Г.Өнөрбаяр: Төрийн бус байгууллагуудыг нэгтгэж холбоо байгуулах хэрэгтэй


2019-07-02 15:43:00

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 105,7 мянган иргэн амьдарч байна. Бид энэ хүмүүстээ анхаарал халамж тавьж, хүн бүрт хүрч ажиллах үүрэгтэй. Энэ эрх, үүргээ эдлэхэд учирч байгаа бэрхшээл болоод үүнийг хэрхэн даван туулах гадны орнуудын туршлага судлах Ази номхон далайн бүсийн IV конгресс Монгол Улсад болж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнд Ази, номхон далайн 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож, өөрийн орны сайн туршлагаа ярьж, хэлэлцүүлж байгаа юм. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Ази, Номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөдөр чуулж байна. Чуулганы үр дүнг хэрхэн харж байгаа вэ?

-Ази, Номхон далайн бүсийн улс орнуудыг хамруулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх IV конгресс болж байна. Өмнөх гурван конгрессийг бусад улс орнуудад ихэвчлэн төрийн бус байгууллагууд зохион байгуулж байсан. Энэ удаагийн конгрессийг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудалд Монгол Улсын Засгийн газар ач холбогдол өгч, анхаарал хандуулж байгаагийн илрэл.

Өнөөдрийн олон улсын конгресст 43 орны төлөөлөл оролцож байна. Засгийн газрын болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө хувиараа ирж оролцож байна. Энэ хурлаар Ази, Номхон далайн бүс нутгаас ямар улс орнуудын бодлого хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ сайн хүрч байгаа, өмнөх конгрессийн тунхагаа хэрхэн хэрэгжүүлэв, энэ бүс нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг яаж авч хэлэлцэх вэ. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргшэд гэлтгүй хүн бүрт тэгш хүртээмжтэй бодлогыг улс орнууд бий болгож, Засгийн газар үүрэг хүлээх ёстой гэдэг асуудлыг хэлэлцэнэ. 

-Дэлхийн бусад улс оронд энэхүү конгрессийг төрийн бус байгууллагууд зохион байгуулж байсан гэж байна. Манай улсын хувьд Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байна. Засгийн газрын зүгээс төрийн бус байгууллагад ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их тусламж үзүүлж байгаа нь иргэний нийгмийн байгууллага. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн оролцоо, үүсэл санаачлагаар байгуулагдсан төрийн бус байгууллагаараа дамжуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Бусад улс орнуудад ч ийм жишиг байдаг. Манай улсын хувьд иргэний нийгмийн мэргэшсэн байгууллага бий. Төрийн зүгээс эдгээр байгууллагаар дамжуулан төрийн тодорхой ажил үүргийг хэрэгжүүлэх ёстой юм. Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудыг нэгтгэж, нэгдсэн холбоо байгуулах хэрэгтэй гэж үзэж байна.

-ХНХЯ-наас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулахад цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

-Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн  хамгааллыг сайжруулах зорилгоор бодлого, зорилтоо хэрэгжүүлэн явж байна. Юуны өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асаргаа, асарч байгаа хүмүүсийн тэтгэмжийг нэмэгдүүлсэн. Эдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал дээр онцгой анхаарч байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, Засгийн газрын тогтоол шийдвэрээр хөгжлийн  бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй аж ахуйн нэгжүүдийн хураамжийг нэмсэн. Тэр хураамжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд зарцуулж ирсэн. Энэ зарцуулалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө хариуцаж ажилладаг. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрт илрүүлэг чухал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оношыг эрт илрүүлж, эмчилж чадсан тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн түвшин буурах боломж байдаг.

Энэ тал дээр манай яам анхаарч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрт илрүүлэгийн төслийг хэрэгжүүлж байна. Зургаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төвийг байгуулж байна. Тэнд өөрсдийн асуудлаар шийдвэрлэх чиглэлээр орон нутгийн байгууллага, бусад байгууллагатай хамтарч ажиллах сайн жишгийг нэвтрүүлж байгаа. Саяхан 250 ортой хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хөгжлийн төв ашиглалтад орсон. Тэнд асаргаа, сувилгаа, эмчилгээг явуулснаар ахиц дэвшил гарна гэж бодож байна. Ирэх жилээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын ордон барьж, байгуулах ажлыг эхлүүлнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү