Хүүхдийнхээ төлбөрийг хүртэл байгууллагаараа төлүүлсэн Х.Бадамсүрэнгийн толгойг хэдий болтол илэх вэ, Ерөнхий сайд аа


2020-10-30 15:54:14

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг Төрийн өмчит үйлдвэрийн газраар төлүүлсэн баримт дэлгэгдсэн. Урамшууллаараа төлүүлсэн юм хэмээн хээвнэг хэвлэлийнхэнд ярьсан Г.Ёндон сайд дээрх мөнгийг халааснаасаа гаргахаар болоод хоёр ч хоноогүй байна.

Гэтэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн мөн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг байгууллагаараа төлүүлсэн баримт ил боллоо. Шилэн Цогоо хэмээн нэрлэгдэх болсон Зам тээвэр, хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл Х.Бадамсүрэнгийн охин Б.Буянжаргал сургалтын төлбөр болох 102.385.101 төгрөгийг Канадын Торонтогийн Их сургууль руу шилжүүлсэн баримтыг нийтэд дэлгэсэн юм. Мөн сургалтын төлбөрөөс гадна 20 сая төгрөгөөр унадаг дугуй худалдан авч, хагас тэрбум төгрөгөөр автомашин худалдан авах тендер зарласныг ч ил болгов.

Цар тахлын үеийн төсөв хэлэлцэж байна, эдийн засаг хүндрэлтэй гэх үг Сангийн сайдын амнаас лам нарын уншлага шиг уянгалах болсон. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал 512 сая төгрөгөөр “G-Class” маркийн автомашин авахаар зэхэж байх жишээтэй.

Үнэндээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар томилогдсон Х.Бадамсүрэнгийн тансаглал хэрээс хэтрээд удаж байгаа. Өмнө нь зах зээлийн үнээрээ 250-340 сая төгрөгөөр зарагдаж буй “Лексус” маркийн автомашиныг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 440 сая төгрөгөөр авсан нь мөн л ил болж байв. Энэ асуудалд хэн ч хариуцлага хүлээгээгүй.

Х.Бадамсүрэн сарын 15.5 сая төгрөгийн цалинтай. Тэрбээр Үйлдвэрийн захирлаар ажиллах хугацаандаа зах зээлийн дундаж үнээр 3 өрөө байр иж бүрэн тавилгатай нь хангуулахаар гэрээлсэн байдаг. Гэрээний хэрэгжилт ч Эрдэнэтэд бус Улаанбаатарт, тэр дундаа Зайсанд байх “Жардин” хотхонд нийт 3.1 тэрбум төгрөгөөр 202, 302 тоот орон сууцуудыг гараашийн хамт худалдан авч, үйлдвэрийн үндсэн хөрөнгөнд бүртгэгдсэнээр хангагдсан. Үнэ цэнэт байрны ус дулаан СӨХ-ны төлбөрт 2018-2019 онд нийт 11.9 сая төгрөгийг ч тус үйлдвэрээс гаргасан байдаг.

Төрийн мөнгө уйлдаггүйн жишгээр 2017 онд шинэ Лексус 570 маркийн автомашин худалдан авч, олны хэл аманд бишгүй өртсөн. Ажлын өрөөгөө хэдэн саяар тохижуулж, ГОК-ийн оффис тэдний хувийн компани шиг болсон гэх шүүмжлэлүүдийг нь тоочоод байвал өвгөн захирлын тансаглал барагдахгүй.

Улсын сан хөмрөг хүндхэн, эдийн засаг эмзэг үед томилогдсон дарга гэхэд тос өөхөнд хөлбөрч, торгонд бөмбөрч байгаа нь үнэн. Тэрбээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байхдаа жилийн 64 сая төгрөгийн орлоготой байсан бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажилласнаас хойш орлого нь тасралтгүй өсч 2019 онд 425.8 сая ботлоо нэмэгджээ.

Хадгаламжиндаа дэд сайд байхдаа 19.5 сая төгрөг байсан бол 2019 онд 199.5 сая болж бүхэл бүтэн нэг орноор аривжсан. Авсан зээлээ тэглэсэн гээд “Эрдэнэт үйлдвэр”-ийн буянаар хэтэвч нь хэт зузаарсан нэгэн. Гэтэл хүүхдийнхээ хүртэл сургалтын төлбөрийг даалгаж, бензэнд санаархаж суугаа нь энэ.  Түүгээр зогсохгүй массажны сандал, мөнгөн аяга зэргийг ТӨҮГ-ын дансаар төлүүлсэн нь ч бий.

Мөн тус үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаяр "Эмчилгээний зардал" гэж 219,063,796 төгрөг үйлдвэрээс гаргуулан авчээ.

Нэгэн үе “Эрдэнэт” үйлдвэрийн оныг тоолох уу, эсвэл захирал Х.Бадамсүрэнгийн насыг тоолох уу гэх хоржоонт хэллэг Эрдэнэтчүүдийн дунд дэлгэрсэн. УИХ-ын гишүүнээс “халагдсан” буурал түшээг саальчнаар ирнэ гэж Эрдэнэтийнхэн төсөөлөөгүй. Шинэхэн даргын тансаглал хавь ойрынхны чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэж хэсэгтээ бужигнуулсан нь үнэн. Тэр байдал өдгөө ч үргэлжилсээр...

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү