Гэр бүл, хүүхэддээ зарцуулах цагийг ажилтандаа олгож байхыг зөвлөжээ


2019-02-19 12:29:44

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. 2018-2019 оны Намрын ээлжит чуулганы хугацаанд НББСШУ-ны байнгын хороо 11 удаа хуралдаж нийт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 3 хууль, дагасан 2 хууль баталж, 5 харьяа байгууллагын тайлан, мэдээлэл, 5 хяналт шалгалтын ажлын тайланг хэлэлцэж шийдвэрлэжээ.Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийн тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг тус тус сонсож Засгийн газарт тэмдэглэлээр тодорхой чиглэл хүргүүлсэн байна. Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, “Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” зэрэг Байнгын хорооны 6 тогтоолыг баталж, Байнгын хорооны тогтоол болон хуралдааны тэмдэглэлээр холбогдох байгууллагуудад удаа зөвлөмж, чиглэлийг өгч ажилласан байна. УИХ-ын намрын чуулганы хугацаанд нэг ч удаа хурлаа таслаагүй байнгын хороо бол тус байнгын хороо юм.

 Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаар:

2018.11.20-ны өдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, УИХ-ын 2017 оны “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг Байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, цаашид авах арга хэмжээний талаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг гишүүн Д.Ганболдоор ахлуулан байгуулжээ.

Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын асуудлын талаар:

 Байнгын хорооны 2018.12.18-ны өнөөдрийн хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсож, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны 24 дүгээр тогтоолыг баталсан. Мөн тус өдөр Байнгын хороо болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран 2018.12.12-ны өдөр зохион байгуулсан “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг Ерөнхий сайдад хүргүүлсэн байна. 

Байнгын хорооноос баталсан тогтоол, зөвлөмжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлагийн ажил хариуцсан хүмүүст гардуулж, тогтоолын хэрэгжилийн талаарх мэдээллийг улирал бүр, тайланг хагас жил тутамд тус Байнгын хороонд танилцуулж байхыг үүрэг болголоо. Уг тогтоолоор төрийн болон аж ахуйн нэгж байгууллагууд ажилтныг хууль тогтоомжид зааснаас илүү цагаар ажиллуулахгүй байх нөхцөл боломжоор хангах, ажилтан, ажиллагсдад гэр бүл, үр хүүхэддээ зарцуулах цагийг олгодог байх, хүүхдийн сургууль, цэцэрлэг, дотуур байр, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны болон гэр хорооллын орчин дахь аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийх, орчны нэгдсэн стандартыг баталж мөрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон. 

Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай асуудлын талаар:

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж соёл урлагын салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэж “Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны 21 дүгээр тогтоолийг баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээллийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд холбогдох байгууллага, албан тушаалтнаас асуулт асууж, зохих үүрэг чиглэлийг өгч ажиллажээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү