Таны хүүхэд хэний хамгаалалтад үлдэв, бодож үзээрэй


2019-03-26 11:03:32

Хаалганы цаана хүүхэд уйлах чимээ сонсогдвол иргэн та яах вэ. Магадгүй энэ чимээ хэн нэгний амь аврах эхний дохио байж мэднэ. Одоогоос хоёр жилийн өмнө хүүхдийн  эсрэг бэлгийн хүчирхийлэл тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд онцгой анхаарах шаардлагатай байна” гэж УИХ-д өргөн барьсан "Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл"-д өгүүлсэн байсан. Судалгаанд хамрагдсан найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт, халдлагад өртөж байсан гэж хариулсан тухай уг илтгэлд ч дурьдсан. “...Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нь хүүхдийн биеэ хамгаалах бүрэн чадамжгүй, итгэмтгий, цайлган байдлыг ашиглан бэлгийн харьцааны зорилгоор үйлдэгддэг ноцтой гэмт хэрэг юм. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нь хэн нэгэн этгээд хүүхдийн бэлгийн халдашгүй дархан байдал, бэлгийн эрх чөлөөг зөрчсөн, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, бэлгийн болон садар самууны шинжтэй бусад үйлдэлд уруу татсан, шаардсан эсвэл энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж хүүхдийг хамгаалах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйг хэлнэ. Дэлхийн өнцөг булан бүрт 150 сая орчим хүүхэд бэлгийн халдлагад өртөж байгаагийн 50 хувь нь 16-гаас доош насных байна гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүн ам, хөгжлийкомисст илгээсэн мэдээлэлд ишлэгдсэн. Харин Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас 2014 онд хийсэн “Хүүхдийн хүчирхийлэлд өртөж буй байдал-2014” судалгаанд хамрагдсан охидын 15.0 хувьд нь тэдний эмзэг газар болох хөх, бэлэг эрхтэнд хүрч, биедээ албаар хүргэх, хөвгүүдийн 13.5 хувьд нь хэн нэгэн түүнд бэлгийн харилцааны талаар бичиж, ичээж зовоох зэрэг бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан гэжээ. Мөн 2015 онд Нийслэлийн есөн дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн 16 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2016 оны нэгдүгээр улирлын байдлаар 19 тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн хүчирхийлэл эрс нэмэгдэж байгааг харуулж байна. Өнгөрсөн даваа гарагт “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, ажлын байрны бэлгийн дарамт, бага насны охидын бэлгийн хүчирхийллийн талаар мэдээлэл хийсэн. Тэдний өгч байгаа мэдээллээс харахад гэр бүлийн хүчирхийллийн улмаас өнгөрсөн онд хохирсон 1135 хүний 93 хувь бие махбодийн хохирол амссан бол хоёр хувь нь сэтгэл санаа, дөрвөн хувь нь бэлгийн, нэг хувь нь эдийн засгийн дарамт, хохирол амссан байна. Хүчирхийлэл үйлдэгч нь хамаарлын хувьд ураг төрөл, танил, хөндлөнгийн хүн байгаа бөгөөд нийт тохиолдлын 20 нь буюу 57.1 хувь нь ураг төрөл, 9 тохиолдол буюу 25.7 хувь нь танил, 9 тохиолдол буюу 25.7 хувь нь хөндлөнгийн хүн байна. Хүчирхийлэл үйлдэгдсэн газрын хувьд 21 тохиолдол буюу 60 хувь нь хохирогчийн гэрт, зургаан тохиолдол буюу 17.1 хувь нь хүчирхийлэл үйлдэгчийн гэрт, дөрвөн тохиолдол буюу 11.4 хувь нь айлд, гурван тохиолдол буюу 8.5 хувь нь тодорхойгүй, нэг тохиолдол буюу 2.8 хувь нь машинд үйлдсэн байна. Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээлэлд дурдсанаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо бөгөөд үүнээс гадна хичнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа өнөөдөр байхгүй байна. Харамсалтай нь эдгээр хүүхдийн 48 хувь нь гэр бүл, ураг төрлийнхөө хүний хүчирхийлэлд өртөн бүх насаараа бие махбод, сэтгэл санааны гүн шархтай үлдэж байна.

 

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг ихэвчлэн хохирогчийн танил болон итгэж болохуйц ойрын хүн, итгэдэг хүн гэх мэт хүмүүс үйлддэг бөгөөд хүүхдийг эрхшээлдээ оруулахын тулд итгэлийг нь эвдэн хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх аргаар дээр дурдсан үйлдлүүдийг хийдэг байна. Өнгөрсөн онуудад бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх үзүүлэлтүүдээс харахад бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн орчин, ураг төрлийн хүрээнд нуугдмал хэлбэрээр, удаан хугацааны туршид үйлдэгдэж байгаа, мөн бэлгийн хүчирхийллийн тоо өсөх хандлагатай байна. Жишээ дурьдвал, ... Бага насны нэг охиныг сургуульд ороход нь хойд аавынх нь өсвөр насны дагавар хүүтэй хамт дотуур байранд оруулсан бөгөөд тэр хүү охиныг 2-3 жил хүчирхийлсэн байна. Үүнийг охины ээж, ангийн багш, дотуур байрны багш хэн ч мэдээгүй бөгөөд охин илт ном сурахгүй, бүрэг ичимхий, бүр сэтгэцийн өвчтэй болоход л анзаарч мэджээ. Үүнийг мэдээд цагдаад мэдэгдэж, хүүд эрүүгийн хэрэг үүсгэхэд хүүгийн аав болон хамаатнууд нь охины ээж рүү дайрч, чиний хүүхдээс болж энэ хүүгийн ирээдүй ийм боллоо, сална гэх зэргээр сүрдүүлсээр байгаад гомдолгүй гэсэн өргөдөл бичүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Тухайн ээжийн хувьд нөхрөөсөө салвал амьдарч чадахгүй учраас сүрдүүлэг, ятгалганд орж хэргийг хааж өгөхийг хүссэн.

Энэ мэтчилэн ураг төрлийн хүрээнд үйлдэгддэг бэлгийн хүчирхийллийг илрүүлэх, хохирогчийг хамгаалах, гэмт хэрэгтнийг шийтгэх зохицуулалт хангалтгүй байна. Хохирогч бүх зүйлээрээ хохироод дуусах тохиолдол гарсаар байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү