1000 тэмээний уралдаан Гиннесийн номд бичигдэнэ


2016-02-18 11:33:58

“Түмэн Тэмээ – Тэмээн Аяллын Холбоо”-ны санаачилгаар жил бүр уламжлал болгон зохиогддог “Тэмээний баяр” арга хэмжээ ирэх гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн хувьд “Тэмээний баяр”-ыг “Монгол Тэмээ-999” өвлийн наадам болгон өргөтгөж хоёр бөхт тэмээний уралдааныг Дэлхийн дээд амжилт гиннесийн номонд бүртгүүлэх мянган тэмээ уралдуулахаар болсон байна. Ийнхүү 19 дахь жилдээ болох гэж буй “Монгол тэмээ-999” өвлийн наадмыг  Монголын Залуучуудын Холбоо хоёрдахь жилдээ хамтран зохион байгуулахаар болжээ.

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв нь Говийн хаан хэмээн нэрлэгддэг тэмээний ач тус болоод нүүдэлчин Монголчуудын соёл уламжлалыг залуучууддаа таниулах зорилгоор “Монгол тэмээ-999” наадмын сонирхолтой аяллыг залуустаа бэлджээ. Энэхүү аялал нь Улаанбаатар - Мандалговь - Даланзадгад гэсэн  маршрутаар нийт 1000 орчим км аялах бөгөөд замдаа аймаг бүрийн  түүхийн дурсгалт газруудыг үзэж сонирхох юм байна.

Аяллын хөтөлбөрт Торомны уралдаан, Тэмээний музей үзэх, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах, орон нутгийн иргэдийн гар урлалын зүйл, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа үзэж  сонирхох гэхчилэн  маш  олон сонирхолтой арга хэмжээнүүд багтсан байгаа гэнэ. 

Дашрамд дуулгахад, уг наадмыг зохион байгуулагчид нь хэвлэл мэдээллийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор маргааш буюу 2016. 02. 19-ний 11 цагаас МЗХ-ны 209 тоотод хэвлэлийн бага хурал зарлажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү