Тамирчин бүрт бэлэгтэй “Эрүүл тамирчин” хөтөлбөр


2019-03-14 22:16:34

Тусгай олимпын наадамд спортын төрлүүдээр өрсөлдөж, медаль хүртэх нь хамгийн чухал зүйл биш аж. Энэ бол дэлхийн хамгийн том спортын хүмүүнлэгийн хөдөлгөөн учраас тэмцээн уралдаанаас гадуур олон арга хэмжээ зохион байгуулагддаг юм байна. Үүний нэг нь “Эрүүл тамирчин” хөтөлбөр. Тусгай олимпын наадмыг зорин ирсэн нийт тамирчид эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой.

Нүд, булчингийн хөгжил, чих гэхчлэн долоон өртөө дамжин үзлэгт хамрагдах бөгөөд өртөө бүрт үзлэгийн дараа бэлэг бэлджээ. Тухайлбал, нүдний үзлэгт хамрагдсан тамирчдад нарны шил болон харааны шилнээс сонгуулж бэлэглэнэ. Тулгуур эрхтний үзлэгт хамрагдсан тамирчинд дэлхийн алдартай брэндийн пүүз бэлэглэх зэргээр урамшуулдаг тул тамирчид үзлэгт хамрагдах гэж дараалал үүсгэн дугаарлана.

Манай багийнхан олимп болох Абу Даби хотод ирсэн цагаасаа эхлэн ээлжээр “Эрүүл тамирчин” хөтөлбөртөө хамрагдсаар байгаа бөгөөд, хөл бөмбөгийн баг үзлэгтээ хамрагдсан байгаа. Энэ талаар багийн эмч М.Шамсия “Эрүүл тамирчин хөтөлбөр нь тамирчдад урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг. Мөн өртөө бүрт бэлэг өгдөг. Манай хөл бөмбөгийн багийн тамирчин хараа муутай, маш зузаан линз зүүдэг. Гэхдээ түүнийгээ талбай дээр тоглох үедээ зүүгээд гарах боломжгүй байсан. Манай тамирчид нүдний үзлэгт хамрагдсанаар тэр тамирчиндаа зориулалтын хагардаггүй материалаар хийсэн нүдний шил захиалж, авахаар боллоо” хэмээн ярьсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү