Гишүүдийг номхотгох хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо


2020-10-22 15:01:09

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүдийг "номхруулах" хуулийн төслийг хэлэлцэв. УИХ-ын чуулганы хуралдааныг үр нөлөөтэй явуулах, хуралдаан эхлэхэд бэлтгэл хангагдсан байх, зарим нэн яаралтай, шаардлагатай асуудалтай гишүүдийг танилцах боломжоор хангах үүднээс нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх цагийг 9.00 цагаас эхлүүлж 10 цагаас нэгдсэн хуралдааныг эхлүүлэх, хууль санаачлагч, дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналаа тухайн ээлжит чуулган дуусахаас ажлын 10 хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд саналаа хүргүүлэх, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан УИХ-ын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж, тус захирамжийг үндэслэн холбогдох Байнгын хороод цаглавараа баталж, мөрдөхөөр хуулийн төсөлд тусгажээ. 

    Мөн хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгох, үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах үндэслэл болох, түүнчлэн хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь 3 хүртэл удаа хасахаар зохицуулж, хариуцлагын хугацааг тодорхой болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарахаар тогтоохоор төсөлд тусгажээ. Тусгайлсан дэгээр зохицуулж буй зарим тогтоолын төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явуулах дэгтэй ижил зохицуулах, түүнчлэн Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн явцад гишүүн өөрийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаа татан авах боломжтой байхаар зохицуулав гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа.

    Түүнчлэн Байнгын хороо хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг илүү ажил хэрэгч, үр дүнтэй зохион байгуулах, мэтгэлцэх зарчмыг хангах зорилгоор Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн нээлттэй болон хаалттай явуулахаар, шаардлагатай тохиолдолд Ерөнхий сайдын мэдээллийг түүний томилсон Засгийн газрын гишүүн хийхээр, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар санал хурааж, дүнг танилцуулснаар холбогдох тогтоолын төслийг баталсанд тооцохоор, Үндсэн хуульд нийцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэхгүй байх зохицуулалтыг төсөлд тус тус тусгажээ. 

   Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед гишүүн Ц.Мөнх-Оргил Ерөнхий сайдын мэдээллийг нэгдсэн хуралдаанд гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд зөвхөн Ерөнхий сайд мэдээлэл хийдэг байх, хэлэлцэж буй асуудлын ач холбогдлыг харгалзан гишүүний асуулт асуух, үг хэлэх хугацаатай холбоотой хуралдаан даргалагчийн эрхийг нэмэгдүүлэх талаар, гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах мэтгэлцээний зохицуулалтыг тодруулах, гишүүний хариуцлагын хувьд хуралдаанд оролцох эрхийг хасах бус санал хураалтад оролцох эрхийг хасах байдлаар зохицуулах нь зүйтэй талаар, гишүүн Ж.Ганбаатар хуралдааныг үр дүнтэй явуулах үүднээс гишүүний асуулт асуух хугацааг багасгаж, нэмэлт асуулт асуух хугацааг нэмэгдүүлэх нь ач холбогдолтой талаар, гишүүн Ё.Баатарбилэг Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан зөвхөн цөөнхийн гишуүдээс тавьсан асуултад хариулахаас гадна бусад гишүүд асуулт асууж, хариулт авдаг байх талаар үг хэлэв.

Гишүүдэд хариуцлага тооцох заалт нь аль ч улсын парламентын хуралдааны дэгийн хуульд байдаг. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 2007, 2010 оны хуульд ч гишүүдэд хариуцлага хүлээлгэх заалт байсан. Харин тэрхүү зохицуулалт нь хэтэрхий хатуу байсныг илүү уян хатан болгох зохицуулалт хийсэн гэж ойлгох хэрэгтэй гэдгийг төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт хариултдаа онцлов. Түүнчлэн тэрбээр Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбоотой заалтад зайлшгүй тохиолдолд салбар хариуцсан сайд нь илүү мэдээлэл өгөх болов уу гэж бодон уян хатан зохицуулалтыг тусгасан. Гэхдээ анхны хэлэлцүүлгийн үеэр та бүхэн шийдвэрлэх бололцоотой гэж байлаа. Төсөл санаачлагч гишүүн Т.Аюурсайхан, “Хуралдааны дэг зөрчвөл ямар хариуцлага хүлээх талаар өмнөх хуулиудад байсан заалт. Бусад улсуудын парламентад ямар зохицуулалттай байдаг талаар Парламентын судалгааны хүрээлэн судалгаа хийсэн, үүнтэй танилцаж болно. Хуулийн төсөлд гишүүдийн хариуцлагыг  шат дараатай болгож, сануулаад, үг хэлэх эрхийг нь хасах гэх мэтээр шат дараатай болгож гаргалгаатай, зөөллөсөн гэсэн нэмэлт тайлбарыг хийв.

    Үг хэлсэн гишүүдийн зүгээс гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд зөвхөн Ерөнхий сайд мэдээлэл хийдэг байх, хуралдааны цагийг хойшлуулах шаардлагагүй,  Үндсэн хуулийн цэцээс УИХ Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан ч гишүүдийн асуулт, хариулт авах эрхийг хасаж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.  

    Ингээд  чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 53,4 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү