“Хүүхдийн түлэгдэлт- Эцэг эхийн хариуцлагаас” үүдэлтэй


2018-12-21 16:26:09

Уламжлалт арга буюу уяагаа сэргээе:

“Уйлж байж хүн, майлж байж мал болно” гэж манай ард түмэн эртнээс өгүүлсээр ирсэн. Хүүхдийг  уйлуулах нь уушгины багтаамжид сайнаар нөлөөлдөг гэж  үзэх нь бий. Одоо ч хөдөөгийнхөн  өглөөнөөс үдшийн бүрий тасартал  борви бохисхийх завгүй ажиллахдаа нялх балчир хүүхдээ  бүсээр уячихаад гардаг. Энэ нь хүүхдээ элдэв осол гэмтэл өртөхөөс сэргийлж буй уламжлалт аргын нэг юм. Тэгвэл хот суурин газрын бид бүхэн яагаад уламжлалт аргыг сэргээж болохгүй гэж. Уяулсан хүүхэд адаглаад таны залгаж тавьсан үс буржийлгадаг хайчийг барьж гараа түлэхгүй, даргитал буцалж буй хоол цайтай тогоо шанагыг  татан түлэгдэж амь нас эрүүл мэндээрээ хохирохгүй шүү дээ.  Тэгэхлээр уламжлалт арга буюу уяагаа сэргээж  хайртай үрсээ болзошгүй аюул эрсдэлээс хамгаалцгаая.

“Арьсны түлэгдлийг хүнд гэмтэлд тооцдог:

Хүний биеийг гадаад орчноос хамгаалж, дулаан зохицуулж, бодисын солилцоонд оролцдог маш чухал үүрэгтэй зүйл бол арьс юм.

Гэтэл арьс түлэгдэхэд энэ бүх үүрэг тодорхой хэмжээнд алдагдаж, түлэнхийн шархнаас үүссэн хортой бодисууд бие рүү орж улмаар дотор эрхтнийг ч  гэмтээдэг байна.

Түлэгдэлтийн үеийн анхны тусламж:

Хүмүүс эрт галавын үед түүдэг асаахаасаа эхлэн түлэгдэлт гээчийг мэдэх болсон. Орчин үед байгалийн хүчин зүйлийг өөрийн болгож галыг хэрэглэж хянадаг болсон ч галаас болж түлэгдэж өвдсөөр л байна. Амралт чөлөөт цагаараа, гэртээ, ажил дээрээ гээд аль ч үед болгоомжгүйн улмаас галын аюулд өртөх эрсдэл байсаар байна. Гэхдээ энэ төрлийн гэмтлийг зөвхөн галаас бус буцламтай шингэн, халуун уур, цахилгаан гүйдэл зэргээс авах аюултай.

Түлэгдэлтийн үед авах арга хэмжээ:

Юуны өмнө түлэгдэлт үүсгэж байгаа хүчин зүйлийг зайлуулах. Өөрөөр хэлбэл түлж байгаа зүйлээс холдох, холдуулах. Галыг унтраах, тогийг салгах, химийн бодисыг их хэмжээний усаар удаан хугацааны туршид угаах  зэрэг арга хэмжээг нэн даруй авна.Түлэгдэлтийн зэргээс хамаараад авах арга хэмжээ өөр өөр байна.

Түлэгдэлтийн зэргийг тогтоохдоо

  • Өвдөж арьс улайсан, арьс бага зэрэг пэмбийсэн бол 1-р зэргийн түлэгдэлт
  • Хүчтэй өвдөн цэврүү үсэрсэн бол 2-р зэргийн түлэгдэлт
  • Шарх үүсч, цэврүү өөрөө хагарсан, арьс хууларсан бол 3-р зэргийн түлэгдэлт. Энэ үед арьсны доор байгаа мэдрэлийн эсүүд гэмтдэг болохоор өвдөлтийг бараг мэдрэхгүй байж болно.
  • Хэрэв нүүрсжиж мэдрэмжгүй болсон бол 4-р зэргийн түлэгдэлт гэнэ.

Анхны тусламж:

1 ба 2-р зэргийн түлэгдэлтийн үед түлэгдсэн газрыг 10-15 минут хүйтэн урсгал усанд хөргөнө. Жишээлбэл крантаа нээгээд хүйтэн усанд 10-15 минут байлгах, эсвэл хувин шанагаар хүйтэн ус асгах. Ингэж удаан хөргөх зайлшгүй шаардлагатай. Учир нь  арьсны наад өнгөн хэсэг нь хөрсөн ч дотор хэсгүүд нь өндөр температурт түлэгдсэн хэвээр байдаг. Тэгэхээр 10-15минут хүйтэн усанд байлгаж  байж л арьсны гүнд байгаа хэсгүүд хөрнө.

Түлэгдсэн даруйд элдэв тос түрхэх, савандах, элсэн чихэр асгах, өндөг түрхэх, хорын цаас наах, амьтны болон нохойн цус түрхэх зэргээр элдэв зүйл түрхэж болохгүй. Иим үйлдэл хийхэд арьсны гүнд байгаа халуун хэсгүүд нь удаан хөрдөг. Удаан хөрнө гэдэг нь илүү гүн гэмтэж, илүү удаан шаналах бөгөөд шарханд бохир орж үрэвсэх, идээлэх зэрэг хүндрэл үүсэх шалтгаан болдог. Тэгэхээр цаг алдалгүй шууд хүйтэн усаар шүрших, шавших, норгох хэрэгтэйг сануулъя.

1-р зэргийн түлэгдэлтийн үед буюу арьс улайхаас өөр гэмтэл гараагүй үед хүйтэн усанд 10-15 минут шүршиж, шавшиж, норгож, асгаж хөргөсний дараа өвчин намдаах эм ууж болно. Харин дараа нь спирт агуулсан шингэнээр арчина. Цаашид эмчийн заавраар энэ мэтээр тусгай цацлага, түрхлэгийг өдөрт хэдэн удаа түрхэхэд 3-4 хоногийн дотор эдгэрнэ.

2-р зэргийн түлэгдэлтийн үед буюу цэврүү үсэрсэн үед түлэгдсэн хэсгийг спирт агуулсан уусмалаар арчиж болохгүй. Цэврүү нь шарханд бохир орохоос сэргийлж байдаг болохоор хэрхэвч хагалж болохгүй.

Дээр өгүүлсэнчлэн хүйтэн усаар шавшиж хөргөсний дараа ариутгасан бинт, боолтоор дарж бооно. Түлэнхийн шарханд сайн гээд таарсан болгоноо түрхэхээсээ өмнө та эмчид заавал хандаарай. Түлэгдэлт идээлэхгүй бол 10-14 хоногт бүрэн эдгэрдэг. Тэгэхээр байнга ариутгасан боолтоор боох, ариутгасан боолт байхгүй бол халуун индүүгээр индүүдсэн боолтоор боох хэрэгтэй.

3 ба 4-р зэргийн түлэгдэлтийн үед цэвэрхэн чийгтэй алчуураар ороож хүйтэн усаар шавшиж, эсвэл хүйтэн устай ванн зэрэг саванд хийнэ. Шокийн эсрэг арга хэмжээ аваад эмчид яаралтай хандана. Өөрөөр хэлбэл түргэн дуудна. Энэ хоёр түлэгдэлтийн үед эмчийн тусламж заавал авах ёстой. Бас нэг анхаарах ёстой зүйл бол түлэнхийн талбай нь 5 алга нийлүүлсэн хэмжээнээс их, бага насны хүүхэд, өндөр настан түлэгдсэн, цавь, хамар, ам, толгой, амьсгалын зам, хоёр гар, хоёр хөл түлэгдсэн үед түлэгдэлтийн зэргээс үл хамааран эмчид заавал хандаарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү