Байт харвааны оюутны ДАШТ Монголд анх удаа болно


2016-05-17 12:41:26

Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) Гүйцэтгэх хорооны Бельги улсын Брюссель хотноо 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр явагдсан хурлаар буюу 5 жилийн өмнө Дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 11  дах удаагийн  тэмцээнийг Монгол улсын Улаанбаатар хотноо зохион байгуулах  эрхийг олгосон. Энэ эрхийн төлөө Бельги, Польш улсууд өрсөлдөж байсан юм. Тус тэмцээний эрхийг авахад Эрүүл мэндийн болон Сангийн яамнаас санхүүгийн баталгаа гарган дэмжлэг үзүүлсэн билээ.

Тэмцээний хугацаа, болох газар ба оролцох орнууд

Энэхүү тэмцээн нь 2016 оны 6 дугаар сарын 1-5-нд Улаанбаатар хотноо Төв цэнгэлдэх хүрээлэн болон шигшээ харваа Чингисийн талбайд явагдахаар төлөвлөгдөж байна. Тэмцээнд Австрали, АНУ, Аргентин, Бельги, Герман, Итали, Их Британи, Малайз, Монгол, Мексик, Коста-Рика, ОХУ, Өмнөд Солонгос, Польш, Сингапур, Словак, Финланд, Франц, Хятадын Тайвань, Чех, Швед, Швейцарь, Энэтхэг, Япон зэрэг 24 орны их, дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг 17-28 насны 250 орчим төлөөлөгчид, оюутан тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн.

Тэмцээнийг олон улсын байгууллагын хүмүүс ирж удирдана

Тэмцээнийг ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, Хятадын Тайваны иргэн Чен Тай Чен ирж удирдахаар олон улсын байгууллагаас томилогдсон юм. Мөн ОУОСХ-ны байт харвааны техникийн комиссыг Испаний иргэн, Олимпийн аварга Хуан Карлос, мандатыг комиссыг БНХАУ-ын иргэн Донг Шианхуа, эмнэлгийн комиссыг БНСУ-ын иргэн Вэнг Линг Эй нар ирж удирдана. ОУОСХ-ны нарийн бичгийн дарга нарын газраас 1 ажилтан, 2 хэвлэлийн төлөөлөгч Улаанбаатар хоноо ирнэ.

Тэмцээнийг Олон улсын байт харвааны холбооны олон улсын 4 шүүгч (Испани, Бразил, Энэтхэг, Сингапур ) ирж талбай дээрх техникийн үйл ажиллагааг удирдах ба Итали улсын 2 техникийн ажилтан тэмцээний оноолт, дүнгийн системийг ажиллуулахаар болжээ. Дотоодын 25-30 шүүгч тэмцээн дээр туслан гүйцэтгэгчээр ажиллана. Мөн олон улсын 10 гаруй сэтгүүлч нар тэмцээний үеэд ирж энэ тэмцээнийг олон улсад сурталчилна.

Монголчууд бид эртнээс сур харваагаар хичээллэн, өрсөлдөж, энэ спорт нь эрийн гурван наадмын нэг төрөл болон хөгжиж ирсэн эртний түүхийн уламжлалтай билээ. Үндэсний сурын спорт дээр тулгуурлан манай оронд байт харвааны спорт хөгжөөд 60 орчим жил болж байна. Монгол улсаас олимпийн спортын энэ төрлөөс 1971 онд анх удаагаа эмэгтэй харваач Д.Дэмбэрэл Английн Лондон хотноо 30 метрийн харваанд “дэлхийн аварга”гэсэн цолыг энэ спортын төрлөөс хүртсэн түүхтэй. Түүнчлэн 2008 оны Бээжингийн Пара олимпийн их наадамд Д.Баатаржав анхны аварга тамирчин болсон. Ийнхүү манай оронд байт харвааны анхны дэлхийн аваргын тодотголтой тэмцээн 2016 онд болох гэж байна.

Байт харвааны оюутны дэлхийн аваргын тэмцээний түүх

Дэлхийн Оюутны аварга шалгаруулах Байт харвааны тэмцээн анх 1996 онд Франц улсад зохиогдож ОУОСХолбооны төлөвлөгөөний дагуу 2 жил тутамд өнөөдрийг хүртэл нийт 10 удаа зохиогдож ирсэн 20 жилийн түүүхтэй тэмцээн юм. Энэ тэмцээн зохиогдож байсан хугацаа, орон, хот, оролцсон орон, хүмүүсийн тоог доорх хүснэгтээс харна уу. 

 

Тэмцээний нээлт, хаалтын ёслолын ажиллагаа

Энэ удаагийн оюуны ДАШТ-ний үйл ажиллагаа, нээлт нь 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 16:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Нээлтийн үеэр Эрхийн мэргэн харваачийн үлгэрчилсэн домогт тулгуурласан Монгол улсын соёлын өв, уламжлалыг харуулсан үзүүлбэрүүд, үндэсний сур харваа, дуу болон хөгжимийн тоглолтууд болно.

Харин тэмцэний гол онцлог бол шигшээ харваа, шагнал гардуулах хаалтын  арга хэмжээг Улаанбаатар хотын төв Чингисийн талбайд Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж олон үзэгчдийг хамруулах болно.

Г.Уянга

Buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

өбббы 2016-06-04 21:58:34-д бичсэн холбогдсон IP хаяг: 59.153.112.22
энэ 6сарын 5нд хаана хэдээс эхлэхийн мэдэж байвал хэлээд өгөөч