Өөртөө тушаал гаргаж 8.8 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгожээ


2020-12-24 08:48:06

Өөрөө өөртөө тушаал гаргаж, буцалтгүй тусламж олгосон тохиолдол дахин нэгээр нэмэгдлээ. Зам тээвэр, хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны эрх бүхий албан тушаалтан өөртөө тушаал гаргаж 8.8 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон байна. Ингэхдээ оны дараахан буюу 2019 оны 01 сарын 28-нд өнөөх мөнгөн тусламжийг олгожээ.

Эл байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь С.Түвшинтөр. УИХ-ын гишүүн асан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ц.Цогзолмаагийн хүү гэвэл хүмүүст илүү танил биз. Ц.Цогзолмаагийн нөхөр, С.Түвшинтөрийн аав Ч.Саранжав нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал, охин С.Баясгалан нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан удаатай. Чухамдаа энэ гэр бүлийн ургийн модыг төрийн албатай хослуулан зураглаж байсан түүхийг эргэн сануулахад энэ.

С.Түвшинтөрийн тухайд 2016 оны 10 сарын 16-нд Далайн захиргааны даргаар томилогдож байв. Өөрөөр хэлбэл, МАН  2016 оны сонгуулиар үнэмлэхүй олонх болж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдаж, Ц.Цогзолмаа сайдын албан тушаалд томилогдсоны дараахан эл байгууллагын даргаар очсон гэсэн үг.

Монгол Улс далайд гарцгүй орон. Гэвч хэтийн том зорилго тавьж, Зам тээврийн хөгжлийн яамны харьяанд Далайн захиргааг байгуулсан. Одоогоор газар гэх үү, хэлтэс гэх үү гэдэг нь ээдрээтэй. Юутай ч төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяалалд багтааж үзэх нь бий. Жилээс жилд бүтэц нь томорч, улстөрчдийн халаасанд багтдаг болсноос өөрөө энэ байгууллагад гавьсан зүйл ховор. Мөн далайд гарцгүй шалтгаанаар Гадаад харилцааны яам гарын салаагаараа хөрөнгө урсгаж байдаг гэхэд болно.

Далайн захиргааны тухайд төсвөөс санхүүждэггүй. Харин төсөвт хөрөнгө төвлөрүүлдэг бөгөөд өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг. Гэхдээ энэ нь дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэсэн үг биш юм.

Өнгөрсөн жил тус байгууллага үйл ажиллагаандаа зориулан нийт зардлын 1.641.6 сая төгрөгийг хөлөг онгоцны бүртгэлийн хураамжаас, 657.8 сая төгрөгийг хувьцааны ногдол ашгаас, 5.0 сая төгрөгийг бусад орлогоос нийт 2.304.4 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээр баталсан байна. Гүйцэтгэлээр хөлөг онгоцны бүртгэлийн хураамжаас 1.501.9 сая, хувьцааны ногдол ашгаас 685.0 сая, хүүгийн орлого 18.3 сая, бусад орлого 45.5 сая, нийт 2.250.5 сая төгрөгийг бүрдүүлжээ. Нийт орлого нь төлөвлөгөөнөөс 97.7 хувиар буюу 53.9 сая төгрөгөөр тасарсан нь Монгол Сингапурын хамтарсан “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК нь 2019 оны 11,12 сарын үйл ажиллагааны зардлын санхүүжилтийг олгоогүйгээс шалтгаалсан байна.

2019 онд аудитаар нийт 18.4 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрснээс, 6.8 сая төгрөгийн алдааг залруулж, 8.8 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 1 зөрчилд албан шаардлага, 2.8 сая төгрөгийн алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх 3 зөвлөмж өгсөн байна. Тодруулбал, ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ, гэрээ дүгнэсэн баримтгүйгээр “Монголоо” ХХК-ийн нэхэмжлэлээр байгууллагын ажилтан 3.4 сая төгрөгийг бэлнээр, “Шижир тайш консалтинг” ХХК-д 3.4 сая төгрөгийг шилжүүлсэн.

Мөн нийгмийн даатгалын байгууллагаас олгосон урамшууллын 0.6 сая төгрөгийг орлого, авлагыг бүртгэж тайлагнаагүй, татвар, нийгмийн даатгалын байгууллагуудтай тооцоо нийлж баталгаажуулаагүй зөрчил илэрчээ. Түүнчлэн тээврийн хэрэгслийн элэгдэл тооцох хугацааг НБББББ-д заасан хугацаанаас зөрүүтэй тооцоож 2.2 сая төгрөгөөр үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг дутуу тайлагнасан. Цаашлаад өөрөө өөртөө тушаал гаргаж, тусламж үзүүлсэн байсныг ч аудитаар илрүүлэн акт тогтоожээ.

Далайн захиргааны шилэн дансны мэдээллийг ухвал томилолтын зардал тоймгүй. Нэг бүрчлэн хөөвөл нэлээд хэдэн боть болж мэдэхээр дүр зураг бууна.

Мэдээж бусад байгууллагын адил туулах чадвар өндөртэй өнөөх “Ланд крузер-76” маркийн авто машиныг 123 сая төгрөгөөр “Таван богд”-оос худалдан авсан. 42 сая төгрөгөөр компьютер, 6.9 сая төгрөгөөр принтер авсан байх жишээтэй. Гадаад, дотоодын зочдын нүдийг хуурч, гарыг нь дээш харуулах бэлэг дурсгалын зүйл, гражийн төлбөр, спорт арга хэмжээ, видео шторк, шилдэг ажилтнуудад, ойн арга хэмжээнд хүртэл их, бага хэмжээгээр хөрөнгө цацсаар...

Тухайлбал, байгууллагын 67 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 4.9 сая, сагсан бөмбөгийн тэмцээнд хагас жил бүр 2.3-2.8 сая төгрөг гаргадаг. Мөн хурлын өрөөний дрожийг 3.6 сая төгрөгөөр хүртэл шинэчилсэн.

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал нүүрлэж, хэмнэх горимд нийтээрээ шилжээд байгаа. Харин тус байгууллагын хувьд спортын арга хэмжээ, гражийн төлбөр, принтер авахад хөрөнгө зарсан хэвээр.

Үнэндээ С.Түвшинтөр даргын халаас ч түнтийсээр. Тэрбээр 2017 онд 38.5 сая төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол өнгөрсөн жил 376.4 сая төгрөгийн орлоготой хэмээжээ. Бүхэл бүтэн нэг орноор нэмэгдэж, 10 дахин аривжсан нь энэ. Нийтийн 2 ч орон сууцтай, “Toyota, Land Cruiser 70” маркийн автомашин, “Honda, Degree” маркийн мотоциклтой. Хадгаламжиндаа 2.2 сая төгрөгтэй тэрбээр 20 сая төгрөгийн зээлтэй.

Эл байгууллагын даргаар томилогдож ирсэнийхээ дараагаас “Би Эй Ти ферм” ХХК-ийн 33 хувийн эзэмшигч болсон түүхтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

Зочин 2020-11-10 15:48:26-д бичсэн холбогдсон IP хаяг: 202.126.89.228
Үнэн, бодитой мэдээлэл бичээч, захиалгаар худал мэдээдэл бичиж олон нийтэд түгээхээ зогсоогооч, худал хуурмаг мэдээллээр хүмүүсийн тархи угаахаа болих хэрэгтэй ш дээ
Зочин 2020-11-10 13:11:46-д бичсэн холбогдсон IP хаяг: 43.242.242.165
Худал мэдээлэл тарахаа боль