Хотын дараагийн дарга хэн бэ


2020-10-16 09:46:32

Эл асуултын хариулт болчих санаатай эрхмүүд Тусгаар тогтнолын үүдээр өчигдрөөс эхлэн эргэлзэх болов.

МАН энэ удаагийн Орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулав. Урьдчилсан дүнгээр аймгийн хэмжээнд солонгорсон сонголт давамгайлж байгаа бол Нийслэлд 34 суудал авч илүүрхээд байна. Харин АН 8 суудалтайгаар сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ.

Ингэснээр хотын дарга ялалт байгуулсан улаан булангаас тодрох юм. Нийслэлийн намын хорооны дарга нь Д.Сумъяабазар. Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа тул хотын даргаар ажиллахгүй.

Харин түүний тойрон хүрээллээс хотын мээр тодорно гэдгийг улс төрийн хүрээнийхэн онцолж байгаа юм. Одоогоор магадлал өндөртэй нь Р.Дагва. С.Амарсайханы орыг залгаж НИТХ-ын дарга болоход нь Д.Сумъяабазарын дэмжлэг их байсан. Сонгинохайрхан дүүргээс хэдэнтээ сонгогдож байгаа Р.Дагвын хувьд Нийслэлийн намын хорооны даргын баруун гар гэхэд хилсдэхгүй.  Гэхдээ түүний хувьд сүүлийн үед АТГ-ын босгыг элээж, өдөр хоногийг өнгөрүүлж яваа гэх мэдээлэл бий. Хэрэв асуудал хурцадвал байдал бишдэж мэднэ. Гэвч ялсан намд хууль үйлчилдэггүй гэх дүрмийг ч мартаж болохгүй биз.

Түүнтэй дүйцэхгүй ч дараагийн хувилбараар яригдаж байгаа хүн бол Н.Алтаншагай. Энэ удаагийн сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон тэрбээр нийслэлийн намын хорооны дэд даргын албан тушаалтай. Мөн дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан намтартай. Д.Сумъяабазарын цүнх баригч нарын нэг гэж тодотгох нь ч бий. Ямартай ч Б.Сумъяабазар нийслэлийн намын хорооны дарга болмогцоо шинэчлэл нэрийн дор залуучуудыг олноор нь намын хороонд оруулж ирсэний нэг нь тэр. Тэр дундаад дэд даргын албан тушаал өгч, дэргэдээ авсан нь ч учиртай. Гэвч сүүлийн үед тэдний дундуур хар муур гүйж, хэл амаа ойлголцоход төвөгтэй болсон гэх мэдээлэл бий.

Мөн хотын даргын сунгаанд намын генсек Д.Амарбаясгалангийн оролцоо ч өндөр байх нь гарцаагүй. Түүний зүгээс мөн хэд хэдэн хувилбарыг дэвшүүлсэн тухай Төрийн ордноор цуурч байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү