Их аварга М.Даваажаргал цагийг эзэлсэн хосгүй аварга гэдгээ нотоллоо


2016-05-23 16:07:14

Мэргэжлийн сүмо бөхийн 2016 оны тавдугаар сарын Нацү башёд Их аварга Хакүхо Мөнхбатын Даваажаргал нэг ч уналгүй, 15 даваатай тэргүүлж, Японы Эзэн хааны цомыг 37 дахь удаагаа хүртсэн хосгүй амжилтын эзэн болов.

Өчигдрийн барилдаанд ёкозүно Харумафүжиг давж, түрүүлэх болзлыг нэг өдрийн өмнө хангаад байсан Их аварга өнөөдөр ёкозүна Какурюүг давснаар сүмо бөхийн болон өөрийн хувийн рекордыг дахин шинэчлэн тогтоолоо.

Тэрбээр энэ башёгийн хоёр дахь өдөр 880 дахь даваагаа авч, дээд зиндаанд хамгийн олон давсан бөхийн амжилтыг эзэмших болсон. Манай бусад хоёр аваргын хувьд энэ башёд Харүмафүжи 10, Ананд 11 давлаа. Японы мэргэжлийн сумо бөхийн дээд буюу Макүүчи зиндаанд хамгийн олон түрүүлсэн түүхэн амжилтыг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр 893 түрүү хүртэж хол тасархай тэргүүлж байна. Түүний араас Кайо 879, Чиёнофүжи 807, Китаноүми 804, Тайхо 746 түрүүлсэн амжилтаар тус тус удаалж байгаа юм.

2015 оны нэгдүгээр сард Хакүхо М,Даваажаргал аварга дээд зиндаанд 33 дахь удаагаа түрүүлж, 1700 жилийн түүхэнд эвдэгдээгүй амжилтыг эзэмших болсон бөгөөд өнөөдөр түрүүгээ 37 болгож бүх цаг үеийн хосгүй амжилтын эзэн болоод байна. Мөн нэг ч уналгүй 15 давж түрүүлсэн башёгийн тоогоор бүх цаг үеийн сумочдын нэгдүгээрт орж байгаа төдийгүй дараалсан түрүүнийхээ тоогоор 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн хамт нийт сумочдын тэргүүнд бичигдэж байна.

Түүний дээд амжилтуудыг сонирхуулахад, Дээд зиндаанд хамгийн олон түрүүлсэн /37/, ялагдалгүйгээр хамгийн олон башёд түрүүлсэн /12 башё/, хамгийн олон башёд дараалж түрүүлсэн.  /Асашёорюү аваргын хамт 7 удаа/, Макүүчи буюу дээд зиндаанд ялсан барилдаан /893/, хамгийн олон башё дараалан 10 буюу түүнээс дээш ялалт авсан башё /52/, нэмэлт барилдаанд барилдсан тоо /Таканохана аваргын хамт нэгд бичигддэг/ 10 удаа, 8-0 эхлүүлсэн /уналгүйгээр качикоши хийсэн/ башёгийн тоо 40, дээд зиндаанд хүртсэн дэд түрүү нь 21 байгаа юм. Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргалын хувьд сумо бөхөд хөл тавьсан анхны башё нь 2001 оны 03 сарын барилдаан юм. Харин Макүүчи буюу дээд зиндаанд барилдсан анхны башё бол 2004 оны 05 сар бөгөөд Макүүчид анх удаагаа түрүүлсэн башё нь 2006 оны 05 сар буюу Нацү башё юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү