Та хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг мэдэх үү


2019-05-14 17:22:31

Таны хүүхдийн хүсэл юу вэ. Тэд чухамдаа юу хүсэж, мөрөөддөгийг та мэдэх үү. Энэ асуултыг та өөртөө тавиад үзээрэй. Хүн бүр хүүхдээ аз жаргалтай байлгахын тулд ажиллаж, хөдөлмөрлөж байна хэмээн хариулдаг. Цаг наргүй, завгүй амьдралын дунд хүүхдээ хэн болж төлөвшиж, өсөн торниж байгааг ч тэр бүр анзаардаггүй. Хоолтой, өмсөх хувцастай байлгаж, хааяадаа чихэр, жимс авч өгдгөө тэдэнд анхаарал хандуулж, аз жаргалтай байлгаж байна гэж эндүүрэх нь  бий.

Гэвч хүүхэд чихэр, жимс биш зөвхөн хайр халамж хүсэж байдгийг Ерөнхийлөгчид илгээсэн хүүхдүүдийн захидлаас харж болно. Төрийн тэргүүнд 13000 хүүхэд хүсэл мөрөөдлөө бичсэн захидал илгээсэн. Тэдний хүссэн хайр халамж тун энгийн. Гар утастайгаа биш өөрсөдтэй нь амьд харилцаа үүсгэж, нүүр тулж хүсэл мөрөөдлийг нь сонсох.

Маргааш Олон улсын гэр бүлийн өдөр. Энэ өдрийг угтан Ерөнхийлөгчийн ивээл дор “Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөн Төрийн ордонд болов. Гэр бүл бүр төрийн ивээл хамгаалалтанд байж, хүүхэд бүр гэр бүлд хүмүүжнэ гэсэн хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангана хэмээн “Төрөөс баримтлах хүн амын бодлого”-т заасан байдаг. Гэвч нийгмийн тогтолцооны хамгийн чухал хэсэг болсон гэр бүлийг тойрсон салалт, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл гэсэн асуудлууд ихсэж үүнээс улбаалан хүүхдийн энэхүү язгуур эрхийг зөрчих явдал ихсэх хандлагатай болсон.

Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачлагаар Цагдаагийн ерөнхий газар, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран “ЗӨВ ТУСГАЛ” нэг сарын хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа.

Зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга “Сүүлийн гурван жилийн байдлаар гэхэд 3000 гаруй хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5000 гаруй хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Хүүхдүүд ихэвчлэн зодоон, танхай, хулгай, залилан, дээрэм зэрэг гэмт хэргийг үйлдэх буюу хохирогч болж байгаагийн дийлэнх нь 16-18 насных байна.

Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр олон ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа ч хангалттай нь үр дүнд хүрэхгүй, хүч дутаж байгаа байдал анзаарагддаг. Энд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа дутагдалтай байна” гэдгийг онцолсон.

Гэр бүл гэдэг тун эмзэг. Нялх хүүхдийг өдөр бүр арчилж байдагтай адил гэр бүлийн харилцааг ч мөн усалж, тордож байхгүй бол гундаж, эцэст нь үндэснээсээ мултардаг гэдгийг зөвлөгөөнд оролцогчид хэлж байсан юм. Гэр бүлийн харьцаа гундахын хэрээр тэнд өсөн торниж буй хүүхэд сэтгэл гутралтай, өөртөө итгэлгүй нэгэн болж төлөвшдөг аж. Тэр ч бүү хэл, хүчирхийлэгчээс хүчирхийлэгч төрдөг гэх хэлц ч бий. Иймд та хэн байна хүүхэд тань ч тийм хүн байх юм.

Монголчууд ураг барилдахдаа удмыг нь хар гэлцдэг. Алим мөчрөөсөө хол унадаггүй юм гэгчээр хүүхэд бол таны толь. Хичнээн мундаг сургуульд, гадаад дотоодод төлбөр мөнгө өгч сургасан ч эцэст нь тэр таныг л дууриана.

Сүүлийн гурван жилийн байдлаар 2800 гаруй хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4900 гаруй хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон тоо баримт бий. Үүнийг дүгнээд үзэхээр ойрын 10 жилд дунджаар 15 мянган хүүхэд ямар нэг хэмжээгээр хохирох хар зураг харагдаж байгааг цагдаагийн байгууллагынхан мэдэгдэж байна. 

Цагдаагийн байгууллагад жилд 600 гаруй мянган дуудлага ирдэг аж. Өнгөрсөн жил гэхэд 625950 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 5 хүн тутмын 1 нь ямар нэгэн байдлаар цагдаагийн байгууллагад дуудлага өгч байна гэсэн үг. Дэлхийн бусад оронд 300 хүн тутмын 1 нь дуудлага өгдөг гэх статистик мэдээлэл бий.

Тэр дундаа мэдээллийн ихэнх нь гэр бүлийн харилцаа. Хохирогчид нь хүүхэд, эмэгтэйчүүд. Үндэсний статистикийн газраас 2016 онд 16,900 гэр бүл гэрлэлтээ батлуулж байсан бол 2017 онд 20,500 болж нэмэгджээ. Гэвч албан ёсны гэрлэлт нэмэгдэхийн хэрээр гэр бүл цуцлалт ч нэмэгдэж байна. Жилд дунджаар 20 мянга орчим гэр бүл гэрлэлтээ батлуулдаг бол 4,000 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн судалгаа бий. Гэхдээ энэ 4,000 мянга бол зөвхөн хууль ёсны гэр бүлийн салалтын тоо. Салалтын шалтгаан нь архидалт, хүчирхийлэл.

Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа суурь шалтгаан нь эцэг эхчүүдийг үүрэг хариуцлага маш сул байгаатай холбоотой. Хүүхдээ эерэг, зөв аргаар хүмүүжүүлж чадахгүй байгаатай холбоотой. Монгол гэр бүлүүд хэрхэн зөв үлгэр дууриалтай байх вэ гэдгээ сайн мэддэггүй. Иймээс “Зөв тусгал” аяны хүрээд эерэг мессэжийг иргэддээ тараая, өөрсдийнх нь үздэг, сонсдог бүх сувгаар хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ, эцэг эхийн үүрэг оролцоо ямар байх вэ гэдгийг ойлгуулахыг зорьжээ.

Эцэг эх, асран хамгаалагчид маань нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр та хүүхэдтэйгээ яаж харьцана 20-30 жилийн дараа хүүхэд тань тантай яг тэгж л харьцана. Хүүхэд том байж үзээгүй. Харин та өөрөө хүүхэд байж үзсэн гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.  Тиймээс ирээдүйн амьдралаа амгалан тайван байлгая гэдэг бол, үр хүүхэддээ сайн сайхныг хүсдэг бол хүүхэддээ зөв үлгэр дууриал үзүүлж, зөв харилцдаг байх хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү