Интермэд эмнэлгийнхэн байт харвааны 15 тамирчныг үнэ төлбөргүй оношилно


2020-03-05 15:35:17

Интермед эмнэлэг байт харвааны шигшээ багийнханд үнэ төлбөргүй шинжилгээ, оношилгоо хийх, тусламж үзүүлэх талаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголын байт харвааны ерөнхийлөгч П.Цагаан, Интермед эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал А.Саранбаатар нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд тус эмнэлэг байт харвааны шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, пара байтын нийт 15 тамирчинд үнэ төлбөргүй шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, тусламж үзүүлэх  юм байна. Уг арга хэмжээний үеэр П.Цагаан  “Манай байтын шигшээ багийнхан Токио-2020 олимпийн бэлтгэлээ өдөр шөнөгүй хийж байгаа энэ чухал үед тамирчид, дасгалжуулагчдад үнэ төлбөргүй шинжилгээ, оношлогоо хийж, эрүүл мэндийн тусламж үзүүлэхээр болсонд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлмээр байна. Тамирчид нь эрүүл саруул, эмнэлэг нь чадвартай, хамтарч ажиллаж чаддаг байх юм бол Монгол Улс хөгжинө гэдэгт итгэдэг” гэв.

Мөн А.Саранбаатар “Байт харвааны хоёр тамирчин олимпийн эрхээ авсанд баяр хүргэе. Тамирчид бол бидний бахархал. “Токио 2020” олимп ирэх 7-р сард болно. Үүний өмнө олимпийн эрх авсан болон эрхийн төлөө өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хийж байгаа тамирчид, дасгалжуулагчдад шинжилгээ оношлогоо хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч, тусламж үзүүлэхээр бид санамж бичиг байгууллаа. Хамтран ажиллах болсондоо таатай байна” хэмээв. Байт харвааны тамирчин ОУХМ Б.Отгонболд, Н.Мөнхбаатар нар “Токио 2020” олимпт оролцох эрхээ аваад байгаа билээ.

Дашрамд сонирхуулахад, Интермэд эмнэлгийнхэн нас хүйс харгалзахгүй хичээллэх боломжтой, тэсвэр хатуужлийн спорт байт харваагаар хичээллэж эхлэх төдийгүй сонирхогчдын клубтэй болох тухайгаа дуулгалаа. Дээрх арга хэмжээг зохион байгуулсан, МББХ-ы дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд аяганы хариу өдөртөө гэдэгчлэн тус эмнэлгийхэнд байт харвааны спортоор хичээллэхийг уриалж, үнэ төлбөргүй зааж сургаж, улмаар тэмцээн уралдаан зохион байгуулж өгөхөө амлалаа.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү