Абу Дабигийн Тусгай олимпын наадмаас монголчуудын ес дэх медалиа авлаа


2019-03-19 10:52:08

Тусгай олимпын зуны 15 дугаар наадам АНЭУ-ын Абу Даби хотноо болж байна. Сая дөнгөж манай багийн ес дэх медалийг жүдогийн эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд барилдсан Э.Билгүүн хүртлээ.

Манай багт жүдогийн таван тамирчин багтсан бөгөөд тэд бүгд жингийнхээ нэгдүгээр ангилалд багтсан. Өөрөөр хэлбэл ур чадвараар хамгийн шилдэг тамирчидтай барилдаан хийсэн юм. Э.Билгүүний хувьд мөн ч ширүүн барилдаанууд хийж мөнгөн медаль хүртлээ.

Ийнхүү жүдогийн тамирчид тэмцээнээ өндөрлүүллээ. Тэд хоёр мөнгө, хоёр хүрэл, нэг шагналт тавдугаар байрт шалгарсан бахдам амжилт үзүүлсэн юм.

Э.Билгүүн одоо 18 настай. Тэрбээр 63 дугаар тусгай сургуулийг төгссөн бөгөөд тавдугаар ангиасаа эхлэн жүдогийн спортоор хичээллэжээ. Тусгай олимпын наадамд оролцохоос ирэхээсээ өмнө тэрбээр Хан-Уул дүүргийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд орж, медалийн төлөө өрсөлдсөн юм. Манай багийн жүдочдоос хамгийн эрэмгий барилддаг нь.

Э.Билгүүн 63 дугаар сургуулиа төгсөөд Хүнсний технологийн коллежийг тогооч мэргэжлээр дүүргэжээ. Гэхдээ цаашид жүдогийн мундаг тамирчин болж, амжилтаа ахиулах тэмүүлэлтэй байгаа талаараа ярьсан юм.

Тусгай олимпын наадамд зорин ирсэн түүний хувьд анх удаа гадаад явж үзэж байгаагаа ярьсан. “Онгоцонд анх удаа суухад ч эвгүй байсан шүү. Одоо харихад гайгүй байх аа” гэх хүүгийн хувьд энд өнгөрүүлсэн өдрүүд, уйгагүй бэлтгэлийн хүчээр авсан мөнгөн медаль үнэ цэнэтэй. Цаашид мөрөөдлөө биелүүлэхэд нь жигүүр болох биз ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү