Б.Жавхлан: Нийт хүүхдийн 87 хувийн мөнгө асуудалгүй орно. Үлдсэн 43.820 хүүхдийн мэдээллийг нягталж байна


2023-01-19 13:47:20

Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар холбогдох албаныхан өнөөдөр /2023.01.19/ мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Ажлын хэсэг энэ дөрвөн хоногийн хугацаанд өрхийн мэдээллийн санд байгаа мэдээлэл дээр давхардал, зөрүүг арилгахаар ажиллаж байна. Яг одоогийн байдлаар 1.095.352 хүүхдийн мөнгийг дансанд хийгээд байна. Нийт хүүхдийн 87 хувьд нь өнөөдөр ямар ч саадгүй орно. Үлдэж буй 43.820 хүүхдийн мэдээлэл давхардсан тул нягталж байна.  Аль болох иргэддээ хүндрэл учруулахгүйн тулд энэ мэдээллийг засч залруулахаар ажиллаж байна. Улсын бүртгэлийн газар бүртгэлээ лавлах сайт ажиллуулж байна. Онлайнаар мэдээллээ засч янзлах боломжийг олгож байгаа" гэлээ.

Хөдөлмөр, нийгмийн Хамгааллын дэд сайд С.Зулпхар "2023.01.18-ны өдөр E-Mongolia системд давхардсан тоогоор 52.319 иргэн мэдээлэл зөрүүтэй гэсэн шалтгаанаар хандсан. Аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн байгууллагаар 19.906 иргэн мэдээллээ өөрийн биеэр шалгасан бол 19.263 иргэн утсаар тодруулсан байна. Нийт 39.169 иргэн хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан эсэх талаар тодруулж, өрхийн мэдээллээ залруулах хүсэлт гаргажээ.

Хамтарсан баг иргэдийн мэдээллийг засаж, залруулах ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Өчигдөр бид 11.488 иргэний мэдээллийг залруулсан ба үүнээс тодорхой иргэдийн мэдээлэл дахин тооцоологдож, хүүхдийн мөнгөн тэтгэмждээ хамрагдахаар болсон. Цаашид иргэдийг шуурхай мэдээллээр хангах, үйл ажиллагааг хялбаршуулах тал дээр шуурхай удирдлагууд ажиллаж байна" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү