Үзэмж төгс хийгээд энэрги шингэсэн дагшин орон


2020-06-23 09:56:17

Хүн байгаль хоёр хүйн нандин холбоотой. Тиймээс төрж өссөн газрынхаа шороо шуурах, манан татах, тачигнатал хүйтрэх гээд л ааш авирыг нь хүртэл хүн үгүйлэн санадаг. Өсөж төрсөн газраараа хүн гайхуулан бардамнаж бас бахархан суудаг. Олны танил хүн гэгчээр олны танил төдийгүй  дэлхийн чихийг дэлдийлгэж татдаг газрын үзэмж төгөлдөрийг өнөөдөр би та бүхэндээ магтан дуулах гэж байна.  Эргэл мөргөлийн их зам татуулсан Дорноговь аймгийн сайн шандаас 45 км-т орших Хамрын хийд орчмын нутгийн үзэмж төгөлдөр өвөрмөц содон төрхийг ирсэн хүмүүс мэдэх байх. Ширхэг чулуу нь түүх өгүүлж жанлав шингээсэн газар билээ. Зосон улаан. Ухаа, шаргал, хөх гээд олон өнгийг алаглуусан энэ орон нүд сэтгэлийг баясгаад зогсохгүй сүсэг бишрэлийг төрүүлнэ.  Энэ газар монголын анхны театрыг задгай байгуулж дуу хуур түгэн хүүхдийн данзан барьж эрдэм боловсролдын үр соёолж мөн олон бүсгүйчүүд нийгэм соёл шашны салбарт  хүч сорин гарч ирсэн өгөөжит дагшин орон билээ.
                                    
Зүгээр ч нэг газарт Ноён хутагт хийд орон байгуулаагүй нь мэдээж хэрэг.

Хутагтын тахилч ярихдаа ихэнхдээ энерги, судал гүйдэл явдлыг танин мэдэж,  шинждэг учраас хөрсөн доороо олон янзын эд баялагтай, өвөрмөц газрыг сонгосон  гэдэг.  Хамарын хийдийн орчимд  газар дор нь ашигт малтмал, эрдэнэс бий. Хамар нэртэй, хойгуураа улаан элгэн хадтай, голоо дагасан их модтой, гал, ус, дайны аюулаас хамгаалагдсан, эрдэнэ нуусан газрыг анх сонгож байжээ:.  Энэ газар буян их хурна гэж ноён хутагт Данзанравжаа  айлдсан байдаг.  Энд ваар шаазангийн түүхий эд, циолит, гөлтгөнө, нефть хүртэл байдаг баялаг сайхан газар юм.

Монголын соёл урлагийн  үүх түүхийг яръя гэвэл Хамарын хийдээс эхэлнэ   Учир нь задгай театрт саран хөхөө жүжгийг 200 гаруй хүний хүчээр бүтэн сар  үзэгчгүйгээр, өөрөөр хэлбэл нээлттэй тэнгэрийн дор, сахиус шүтээн газар оронд зориулан тоглодог байжээ. Энд  мөн л газрын татах хүч энергийн урсгалыг ашиглан сонгож үзэгчид байрлах газарт өсгөгчтөй мэт жүжигчдийн дуу хоолой тодрон хүрдэг байсан гэдэг.  Газар орон байгалийн нууцлаг чанарыг шинжэн олдог эрдэм оюут говийн ноён хутагт Данзанравжаа ийнхүү говийн нэгэн үзэмжит гоо газрыг  олон зуун жилд  хүмүүс үл тасран цувах орон болгон мөнхжүүлжээ.
                          
Жижигэхэн боловч энэ газрын хэсэг бүхэн нь монголын түүхийг өгүүлэн тус бүрд нь эрдмийн судалгааны ажилбар болохуйц баялаг эрхэмсэг газар орон билээ. Энэ удаа шашин болоод үнэт эд өлгийн зүйл бус газар орны түүхийн жимээр та бүхнийг хөтлөн яваа билээ.

Бид байгалийн эрчим хүч энергээс бие сэтгэлээ тэжээн тэтгэдэг . Иймээс ч Ноён хутагт Данзанравжаа эрдэм төгс оюун бодлоо цогцлоон байж шинжин  газар орныг нь тус бүр хүнд хэрэг болохуйц өөр өөр ангид хуваан бүтээлээ хийжээ. Тухайлбал хийдээс баруун хойш Хутагтын санаачилсан "Шамбалын орон" бий. Энэ нь чухамдаа сэтгэлийн там, нүглийг арилгаж, муу бүхнээсээ салж ариусах газар юм  Бие, сэтгэл чилээрхэж, нүглээ наманчлах сэтгэлээр аврал айлтгал хүсч ирсэн хүнийг хүлээн авч Шамбалын оронд зочлуулхад зориулжээ.

Шамбалын орноос холгүй байгалийн өвөрмөц сонин тогтоцтой, Агуй нүх, хад асга, хадан хавцлыг Ноён хутагт хүний эрүүл мэндийн төлөө "махан биеэ засах" хүчний газар болгосон байдаг.  Тэр газрыг үзэж сонирхохын тулд  ирсэн хүмүүс  авирах, уруудах, мөлхөх, зэргээр дасгал сургууль хийчихдэг.

Тухайлбал эхийн умайгаар шургаж, тэмээн хаданд авирч, элгэн хаданд жигнүүлж, асга хадны дундуур хавцал уруудсаар төгсгөлд нь байгалиас заяасан усан санд хадан тогоонд ороод гардаг байж. Тухайн цаг үед энэ хавцлаар урсч байсан булаг одоо татарчээ. Харин сайн ажиглавал голдирол нь  ул мөр нь байдаг юм.

Хийдийн сонин хачинд хутагтын рашаан, үлэг гүрвэлийн яс зүй ёсоор орно. Хийд төвлөрсөн энэ газар нь хүрмэн чулуу бүхий говийн аараг толгодын дундах бяцхан энгэр талбай бөгөөд дээр үед булаг урсдаг байсан гэх элсэрхэг сайр зүүн талаар нь эмжин гарна. Мөн бөөгийн ногоон толгой  шилийн сайн эр  хилэн харын гэрийн буйр гээд түүхэн газар бий. Ноён хутагт Данзан равжаагийн шинжиж сонгосон энэ газар орон үнэхээр л сонгодог юм гэдэг нь явж сонирхох тусам батлагдана.

Тухайлбал голын сайр, элсийг дагуулж ухаад худаг гарахгүй байхад энд  хярын ар сэрвээн дээрээс ус гарчээ. Өдийг хүртэл ундарга нь тасраагүй усыг яаж олсон тухай хэд хэдэн домог яриа байдаг. Хутагт нум сумаар харваад сум туссан газраа ухуулсан гэдэг бол нөгөө нь хийдэд ус хэрэгтэй болж хутагт шинжлэн явж энд ух гэхэд шавь нар нь "Овооны оройгоос ус хэзээ гардаг билээ" хэмээн цааргалахад тэрбээр "толгойн чинь хуйхыг шалбалбал цус гарна биз дээ" хэмээн ухуулаад энэ рашаан худаг гарсан гэх. Гүн нь гурван метр хүрдэггүй ч ундарга сайтай.

Одоо хийдийн рашаан хэмээн очсон хүн бүр сүсэглэн хүртдэг аман ус болжээ. Би нутагтаа хайртай. Миний нутгийн эс ширхэг бүхэн нэртэй. Иймээс  харийн шуналтан  миний нутгийн газар шороог эзлэх өмчлөх эрх байхгүй хэмээн яруу найрагчийн хувьд өмгөөлөн дуулах болно.

Миний нутгийн эс  шихэг бүхэн нь нэртэй
Өвс чулуу бүхэн нь нэртэй
Өндөр уулс, өргөн тал нь нэртэй
Тоог нь алдмаар толгод нь ч нэртэй
Тогтоол ус, гол  горхи, булаг нь ч нэртэй
Үл олдохын зайг нэр нэрээрээ торлосон
Үл уусахын зайг нэг нэгнээрээ бэхэлсэн
Миний нутгийн эс ширхэг бүхэн нэртэй
Мэдрэхүйн зургаан тоонд  бүгд бүртгэлтэй
Бүлээн зүрхнийхээ лугших тоолонгоор
Бүтэн байлгах гэж эх нутгаа өмгөөлсөн
Өвгөд минь амиа тамгалж үлдээхдээ
Өлмийн төдий зай бүхнийг  бүртгэж
Өөриймсөн сэтгэл зүрхээ шингээж
Өргөс, цэцэг бүхэнд нь нэр хайрласан
Цагийн аясаар сэмрэх цаасан дээр биш
Цаг цагаар өсөх хүү охидынхоо сэтгэлд
Цаглашгүй онд үл гандахаар бүртгүүлж үлдээсэн
 Миний нутгийн эс ширхэг бүхэн нэртэй
Мэдрэхүйн зургаан тоонд  бүгд бүртгэлтэй
Нутгаас минь эрдэнэ бүү зөө
Нулимсан нэхэлтэй  амь нүдээ чавчилгүй харж байгаа
Миний нутгийн эс ширхэг бүхэн нэртэй


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү