Төмөр хөшиг нурсан түүхэн өдрөөр "аялав"


2020-11-11 08:54:20

Хана нурав. Үндэстэн хоорондын ЗААГ ариллаа. 28 жилийн дараа аав ээж, ах дүүс уулзаж, элгээ дэвтээв. Коммунист дэглэм нурлаа. Энэ бол тэртээх 31 жилийн өмнөх үйл явдал.

1989.11.09-ний өдөр. Дэлхий нийт хоёр Германы үйл явдлыг нүд салгалгүй ажиж, чих тавин сонсож сууна. Нэгэн үндэстнийг зааглаж, ах дүүсийг барууны зүүний, капиталист коммунист хэмээн талцуулсан бетонон ханыг хөгшин, залуугүй гартаа таарсан зүйлээрээ цохиж, нурааж байсан түүхэн он цаг.

Түүхийн хуудаснаа шаргалтан үлдсэн эл өдрийг дурсан тухайн үйл явдлын гэрч нар уулзалдав. “Монгол Германы гүүр” ТББ-аас санаачлан ХБНГУ-ын Элчин сайдын яамтай хамтран Берлиний хана нурсны 31 жил, хоёр Герман нэгдсэний 30 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээг зохион байгуулсан юм.

Энэхүү арга хэмжээний гол хойморт ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Ё.Розенберг болон УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва нар залрав. Тэд энэ оройн гол зочид. Мөн Монголын талаас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн асан Л.Болд болон бусад эрхмүүд тэргүүтэн саатсан.

Тэртээх 31 жилийн өмнө Д.Тэрбишдагвын хувьд Герман улсад Залуучуудын дээд сургуульд орчуулагч багшаар ажиллаж байсан бол Ё.Розенберг дипломат болохоор суралцаж төгсөөд удаагүй үе.

Ё.Розенберг “Хоёр Герман нэгдэх, Берлиний хана нурснаар дэлхийн тогтолцоог бүхэлд нь өөрчилсөн, энэ үйл явдлын цорын ганц монгол гэрч нь Д.Тэрбишдагва ч байж мэдэх юм. ХБНГУ-ын хилийг бараг анх давсан Монголын иргэн ч байж магадгүй” хэмээн тодотгосон юм. Үнэхээр тэр үед орчуулагч багшаар ажиллаж байсан Тэрбишдагва Тэрбээр нүсэр хана нурахыг нүдээр харж, айж, түгшиж зогссон тухайгаа хуучлав. “20.00 цагийн алдад байх. Германы нэгдмэл социалист намын улс төрийн товчооны гишүүн, Зүүн Берлин хотын намын 1-р нарийн бичгийн дарга Г.Шабовски олон улсын хэвлэлийн хурлын үеэр нэгэн сурвалжлагчийн хил нээж, чөлөөтэй зорчин явах тухай асуултанд албан ёсны шийдвэр гараагүй байхад “Sofort, unverzöglich!” буюу түүхэнд үлдсэн түүний алдарт үг болох “Нэн даруй. Саадгүй!” гэж балмагдан хэлснийг маш олон сувгаар шууд дамжуулсны дараа удалгүй  хүмүүс гудамжинд гүйн гарч, уухай хашгиралдан, бие биедээ баяр хүргэж, тэврэлдэн, оргилуун дарс буудуулж байлаа. Тэр бүгдийг харсан би Берлиний ханыг очиж үзье гэхэд эхнэр маань эмээгээд хөдөлдөггүй. Аргагүй байх. Гурван хүүхэдтэй бүсгүй хүн түгшиж айлгүй яах вэ дээ. Би ч дотроо айж байлаа. Тухайн үед барууны орны хүмүүс шүдээ хүртэл зэвсэглэсэн байдаг гэх үг байлаа шүү дээ. 167,8 км үргэлжлэх төмөр тор татсан бетонон өндөр ханыг буу зэвсэг агссан цэргүүдээс гадна немц нохой хүртэл манадаг байлаа. Хөдөө төрж өссөн, социалист бүтээн байгуулалтанд бүрэн итгэлтэй байсан би шокноосоо ч гархад хэцүү байсан гэх үү, тэрхэн мөчид бүх зүйл ийм амархан өөрчлөгдөх болсонд тархи толгой минь учраа олохгүй айдастай байлаа” хэмээн дурсахдаа германаар ярив.

Мөн тэрбээр “Шийдмэг эрчүүдийн гартаа барьсан алх сүх, лантуу төмөр бетонон ханыг цохиж эвдлэх хангинасан чимээ нь социализм цаашлаад коммунизм байгуулна гэсэн суртал ухуулгаар хүмүүжсэн миний хувьд айдас, гайхашрал төрүүлж балмагдан зогсож байсан тэр цагаас хойш 31 жил өнгөрчихжээ нэг мэдэхэд” хэмээн хурсан олныг дурсамжаараа дагуулан аялуулав.

Тэрбээр хоёр Германы нэгдэл, тухайн үеийн нийгмийн байдал, хүмүүсийн сэтгэл зүйн талаар өөрийн “ЗААГ” номондоо дэлгэрэнгүй дүрслэн бичсэн байдаг. Хоёр Герман гэлтгүй тухайн он цагийн хэлхээст Монгол Улсын нөхцөл байдал, иргэдийн аж амьдралын талаар ч түүний бүтээлд бий.

Герман улс дайн байлдаангүйгээр бетонон ханыг нурааж, үндэстнээ нэгтгэж чадсан бол Монгол Улс хулганы хамраас цус гаргалгүйгээр ардчиллын замналаар замнаж дөнгөсөн юм. Хэдийгээр комиммунист, социалист дэглэм “халагдсан” ч иргэдийн амьжиргаа, нийгмийн байдал амаргүй он жилүүдээр үргэлжилсэнийг ч “ЗААГ” номноос унших боломжтой. Тэгсдүүлж байж болох ч түүний эл бүтээл хоёр улсын нэгэн үеийн түүх, нийгмийн байдлын бодит архив юм.

Тиймдээ ч “ЗААГ”, түүний дараа гаргасан “ДУУДЛАГА” номнуудаасаа санаа аван нэгэн шинэ хувилбар ном болгон бэлтгэж, Герман хэл дээр хөрвүүлэн гаргаж байгаа аж. Ингэхдээ энэ шинэ номыг нь Германы Eulenspiegel Verlagsgruppe паблишинг хэвлэлийн газрын саналаар “Улаан бичин жил-Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” хэмээх нэртэйгээр хэвлэгдэж байгаа талаар зохиолч онцолсон. Энэхүү ном энэ сарын 20-нд албан ёсоор хэвлэгдэн гарч, уншигчдын гар дээр очих юм байна.

Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Ё.Розенбергийн хувьд тухайн үед дипломат болохоор суралцаж төгсөөд удаагүй байж. Тэрбээр “Тэр өдөр урлаг соёлын үзэсгэлэнгийн арга хэмжээ болохоор бэлтгэл ажил хангаж байлаа. Үзэсгэлэнгийн нээлтийн өмнөх өдөр нь. Бэлтгэл ажлыг хангачихаад найзуудтайгаа хоол идэн бага зэрэг наргиад харилаа. Гэтэл бүх юм өөрчлөгдчихсөн байсан. Яав, юу болов гээд эргээд найзууд руугаа ярьж, лавласан юм” хэмээн дурсав.

Харин Элчин сайдын байр сууринаас тэрбээр “Дэлхийн тогтолцоонд маш том өөрчлөлт орсон түүхэн өдөр. 1989 оны намар Зүүн Германд амьдарч байсан иргэдээс Баруун Герман руу Унгараар дамжин хил давж дүрвэсэн ба Берлиний хана нурснаар дэлхийн тогтолцоонд олон өөрчлөлтийг авчирсан. Зүүн Европын социалист нийгэм нэг ёсондоо нуран унасан гэж хэлж болно. Энэхүү Берлиний хана нурж, хоёр Герман нэгдсэнээр дэлхийд социалист нийгмийн тогтолцоо нуран унаж, хуучны Зөвлөлт Холбоот улс задарсан. Олон орон биеэ дааж, шинэ сонголт хийсэн. Үүний нэг жишээ нь Монгол Улс. 1990-1991 онд ардчилсан нийгмийн тогтолцоог сонгосноороо социалист нийгмээсээ гарч, чөлөөт зах зээлд шилжсэн. Ингэснээр Ази тивд оршиж байгаа ХБНГУ-ын гол харилцагч, ардчилсан нийгмийн тогтолцоотой орон болж байлаа. Герман, Монголын хооронд энэхүү харилцаа 30 гаруй жилийн турш үргэлжиж, хөгжиж ирсэн” гэлээ.

Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа Л.Болд ч Ардчилсан Герман улсад боловсрол эзэмшиж байсан нэгэн юм. Ийнхүү 31 жилийн тэртээх эл өдрөөр хурсан олон аялж, нэгэн үдшийг өнгөрүүлсэн юм.  

Д.Тэрбишдагвын хэлсэнчлэн “Ёстой хувь тохиол ч юм уу, эсвэл өөр юу ч юм бэ, нарийн тайлбарлах аргагүйгээр Герман улс дэлхий нийтийн ертөнцийг харах нүдийг минь гурван ч удаа нээсэн” гэж бахархан ярьж байлаа.

Хөдөөний бор хүүг соёлын шоконд оруулж, дотоод ертөнц дэх зааг нь нурааж, хэдэнтээ өөрчилсөн улс бол Герман хэмээн Д.Тэрбишдагва тодотгосон байдаг. Дэлхийн олон ч оронд өөрчлөлтийн дохио болсон Берлиний хана Монгол Улсад ямар өөрчлөлтийг авчрав.

Ардчилсан тогтолцоонд шилжиж, зах зээлийг нийгмийг сонгосон түүхэн он цагийн хэлхээтэй уялдах ч Монгол Улс дахь зааг өдрөөс өдөрт тэлсээр...

“Германы телевизээр үзэж суухдаа Монголдоо очиж хүнд суртлын хана хэрмийг бас нураах энэ үйлсэд нэгдэх юмсан гэж битүүхэндээ догдолж дэмжиж байв. Учир нь би Берлиний хана хэрхэн нурахыг харсан хүн, яагаад нурах болсныг нь ч ойлгосон үе байлаа” хэмээн Д.Тэрбишдагвын “ЗААГ” номонд бий.

Гэвч “Одоо эргээд харахад бид хүнд суртлын үзэл суртлын ханыг тухайн үед нурааж чадсан ч дахиад нэгийг босгочихоо юу даа гэж эмзэглэдэг. Олигархиуд гэх нийгмийн давхарга болтлоо томорч, хагартлаа баяжсан хувалз мэт бүлэглэл үүсч, ард түмний амьдрал уруудан доройтож хоорондох зааг ялгаа нь улам холдсоор бас өндөрссөөр байна” хэмээжээ. Юутай үнэн. Монголын энэ зааг хэзээ нурж, хэзээ бүдгэрэн, замрах бол...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү