Д.Тогтохсүрэн: Д.Өнөрболор гишүүнийг АТГ шалгаагүй гэж мэдэгдсэн


2020-11-09 12:28:40

УИХ дахь намын бүлгүүд хуралдав. МАН-ын бүлэг хуралдсан ч мэдээлэл хийхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Бүлгийн хурал дууссаны дараа Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр "Бүлгийн хурлаар дотоод бүтэц зохион байгуулалт, байнгын хороо болон нэгдсэн чуулганы үйл ажиллагаанд оролцож байгаа байдал, гишүүдийн хариуцлага, ёс зүйн талаар хэлэлцлээ. Бүлгийн хурлаар дотоод асуудлаа хэлэлцэн шийдвэрлэсэн гэсэн үг. Нэг л хамт олон учраас дотооддоо ярих асуудал их байлаа. Гишүүдийн хариуцлагыг сайжруулах талаар нэлээд ач холбогдол өгч ярилцсан гэж ойлгож болно" гэлээ.

Харин хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гишүүдийн талаар тэрбээр "Иргэн хүн хэнийг ч хуулийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулж болно. Хэвлэлүүд шалгагдаагүй зүйлийг шалгагдаж байна гэж ярих нь бий. Тухайлбал, Д.Өнөрболор гишүүнийг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа мэтээр ярьсан. Өөрөө ийм мэдээлэл гарлаа, тодруулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Би Авлигатай тэмцэх газраас энэ асуудлаар тодруулга авсан. АТГ-аас Д.Өнөрболор гишүүнтэй холбоотой шалгагдаж байгаа зүйл манай дээр одоогоор байхгүй гэсэн хариулт өгсөн" гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү