Тенор хоолойт Д.Эрдэнэ-Очирын уран бүтээлийн бие даасан тоглолт тун удахгүй болно


2022-11-30 13:46:08

УДБЭТ-ын гоцлол дуучин, тенор хоолойт Д.Эрдэнэ-Очир уран бүтээлийн бие даасан тоглолтоо тун удахгүй хийх гэж байна. Монгол хүн, тэр дундаа дуурийн дуучин мэргэжил эзэмшсэн залуус дуулах ур чадвар гэж юу байдгийг дэлхийд харуулж буй энэ цаг үед өөрийн онцлогтой, эрдэм чадалтай гэдгийг нотлон цангинуулдаг тенор буюу эр цээл хоолойтнуудын төлөөлөл болсон эрхэм хүндэт уран бүтээлч бол Д.ЭРДЭНЭ-ОЧИР билээ.

Тэрбээр уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Хөтөлбөртөө ямар, ямар номер багтааж байна вэ. Хозегийн ари дуулна биз дээ хэмээн асуухад “Энэ удаа Хозе байхгүй” гэв. Дуурийн театрын тайзнаа арваад жил гоцолж дуулсан тэрбээр магадгүй үзэгчид Хозегоос залхсан байх гэж бодсон байж болох юм.

“Каварадосси байгаа юу” гэхэд “Байгаа” гэв. Мөн “Нэссон Дорма дуулна” гэлээ. Тийм ээ, тенор хоолойтнуудын дуулах ур чадварыг суут Ж.Пуччинийн гайхамшигт дууриудын алдартай аринуудгүйгээр хэрхэн төсөөлөх билээ. Дэлхийн дуунуудын тухай дэлхийн дуучинтай цухасхан ярьсан минь энэ. Тийм ээ, тенор Д.Эрдэнэ-Очирыг дэлхийн дуучин л гэнэ. Яагаад гэвэл тэрбээр дэлхийн дуунуудыг монгол үзэгчдэдээ дуулж өгдөг, монгол дуунуудаа гадаадын хүмүүст ч мөн дуулж өгдөг. Хил хязгаар гэж үгүй хөгжмийн, дууны хэлээр хаанахын хэнтэй ч ярьж, сэтгэлээ нээж, учир начир ярилцдаг уран бүтээлчдийн нэг.

Цухас ярилцах зуур тэрбээр “Тоглолтоо нэг их хүндрүүлэхгүй. Хөнгөхөөн явуулна” гэсэн юм. Тоглолт нь дэлхийн сонгодог бүтээлүүд, монгол дуунууд, итали дуунууд гэсэн гурван хэсгээс бүрдэж буй. Монгол дуунуудтай хэсэгтээ театрынхаа шилдэг сопрануудын нэг Ш.Наранчимэгтэй хамтрах бол итали дуунуудтай хэсэгтээ гоцлол дуучин Г.Энхнарантай хамжих аж. “Анир” поп оркестр хөгжимдөнө.

Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн шүлэг, нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын хөгжим “Орчлонд би азтай төржээ”, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын шүлэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөрийн хөгжим “Миний нутгийн бараа”, яруу найрагч Ц.Зоригтсайхан, Ж.Оюунцэцэг нарын үг, хөгжмийн зохиолч Л.Насанбатын хөгжим “Орчлонгийн сайхан хүүхнүүд” зэрэг дуунуудыг үзэгч, сонсогчийнхоо сонорыг мялаахаар зэхжээ. Мөн “La danza”, “O sole mio”, “Santa lucia”, “La spagnola” зэрэг итали дуунуудыг сонгосон байна.

“ERDENE-OCHIR Tenor" тоглолт ирэх 12 дугаар сарын 01-ний үдэш 19.00 цагаас УДБЭТ-ын тайзнаа эхэлнэ.

Их урлагийн эрхэм хүндэт үзэгчид, дуурийн урлагт дурлагсад, сайхан дуунд дуртай, сонсож жаргадаг үзэгч олонд ийм нэгэн онцгой сайхан дуучны тоглолтыг иржэ үзэхийг урьж байна.

УДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, энэ онд Хөдөлмөрийн хүндэт медиалаар шагнуулсан тенор Д.Эрдэнэ-Очирын намтар, уран бүтээлийн амжилтаас танилцуулъя.

Тэрбээр Төв аймгийн Бүрэн сумын уугуул 2003 онд Төв аймгийн Бүрэн сумын Ж.Самбуугийн нэрэмжит 8 жилийн дунд сургууль, 2005 онд Төв аймгийн Зуун мод хотын Ж.Намсрайн нэрэмжит 10 жилийн дунд сургууль, 2010 онд Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр, 2013 онд МУСУИС-ийн дуурийн ухааны магистр, 2014 онд ОХУ-ын Эрхүү хотод мэргэжил дээшлүүлсэн. 2012 оноос УДБЭТеатрт гоцлол дуучнаар ажиллаж байна.

Бүтээсэн дүрүүд: Ж.Верди “Трубадур” дуурийн Манрико Ж.Пуччини “Тоска” дуурийн Каварадосси, Ж.Бизе “Кармен” дуурийн ХозеЖ.Верди “Аида”, дуурийн РадамсР.Леонкавалло, “Паяцы” дуурийн Канио, Г.Доницетти “Лучия ди Ламмермур” дуурийн Артур, Д.Нацагдорж “Гүнгэрийн гүнж” дуурийн Цао Цао, Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурийн Намнан, ахмад банди Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурийн оточ Найдан, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Замын тосуул, Ард өвгөн Л.Мөрдорж Хөхөө Намжил” дуурийн Дуганч, П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн Залуу тариачин зэрэг дэлхийн болон Монголын сонгодог, сор болсон дуурийн бүтээлийн гол ба туслах дүрүүдийг амжилттайгаар бүтээж байна.

Амжилт: 2012 онд БНМАУ-ын гавъяат жүжигчин, дэд профессор Д.Бандийн нэрэмжит Мэргэжлийн дуулаачдын V уралдаан буюу анхдугаар уралдааны 2-р байр, 2017 онд Ким Базарсадаевын 80 насны ойд зориулсан дуурийн залуу дуулаачдын олон улсын V уралдааны I байр, 2017 онд Л.Л.Линховойны нэрэмжит олон улсын уралдаанд Засаг даргын нэрэмжит Гран при шагнал, 2019 онд III Байкальский олон улсын уралдааны Тусгай байр, 2019 онд Итали улсад Франческо Паоло Неглиагийн нэрэмжит олон улсын тэмцээний 33 дах уралдааны 3-р байр, 2019 онд Итали улсын Orvietto хотод зохион байгуулагдсан Дуурийн дуулаачдын олон улсын XXIV уралдааны Тусгай байр шагнал хүртсэн.

Р.Оюунжаргал

May be an image of 1 person, standing and suit

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү