Гэртээ хурдан биш амьд л очих нь чухал


2019-06-03 10:41:13

Уншигч та ажилдаа цагтаа ирэх нь, бас гэр бүл, үр хүүхэддээ хурдан очих нь чухал. Гол нь амьд очих нь үүнээс ч илүү чухал юм. Зам тээврийн осол, хэргийн улмаас зөвхөн 2016 онд 479 хүний амь нас хохирчээ. Улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 2018 онд 940 бүртгэгдсэн нь өмнөх оноос 78 буюу 7.7 хувиар буурчээ. Харин 2019 оны эхний 4 сард 219 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4 буюу 1.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, энэ нь Монголын иргэний агаарын тээвэрт хэрэглэгдэж байгаа 124 хүний суудалтай “Airbus А-319” маркийн агаарын дөрвөн ширхэг онгоц сүйрсэн хэмжээний дүн юм. Мөн дээрх нас баралтын 50 нь хүүхэд байгаа нь Ерөнхий боловсролын сургуулийн нэг бүлэг үгүй болсонтой зүйрлэхүйц. Тиймдээ ч автын ослыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх шаардлага бий болсон.

2018 онд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /ЭХ-ийн 27.10/ гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон хэрэг 182 бүртгэгдсэнийг өмнөх онтой харьцуулахад 52 буюу 22.2 хувиар буурч, 2019 оны эхний 4 сард 68 бүртгэгдсэн нь өмнех оны мөн үеэс 35 буюу 2.1 дахин өсчээ.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн Автогээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /ЭХ-ийн 27.10/ гэмт хэргийн улмаас 2018 онд 45 хүүхэд нас барж, 143 хүүхэд гэмтсэнийг өмнөх онтой харьцуулахад нас барсан хүүхэд 10 буюу 18.2, гэмтсэн хүүхэд 18 буюу 11.2 хувиар тус тус буурчээ.

Нас барсан хүүхдийн 42.2 хувийг сургуулийн өмнөх насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд өмнөх онтой харьцуулахад 36.7, гэмтсэн хүүхдийн 32.9 хувийг 8-13 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд емнөх онтой харьцуулахад 27.7 хувиар буурчээ. Хохирогч хүүхдийн 698 нь явганаар, 288 нь тээврийн хэрэгслээр, 63 нь дугуйгаар зорчиж байсан, үүнээс нас барсан хүүхдийн 24.4 хувь нь явганаар, 75.6 хувь нь тээврийн хэрэгслээр зорчин зам тээврийн осолд өртжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эсвэл хурд хэтрүүлэх явдал Монголд түгээмэл. Шулуухан хэлэхэд, энгийн зүйл мэт. Өнгөрсөн онд л гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 104 хүн нас барж, 191 нь хүнд болон хүндэвтэр гэмтэл авчээ. Нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдрийг “Архи согтууруулах ундаа худалдаалахгүй өдөр” болгон зарласан. Гэвч архи зардаггүй эл өдөр л гэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хамгийн багадаа л 30 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлдэг. Үүнээс гадна нисэх мэт салхи татуулан давхих.

Нас барсан хүүхдийн 26.7 хувь нь нийслэлд, 73.3 хувь нь орон нутгийн замд осолд өртжээ. 15.6 хувь нь тээврийн хэрэгсэл мөргөлдсөн, 60.0 хувь нь онхолдсон, 24.4 хувь нь явган зорчигчийг мөргөсен хэлбэрээр үйлдэгдсэн байна. Тээврийн хэрэгсэлд дайруулж, мөргөгдөн нас барсан хүүхдийн 7 нь буюу 63.6 хувь нь 10 хүртэлх насны хүүхэд байна.  Нийслэлийн бүсээс гарч, цагдаагийн хяналтаас суларлаа гэсэн шиг хурд хэтрүүлэх явдал түгээмэл аж. Гэвч үхлийг хэн ч хуурч чаддаггүй хойно.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар 90 км цагийн хурдтай яваа тээврийн хэрэгсэл мөргөлдөхөд 10 давхараас унаж байгаатай ижил эрсдэл учирдаг байна. Энэ мэтчилэн 30 км цагийн хурдтай яваа бол нэг давхараас унахтай адил бэртэл учирдгийг тогтоожээ. Урин цаг ирж, амралт зугаалгын үе удахгүй эхлэхтэй холбоотой орон нутгийн замын ослын тоо ч эрс өсдөг байна.

Авто тээврийн осол нь ганц жолооч, эсвэл осолд өртсөн явган зорчигчид хамраалтай зүйл мэтээр ойлгох нь бий. Тиймдээ ч жолоочийн хажууд эсвэл ард суугаа зорчигч хамгаалах бүс зүүдэггүй, хүүхдийн зориулалтын суудалд суулгадаггүй тохиолдол олон. Хамгаалах бүсийг хэрэглэсэнээр жолооч, тээврийн хэрэгсэлээр зорчигч осолд өртөх тохиолдолд жолооч, автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард сууж явсан зорчигчийг 25-75 хувиар осол гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн тайланд тусгагджээ. Манай улсад хүүхдийн зориулалтын суудал, хамгаалах бүсний хэрэглээ хэвшээгүй, автомашинаар хүүхдээ тээвэрлэж буй хүн бүрт зориулалтын суудал, хамгаалах бүсний ач холбогдол, ослын үед эрсдлийг тодорхой хэмжээнд бууруулдаг талаарх мэдлэг, хандлага, дадлыг хэвшүүлэх нь чухал байгаа юм.

Дайны цагт буюу Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт 1939 онд дөрвөн жил үргэлжилсэн “Халх голын дайн”-д 2491 монгол цэрэг амь насаа алдсан гэх тоо бий. Гэтэл өдгөө энхийн цагт буюу сүүлийн дөрвөн жилд зам тээврийн ослоор 1961 хүн нас барсан аймшигт мэдээ бий. 2019 оны эхний 4 сард 11 хүүхэд нас барсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 буюу 2.2 дахин, 54 хүүхэд гэмтсэн нь 26 буюу 92.9 хувиар тус тус өссөн байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар зөрчил гаргасан жолооч нарт тооцох хариуцлагыг нэмэгдүүлж, торгуулийн хэмжээг өндөрсгөсөн. Ингэснээр өдөрт гардаг зөрчлийн тоо буурсан гэнэ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш жолооч нар өдөрт дунджаар 40-50 сая төгрөгийн торгууль төлдөг болжээ. Улмаар жилд 12 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулдаг аж. Торгуулийн хэмжээ нь замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын дүрэм мөрдөхгүй байгааг харуулж байна гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Учир нь жолооч нар зам дээр цагдаа байхгүй бол л дүрэм зөрчихөө урьтал болгодог. Гэтэл Улаанбаатар хотод замын хөдөлгөөн хянах, зөрчил бүртгэх 69 цэгт, 113 камер байдаг. Эдгээр камерийн бичлэгийг ашиглаж, зөрчил гаргасан жолооч нарт торгуулийн арга хэмжээ авч, хариуцлага тооцдог байна.

Монгол Улс 2006 онд 489 цагдаатай байхад тээврийн хэрэгслийн тоо 177.313 байжээ. Тэгвэл өнгөрсөн жилийн байдлаар 523 замын цагдаатай болсон бол 784.574 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Мэдээж жолоочийн тоо ч хэр хэмжээгээр өссөн. Жолооны курсууд борооны дараах мөөг шиг олширч, чанаргүй жолооч нарыг ар араас нь үйлдвэрлэж буй нь ч ослын шалтгаан өсөх нэг үзүүлэлт. Мөн тээврийн хэрэгслийг монголчилдог бидний зан ч ослын тоог нэмэгдүүлдэг аж. Тээврийн хэрэгслийн насжилт нэмэгдэхийн хэрээр тухайн техникт “гажуудал” бий болдог байна. Дээр нь автомашиныг өндөрлөх, бусад тоног төхөөрөмжийг “монголчлох” нь аюул дагуулдгийг жолооч нар тоодоггүйтэй холбоотой. Мөн сүүлийн үед морио мотоциклиор сольсноос үүдэлтэй осол гэмтэл ч нэмэгджээ.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт өнгөрсөн оны байдлаар 1932 хүн холбогджээ. Дээрх хүмүүсийн хүйсийн ерөнхий харьцааг авч үзэхэд эрэгтэй жолооч 87,8 хувь, эмэгтэй жолооч 12,2 хувийг эзэлж байна. Насны байдлаар нь үзвэл 58.7 хувийг 18-34 насны ид хөдөлмөрийн насны хүмүүс эзэлж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Мөн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг нийгмийн байдлаар нь судлахад 905 буюу 46.8 хувийг ажилгүй иргэд, 406 буюу 21 хувийг хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 250 буюу 12.9 хувийг хувийн хэвшлийн ажилчид эзэлж байгаа бол боловсролын хувьд 50 хувь буюу 966 нь бүрэн дунд боловсролтой, 477 буюу 24,74 хувийг дээд боловсролтой хүмүүс гэмт хэрэг үйлдсэн тоон үзүүлэлт гарсан байна. Иймд иргэн бүр учирж болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, замын хөдөлгөөнд соёлтой оролцож, дүрмээ мөрдөх нь чухал юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү