Д.Сумъяабазар хотын дарга болж Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль явуулна


2020-10-22 14:43:44

МАН-ын тэргүүлэгчдийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Улаанбаатар хотын даргад, Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх саналыг гаргажээ. 

Д.Сумъяабазарын тухайд Нийслэлийн намын хорооны даргаар ажиллаж байгаа бөгөөд сонгуулиар нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан гавьяатан. Иймээс түүнийг Нийслэлийн Засаг даргаар томилох нь зүйтэй хэмээн тэргүүлэгчид санал нэгдсэн байна. Гэхдээ асуудал эцэслэгдээгүй байна. Тэргүүлэгчдийн саналыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн, эцэслэнэ. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дээрх шийдвэрийн талаар танилцуулсан бөгөөд тэрбээр "УИХ-ын гишүүнээсээ татгалзах улстөрчийн хувьд хүнд шийдвэр. Гэхдээ намын дарга, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэн үзэж хүлээн авч байгаа Д.Сумъяабазар даргадаа талархаж байгаагаа илэрхийлье. Бидний өмнө сонгуулиар итгэлээ өгсөн нийслэлчүүдийн итгэлийг ажил хэрэг болгон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чухал хариуцлага хүлээж байна. Биднийг намын 100 жилийн ой, Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн маш том хоёр үйл явдал ирэх жилд хүлээж байна. Иймээс Д.Сумъяабазар даргыг намын зүгээс итгэл хүлээлгэн илгээж байна" гэсэн байна. 

Удирдах зөвлөлийн зүгээс эл саналыг дэмжив. Ийнхүү Улирдах зөвлөлийн шийдвэрийг маргааш болох НИТХ-ын хурлаар батламжлах юм.

Харин Д.Сумъяабазарыг хотын даргаар батламжилсанаар Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль явуулах шаардлага үүсч байна.   Учир нь Д.Сумъяабазар УИХ-ын 2020 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү