Ч.Чинбат: Хууль бус сурталчилгаа явуулсан 81 гомдол ирсэн


2020-10-14 13:35:32

СЕХ-ноос Орон нутгийн сонгуулийн санал хураалт болон зохион байгуулалттай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг бүрэн хангалаа. 21400 төрийн албан хаагч бүх шатны сонгуулийн хороодод ажиллаж байгаа.

Засгийн газраас баталсан цар тахлын хуультай холбоотой журмын дагуу сонгуулийг онцгой горимоор зохион байгуулна. Нийт 2148 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг хүргүүлсэн. Санал авах хугацаа 07-20:00 цаг байна. Санал хураалтын явцад аль болох ил тод байдлыг хангаж, хуулийн дагуу явуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Санал хураалтын дүнг урьдчилсан байдлаар маргааш орой мэдээлнэ. Сонгуулийн ирц, явцын мэдээллийг 12:00, 15:00, 19:00 цагуудаас хүргэнэ.

Санал хураалт дууссаны дараа хуулийн дагуу 50 хүртэл хувьд гар тооллого хийнэ. Дүнг шууд дэлгэцээр гаргах боломж байхгүй. Өмнө нь ч ингэж байгаагүй. Маргааш оройноос нөгөөдөр өглөө хүртэл сонгуулийн дүнг СЕХ-ны сайтаар үзэж болно. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өнөөдөр 20:00 цаг хүртэл авна” гэлээ.

Сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар УБЕГ-ын дарга Дэлгэрсайхан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Улсын бүртгэлийн байгууллага хуульд заасан чиг үүргийнхээ дагуу сонгогчийн нэрсийн жагсаалтыг гаргадаг. Бид энэ удаад тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн төлөвлөгөө гарган ажилласан. Нийт 2148 хэсэгт сонгогчийн нэрсийн жагсаалт бүхий мэдээллийг хүргүүлсэн. Нийслэлийн хэмжээнд 1.1 сая сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Нэрийн жагсаалтыг маш олон байгууллага хамтран гаргадаг.

Нэрийн жагсаалттай холбоотой асуудал гардаг. Сонгууль бүр дээр л нэг иргэн олон удаа нэрээ оруулсан, нэг регистер олон байна, нэг хаяг дээр маш олон хүн бүртгэсэн гэсэн асуудал гарсаар ирсэн. Нэрсийн жагсаалтыг маш олон байгууллага хамтран гаргадаг. Хурууны хээгээр бүртгэдэг болсноос хойш бүх мэдээлэл нээлттэй, хянах боломжтой болсон. Сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах боломж 100 хувь бий болсон. Нэрийн жагсаалттай танилцаад нэг хаяг дээр олон хүн байгаа тохиолдол нь халамж, асрамжийн төв болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хаягийн шилжилт хийгээгүй байх, задгай айлуудыг нэг тоогоор тэмдэглэх гэх мэт асуудлаас болоод нэг хаяг дээр олон хүн харагдах боломжтой. Сургууль цэцэрлэгийн байранд сонгууль авч байгаа асуудлыг харъяа яамтай нь зөвшилцсөн байгаа” хэмээн тодрууллаа.

Мөн энэ үеэр Цагдаагийн Ерөнхий газрын урандаа Ч.Чинбат мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой анхны гомдол, мэдээлэл есдүгээр сарын 21-ний өдөр бүртгэгдсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хүний улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн шинжтэй 207 гомдол, мэдээллийг шалгаж байна.

Ирүүлсэн гомдол мэдээллээс дурдвал,

-Хуурамч бичиг баримт үйлдэх хоёр гомдол,

-Нэр дэвшигчийн нэр төрд халдсан худал мэдээлэл тараасан 62 гомдол

-Хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн  сурталчилгаа явуулсан 81 гомдол

-Бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, үнэ төлбөргүй үзвэр үйлчилгээ үзүүлсэн, нийтийг хамарсан урлагийн тоглолт зохион байгуулсан 23 гомдол

-Цахим орчинд улс төрийн чансаа тогтоох бүхий санал асуулга явуулсан зургаан гомдол

-Хуурамч цахим хаяг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулсан нэг гомдол

-Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй арга хэмжээг хэрэгжүүлэх амлалт өгсөн долоон гомдол тус тус ирсэн.

Аймаг дахь цагдаагийн газар 134 гомдол мэдээллийг шалгаж байгаа бол нийслэлийн цагдаагийн газар  73 гомдол, мэдээллийг шалгаж байна. Өнгөрсөн хугацаанд сонгуультай холбоотой найман гомдол, мэдээллийг шалгаж, харьяаллын дагуу тагнуулын байгууллагад шилжүүлсэн. Гэмт хэргийн шинжтэй арван гомдол, мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байна. Зөрчлийн шинжтэй 191 гомдлоос тавд нь зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулж байна. Гурван гомдол, мэдээллийг Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлсэн. 74 гомдолд зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү