Монголын багийн Тусгай олимпын наадмын медалийн тоог охид ахиуллаа


2019-03-19 15:25:15

Тусгай олимпын зуны 15 дугаар наадам АНЭУ-ын Абу Даби хотноо үргэлжилж байна. Тэмцээний дөрөв дэх өдрийн орой боччегийн төрлөөр оролцож буй Э.Энхтуул хүрэл, бадминтоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр оролцож буй Б.Мягмарнаран хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү Монголчууд Абу Дабигийн Тусгай олимпын наадмаас хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байна. Өнөөдөр хөл бөмбөгчид маань алтан медалийн төлөө тоглолт хийнэ.

Монголын Тусгай олимпын багт хөдөө орон нутгийн тусгай сургуулиас долоон хүүхэд багтсан бөгөөд тэдний хоёр нь Э.Энхтуул, Б.Мягмарнаран нар.

Э.Энхтуул Ховд аймгаас ирж оролцож байгаа бөгөөд, өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн боччегийн төрлөөр хичээллэж эхэлжээ. “Аймгаасаа аавтайгаа нийслэлд ирж бэлтгэл сургуулилалтаа хийж байгаад наашаа ирсэн. Аав маань намайг хотод хүлээж байгаа” хэмээн ярьсан түүний хувьд Цэргийн баяраар аавдаа Тусгай олимпын хүрэл медаль хүртэж бэлэг барилаа.

Б.Мягмарнаран Дарханаас Тусгай олимпын наадамд оролцохоор сонгогдсон. Тэрбээр бадминтоны спортоор хичээллээд багагүй хугацаа болж буй. Энэ удаагийн Тусгай олимпын наадамд ганцаарчилсан, хосын, дэмжин тоглогчтой гэх төрлүүдэд оролцохоор ирсэн. Хамгийн олон тоглолтыг хийх хүндхэн ачаа түүнд ногдоод буй. Гэвч амжилтаа ахиулж, медалийнхаа тоог нэмнэ гэдэгтээ итгэл дүүрэн байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү