засаг, экологийг сүйрүүлж чаддаг монголчууддаа харамсмаар шүү.

Хамгийн гол нь самрын сүлжээнийхэн өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу самар бэлтгэх буюу түүх, боргоцойноос салгах,  боловсруулах буюу самрын идээг яснаас нь салгах, гаргасан идээгээ уутлах, тэгээд экспортлох гэсэн дамжлагуудаасаа өгөх ёстой татвар, хураамжуудыг төлдөггүй. Чухамдаа энд л гуравхан хятад иргэний удирддаг хушны самрын хууль бус сүлжээний хулгайлсан монголчуудын “алдагдсан боломж” оршиж буй аж.

Дээрээс нь хушны самрын экспортыг эдийг засгийн алдагдалгүй явуулах үүрэгтэй Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, МҮХАҮТ, МХЕГ  ч тоодоггүй. Үүргээ таг мартсан. Энэ сэдэв хөндөгдөхөөр “...Тэмээ гэхэд ямаа” гэдэгчлэн бүх асуудлыг ууланд самар түүдэг иргэд рүү чихээд орхиодог. Гэтэл гол эзэд нь хэн бэ гэдгийг тэд бараг мэдэж буй. Тэгж хардах үндэслэл хангалттай байгаа юм.

Шуудхан хэлэхэд дээрх байгууллагуудын нэр бүхий нэлээд тооны алба хаагчдыг татвар, тарифаа хуулийн дагуу хурааж, мэргэжлийн хяналт тавихаа “мартахад” самрын сүлжээнийхний тараадаг их мөнгө нөлөөлдөг. Бас тэр сүлжээнд хүчин зүтгэж буй ТББ, компаниудын нэр барьсан зуучлагч, ченжүүд хийгээд төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн удирдах алба хаагчид ч үүрэг чиглэл өгдөг гэдэг.

Хамгийн эмгэнэлтэй нь самрын сүлжээнийхэн Монгол Улсыг татвар ч үгүй, орлого ч үгүй үлдээж, эдийн засгийг маань “самарсаар” байгаа юм.

Үүнийг нотлох нэг том “тоо” байна. Монгол Улс дэлхийн хушны самрын 30 хувийг бүрдүүлдэг. Гэвч олон улс дахь албан ёсны “тайлан”-гаар нэг хувьд ч хүрдэггүй байна. Яагаад?!

Гэтэл 2021 онд дэлхийн хушны самар үйлдвэрлэл буюу самрын идээ бэлтгэж нийлүүлсэн нийт хэмжээ 42081 тн байсан. Үүний 13228 тн-ыг Орос, 11574 тн-ыг Хятад, 9645 тн-ыг Ардчилсан Солонгос, 3197 тн-ыг Пакистан, 441 тн-ыг Испани болон Португал, 413 тн-ыг Турк, 386 тн-ыг Итали, үлдсэн 110 тн-ыг манайх зэрэг хэд хэдэн улс нийлүүлсэн гэсэн тайлан мэдээ байна.

Гэтэл манай улсаас 2021 онд 14397 тн хушны самар /идээ байгаа юм. Энэ самрынхаа 98.80 хувь буюу 14224.2 тн-ыг Хятад руу гаргажээ. Мөн 0.69 хувийг Турк руу, 0.35 хувийг Герман руу, 0.14 хувийг Өмнөд Солонгос руу, 0.02 хувийг Япон руу экспортолсон байна.

Өөрөөр хэлбэл, Монголоос экспортолсон самар дэлхийн зах зээл дээр “Хятадад үйлдвэрлэв” шошготойгоор худалдаалагддаг гэсэн үг.

Хамгийн ноцтой нь 2021 онд дэлхийн зах зээл дээрх хушны самрын нэг кг идээ дунджаар 27 ам.долларын үнэтэй байхад манайхаас Хятад улс руу дунджаар 6.5 орчим ам.доллараар экспортолсон байгаа юм. Дэлхийн зах зээл дээрх хушны самрын үнэ Хятадын хөдөө аж ахуйн биржийн албан ёсны BOHAI.COM-д зарлагддаг. Үнийн мэдээллийг тэндээс авч болно.

Харин манай экспортын мэдээлэл нь Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, МҮХАҮТ, МХЕГ зэрэг хушны самрыг хуулийн дагуу түүлгэж, экспортлуулах үүрэг бүхий гол байгууллагуудад байдаг. Тэднээс авсан мэдээллээр манайх 2021 онд Хятадаас бусад улс руу экспортлохдоо дунджаар 17 ам.доллараар гаргажээ. Бод доо, дэлхийн зах зээл дээр 27 ам.долларын үнэтэй байгаа самрын идээг Хятад руу 6.5 ам.доллараар, харин бусад руу нь 17 ам.доллараар гаргасан байна.

Түүнчлэн самрын идээ экспортолсон аж ахуйн нэгжүүдийн Хятад руу экспортолсон гэрээний үнэ ч харилцан адилгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм. “Арвин ачит” гэдэг компани 2021 оны нэгдүгээр сараас зургадугаар сарын дунд хүртэл 26 удаагийн ачилтаар 1686.3 тн самрын идээг Хятад руу экспортолжээ. Тэгэхдээ кг бүрийг нь 4.7-7.7 ам.доллараар гаргасан байна. “Арвин боргоцой” компани  2-6 дугаар сарын хооронд дөрвөн удаагийн ачилтаар 295 тн самрын үрийг 5-6.5 ам.доллараар экспортолжээ. Мөн АСНЕФ компани 2-5 дугаар сарын хооронд зургаан удаагийн ачилтаар 275.3 тн-ыг 6-8 ам.доллараар, “Буман боргоцой” компани 2-7 дугаар сарын хооронд 27 удаагийн ачилтаар 1247.5 тн самрын идээг 3-3.7 ам.доллараар, “Бэржинхангай” компани 2-5 дугаар сарын хооронд есөн удаагийн ачилтаар 484.8 тн-ыг зургаан ам.доллараар, “Идэр чандмань” компани 1-6 дугаар сарын хооронд 15 удаагийн ачилтаар 974 тн-ыг 1.5-1.-6 ам.доллараар, “Пиножой интернэшнл” компани 2-6 дугаар сарын хооронд 15 удаагийн ачилтаар 641.7 тн-ыг 2.5-8 ам.доллараар, “Тайхарын цуурай” компани 2-6  дугаар сарын хооронд 14 удаагийн ачилтаар 1043.6 тн-ыг 0.9-55 ам.доллараар, “Цэцманхан” компани 2-5 дугаар сарын хооронд есөн удаагийн ачилтаар 680.6 тн-ыг 5.8-7.9 ам.доллараар, “Эн Эйч трейд” компани 3-6 дугаар сарын хооронд есөн удаагийн ачилтаар 484 тн-ыг 4.6-5.4 ам.доллараар, “Мофко групп” компани 2-5 дугаар сард хоёр удаагийн ачилтаар 85 тн-ыг 5.5-6.7 ам.доллараар гаргасан байна. 

Эндээс самар экспортлогч компаниуд самрын сүлжээтэй холбоотой юу гэсэн асуулт гарч ирж байна. Нэг кг самрын идээг боловсруулж, экспортод гаргах хүртэлх өртөг хэд болох вэ. Тэрийгээ хэдэн ам.доллараар худалдвал ашиг олох вэ. Ийм асуултууд босч ирнэ. Яг энэ “тоо”-гоор бол эдгээр компани гаргасан зардлынхаа дөрөв хуваасны нэгийг ч олж авч чадаагүй гэсэн үг. Тэгэхээр дээрх компаниудыг самрын сүлжээтэй холбоотой эсэхийг маш нарийн нягтлах учиртай.  Мөн эдгээр компаниуд татвар, хураамж, даатгал, шимтгэл төлдөг эсэх зэрэг Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг уу, үгүй юу гэдгийг маш сайн шалгах шаардлагатай гэсэн үг.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү