М.Оюунчимэг: Хүчирхийлэгчдэд оногдуулах ялын бодлогыг чангатгаж, илүү тодорхой зааж өгнө


2019-05-08 18:34:50

Хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд хамгийн ихээр буюу 80 орчим хувийг эзэлж байна. Энэ нь гэр бүл салалт, архины хамааралтай эцэг эх, дахин гэрлэлт, хараа хяналт сул байдаг зэргээс үүдэлтэй. Хэдийгээр хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомж хангалттай батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй, анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ур чадвар, мэдлэг мэдээлэл дутмаг, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогүй байдал нь хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд саад болж байгаа шалтгаанууд болж байгааг Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн оролцогчид онцлов.

Халамжийн мөнгө буудаг өдөр баг, хороонд архидалтын тоо нэмэгддэг. Төрсөн хүүхдүүдээ асрамж хамгааллын төвд өгчихөөд “Эхийн алдар” одонгийн мөнгө, хүүхдийн мөнгөө авах гээд хөөцөлдөж явдаг эхчүүд олон байдгийг ч энэ үеэр хэлж байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Улсын ерөнхий прокурорын газраас 2012-2016 оны хороонд 18 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх 730 гэмт хэргийн материалд суурь судалгааг хийсэн талаар танилцууллаа. Улмаар шүүхээр эцэслэн шийдэгдсэн 250 хэрэг дээрх судалгаа хийхэд, ихэвчлэн 5-6 жилийн ял авсан оногдуулсан талаар хэлж байна билээ. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэгт оногдуулж байгаа ял хэтэрхий хөнгөн байна уу?

-Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд бүх насаар нь хорих заалттай. Гэвч бүх насаар нь хорих ял оногдуулсан нэг ч тохиолдол байхгүйг хэлж байна. Эндээс харвал шүүх хөнгөн хэлбэрээр ял оногдуулж байна гэх дүгнэлт хийхэд хүргэж байна. Хүчирхийлэл үйлдэгчдийн насны хувьд 19-35 насныхан дийлэнх буюу 58,4 хувийг эзэлсэн талаар судалгаа хэлэлцүүлгийн үеэр танилцуулж байна. Ингэхдээ эрхэлсэн тодорхой ажилгүй, амьжиргааны түвшнөөс доогуур орлоготой, өмнө нь гэр бүлдээ бие махбодь болон сэтгэл санааны дарамт учруулдаг байсан хүмүүс ийм хэрэг үйлдсэн.

-Шүүх ялыг хөнгөвчилсөн байдлаар оногдуулж байгаа шалтгаан нөхцөлийн талаар судалгаа бий юу?

-Энэ талаар судалгаа хийж үзсэн. Нэгдүгээрт, тухайн этгээд сайн өмгөөлөгч авч өөрийгөө хамгаалуулдаг. Хоёрдугаарт, шүүх бүх насаар нь хорихоос илүүтэй 5-6 жил хорих байдлаар асуудлыг шийдвэрлэж байгаа нь нийгмийн давхаргатай холбоотой. Хохирогч ихэвчлэн эмзэг бүлгийн, өөрийгөө хамгаалах чадваргүй, мөн санхүүгийн чадваргүй байдлууд нь хэргийг хөнгөнөөр зүйлчлэх шалтгаан болдгийг судалгааны дүгнэлтэд дурьдсан байдаг.  Тийм учраас гэр бүлийн суурь судалгаа их чухал. Дэлхийн бусад улс оронд гэр бүлийн суурь судалгааг маш сайн хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тэр гэр бүлд ийм хүүхэд бий. Тэр өрхөд анхаарлаа хандуулж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэх байдлаар судалгааг тодорхой, дэлгэрэнгүй гаргаж, анхаарлаа хандуулж, урьдчилан сэргийлэх нь чухал. Мөн шударга шүүх. Манайд нөгөө л нийгмийн давхаргаас шалтгаалж ялыг бодитоор оногдуулдаггүй гажуудал бий. Иймээс ялын бодлогыг чангатгах нь зүйтэй.

-Цаазын ялыг сэргээхээр байдлаар уу, эсвэл хөнгөвчлөх хэлбэр үү?

-Үүнээс илүүтэй ялыг тодорхой зааж өгөх. Бага насны хүүхэд хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн тохиолдолд ийм арга хэмжээ авна гэдгийг тодорхой зааж өгөх. Жишээ нь, химийн тариа хийх гэдэг ч юм уу. Эсвэл дэлхийн бусад орны жишгээр амийг амиар гэх байдлаар ялыг тодорхой зааж өгөх юм. Монгол Улсын хувьд олон улсын конвенцид нэгдэн орсон. Тиймээс  цаазаар авах асуудал нэлээд сөрөг үр дагавар дагуулна гэсэн болгоомжлол хуульчдын зүгээс бий. Иймээс ялын бодлогыг чангатгахын зэрэгцээ бага насны хүүхэд хүчирхийлж, амь насанд нь хүрсэн бол тийм ял гэдгийг нь тодорхой зааж өгснөөр хөнгөвчлөх байдал үүсэхгүй.  

-Олон улсын туршлагыг судалж байгаа гэж байсан. Иргэдийн хувьд цаазаар авах, эсвэл химийн тариа хийж хөнгөлөх хувилбарыг дэмжиж байгаагаа цахим орчинд илэрхийлэх болсон. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Тэр нь зохимжтой гэж одоогоор хэлэх боломжгүй. Холбогдох байгууллагууд судалгаа хийж, дүгнэлтээ гаргаж энэ асуудлыг эцэслэнэ. Гагцхүү ялын бодлого чанга байх ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа.

-Гэхдээ ялын бодлогыг чангатгахаас илүүтэй хуулиа хэрэгжүүлэх нь чухал юм шиг. Жишээ нь, бүх насаар нь хорих заалт бий атал өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй байгаа нь гажуудал биш үү?

-Яг зөв. Бүх насаар нь хорих гээд заагаад өгчихсөн хэрнээ хэрэгждэггүй. Тиймээс миний дээр хэлсэнчлэн ийм хэрэг үйлдсэн бол үүнээс өөр хувилбаргүй гэх байдлаар тодорхой зааж өгөх юм. Жишээ нь, бага насны хүүхэд хүчирхийлсэн тохиолдолд химийн тархиа хийнэ, эсвэл цаазаар авдаг ч юм уу. Дэлхийн бусад оронд хэрэгтнийг олон нийтэд ил болгож, нийгэмд амьдрах боломжгүй болгодог арга ч бий. Юутай ч сайтар судалгаа хийж, ойрын хугацаанд асуудлыг эцэслэнэ. УИХ-ын даргын захирамжаар хоёр ч ажлын хэсэг ажиллаж байна.

-Хүчирхийлэгч нэг л өдөр  төрдөггүй. Тиймээс сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтныг хариуцлагажуулах, мэргэшүүлэх шаардлага бас үгүйлэгдэж байна. Сургуулийн орчинд хүчирхийлүүлсэн хэд хэдэн тохиолдол ч бий?

-Гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хамтарсан багийн нэг нь нийгмийн ажилтан байна гэсэн заалт бий. Гэвч хороо, дүүргүүдэд байгаа нийгмийн ажилтнууд нэгдүгээрт, хүүхэд хамгааллын чиглэлийн мэргэжлийн бус. Мөн цалин багатай, ажлын нөхцөл муу зэргээс үүдэн тогтдоггүй. Гэр хорооллоор хэдэн сар явган алхаад сүүлдээ залхаж ажлаасаа гардаг ч юм уу. Иймэрхүү байдлаар ойр ойрхон солигддог. Ер нь ганц нийгмийн ажилтан гэлтгүй гэр бүл, хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг хийж байгаа хүмүүс ч хангалтгүй ажиллаж байгаа нь харагдаж байна. Нөхцөл байдалтай нүүр тулж байгаа төрийн бус байгууллагын төлөөлөл ч нийгмийн ажилтнуудад найдаад хэрэггүй гэдгийг хэлэлцүүлгийн үеэр хэлж байна. Дэлхийн бусад улс оронд нийгмийн ажилтан гэдэг хангалттай цалин, хангамжтай, тогтвор суурьшилтай, мэргэшсэн хүмүүс байдаг. Тиймээс 2020 оны төсвийг хэлэлцэхдээ холбогдох яамдуудтай хамтран нийгмийн ажилтныг улам боловсронгуй болгох асуудлыг оруулна. Хүүхдийн байцаагч шиг хэмжээнд ажиллах нөхцөл боломжоор хангах асуудлыг хөндөнө гэж бодож байна.

-Хохирсон хүүхдийн эрхийг хамгаалах асуудал ч мөн анхаарлын төвд байх шаардлага бий боллоо?

-Эрүүл мэндийн тухай хуульд хохирсоны дараах эмчилгээний талаар тодорхой заалтууд бий. Гэвч манайд хохирсон хүүхдийн эрхийг хамгаалах асуудал хамгийн хангалтгүй. Холбогдох яамдууд үүргээ биелүүлэхгүй байна. Өөрөөр хэлбэл, тэд хохирсон хүүхдэд, хөдөө орон нутагт,  эмзэг бүлэг, өнөөх гудамжинд хүрч үйлчилсэнгүй. Төрийн байгууллагууд хүүхдийн эрхийг хамгаалах ажилд тун хангалтгүй ажиллаж байгаагийн илрэл нь энэ. Төсөв мөнгийг нэмж өгөөд байдаг. Гэтэл төсөв нь дугаар хорооны Дулмаадаа хүрэлгүйгээр, замдаа өөр зүйлд зарцуулагддаг.  Судалгаа сурталчилгаа, ном дэвтэр, гарын авлага гэх зүйлд зарцуулж, өнөөх эмзэг бүлгийн, зорилтот бүлгийн хүүхдэд хүрч зарцуулагддаггүй. Иймээс УИХ-ын даргатай ярьж Хүүхдийн эрхийг хамгаалахад төсөвлөсөн мөнгө эзэндээ хүрсэх эсэх, чухам юунд зарцуулагдсаныг шалгана. Тэр мөнгөөр хийгдсэн ажлуудтай ч мөн газар дээр нь очиж танилцана. Ингэснээр бодитой өөрчлөлт хийж, үр дүн гарна гэж найдаж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү