Дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэнэ


2020-10-19 14:17:44

Жил бүрийн 10 дугаар сард “Дэлхийн алхалтын өдөр”-ийг идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс энэхүү өдрийг 2017 оноос хойш тэмдэглэж байна.

Энэ жил НҮБ-д гишүүнээр элссэний 59 жилийн ойг угтан, Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн биеийн тамир, спортын хороо, Биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран “Идэвхтэй алхалтын аян” уриан дор идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлыг олон нийтэд 10 дугаар сарын 21-30-ны өдрүүдэд 10 хоногийн хугацаанд сурталчилан зохион байгуулах гэж байна.

Энэхүү аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулах хэвлэлийн хуралд Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны газрын дарга Г.Одбаатар, Биеийн тамир, спортын улсын хорооны хэлтсийн дарга О.Баасан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Г.Цагаанхүү, Нийслэлийн спортын хорооны хэлтсийн дарга А.Болдмаа, Монголын биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ж.Тунгалаг, “Голден жим” фитнес клубын захирал Ц.Баянмөнх, “Алхая” аппликейшнийг үүсгэн байгуулагч Г.Ганчөдөр нар оролцлоо.

Аяны хүрээнд Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороод, эрүүл мэндийн төвтэй хамтран 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг болон Дүүргийн ЗДТГ-уудад хамтран ажиллах албан бичиг хүргүүлж спорт хорооны мэргэжилтнүүдэд ААН байгууллага, албан газар, иргэд, хувь хүмүүсийг идэвхтэй оролцуулах талаар чиглэл өглөө.

Аяны хүрээнд төрийн албан хаагчид өдөрт 10 000 алхам алхах, алхаж ажилдаа ирж очих, цаашид энэхүү үйлийг хэвшүүлэх, аж ахуй нэгж байгууллагууд хоорондоо алхалтын өдрийг чэлленж байдлаар дамжуулж бусдыгаа уриалах ажлууд зохион байгуулагдана. Тухайлбал “Идэвхтэй алхалтын аян”-ы 10 хоногт лифтээр биш шатаар, машинаар биш явганаар зорчихыг уриалсан сурталчилгааг олон нийтэд болон сошиал орчинд түгээж мөн иргэдэд зориулсан алхалттай холбогдолтой эрүүл мэндийн зөвлөгөө, гарын авлага, мэдээлэл сурталчилгааны материалыг Монголын оюутны холбоотой хамтарч гарцаар гарч буй иргэдэд тараана.

Түүнчлэн "Дэлхийн алхалтын өдөр"-ийн арга хэмжээг жилд 2 удаа улс орон даяар тэмдэглэж байх, алхалтын ач тусыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах ажлыг цаашид тогтмол зохион байгуулах юм.

Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор сүүлийн 20 гаруй жилд халдварт бус өвчин давамгайлж, нийт өвчлөлийн 77 хувийг эзэлж байна. Халдварт бус өвчний анхдагч гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, стресс бухимдал зэрэг хүний өөрийн зан үйл, амьдарч байгаа хэв маягтай холбоотой.

Дашрамд дурдахад дэлхийн хүн амын гурван хүний нэг нь хөдөлгөөний идэвх муутай байдаг бөгөөд хөдөлгөөний хомсдлын улмаас жилд 3.2 сая хүн нас бардаг байна. Түүнчлэн хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болдог байна. Иймээс ДЭМБ-аас насанд хүрэгсэд өдөрт 30 минут, хүүхэд өсвөр үеийнхэн 60 минутын хугацаатай идэвхтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 10 000 алхахыг зөвлөдөг.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү