Ц.Ганчимэг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг заавал авч ажиллуулахаас гадна сонголт санал болгох боломжтой


2019-07-08 10:24:06

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, тэднийг хөгжүүлэх чиглэлээр өнгөрсөн оны наймдугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулсан. Монгол Улсын  нийт хүн  амын 3.4 хувь буюу 105.6 мянган  хөгжлийн  бэрхшээлтэй иргэн гэсэн статистик мэдээлэл бий. Байгуулагдаад жилийн нүүр үзэх гэж эл байгууллагын дарга Ц.Ганчимэгтэй цөөн хором ярилцлаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүсийн хэмжээнд бэрхшээл болоод түүнийг шийдвэрлэх арга туршлагын талаар хоёр өдөр ярилцлаа. Конгрессийн үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ази, Номхон далайн бүсийн орнуудын IV конгресс манай улсад анх удаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хуралдааныг зохион байгуулахад гар бие оролцож, асуудал бэрхшээлээ өөрсдөө хэлэлцэж, ярилцсан. Мөн Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудалд анхаарал хандуулж, ач холбогдол өгч үйл ажиллагаа явуулж байна гэдгийг харуулсан томоохон үйл ажиллагаа гэж дүгнэж болох юм. Түүнчлэн улс орнуудын амжилттай хэрэгжүүлж байгаа олон сайн жишээг нутагтаа авч үлдэх бололцоо боломжийг бүрдүүллээ. Конгрессоор “Улаанбаатарын тунхаглал” гэх 2023 хүртэл хэрэгжих тунхаг бичгийг баталсан.  43 орны төлөөлөгчид өөрсдийн улс орондоо энэ тунхаг бичгийг хэрэгжүүлж,  2023 онд болох V конгрессоор үр дүнг хэлэлцэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй нэг ч хүнийг орхигдуулахгүйгээр нийгмийн амьдралд оролцуулах нь чухал.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төр, засгийн хэмжээнд авч хэлэлцэхдээ халамжийг нэмэгдүүлэх байдлаар асуудлыг шийдвэрлэж байсан. Энэ удаад хандлага нэлээд өөрчлөгдөв үү?

-Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвхөн сэргээн засах, нийгмийн халамжид хамруулах ёстой гэсэн байдлаар хандаж ирсэн гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх буюу бүх талын үйлчилгээг тэр хүнд хүртээмжтэй хүргэх талаар хэлэлцэж байна. Хүн бүрт хүртээмжтэй нийгмийг бий болгохын тулд нийгмийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал. Энэ нь ганц хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал бус юм. Тэднээр дамжуулан нялх хүүхэдтэй ээжүүд, ахмад настан, цаг үеийн байдлаар гэмтэл согог авсан иргэдэд ч хүртээмж, нийгмийн оролцоо чухал. Тиймээс хүртээмжтэй нийгмийг бүрдүүлэхийн төлөө төр засаг анхаарч, төрийн бус байгууллагууд хамтран ажиллах, салбар дундын уялдааг зохицуулах олон ажлуудын гарцыг харж авсан ололт амжилт дүүрэн конгресс зохион байгуулагдлаа.

-Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх дээр гол тулгамдаж буй зүйл юу байна вэ?

-Нэгд, манай улс дэд бүтцийн хувьд хүртээмж дутмаг, саадтай байгаа. Хоёрт, хөдөлмөр эрхлэлт дээр тэр болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань хувиараа хөдөлмөр эрхлэхээс хэтрэхгүй, санхүүгийн дэмжлэг авч байгаа. Энэ нөхцөл байдлыг өөрчлөх ямар туршлага байна гэдгийг бид өнөөдрийн чуулган, хуралдаанаас судалж гаргаж ирэх юм.

-Манай улсад ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой ямар сайн туршлага байна вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийн талаар шинэ ахиц дэвшил гаргах шаардлага байна. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвхөн 20 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Ингэхдээ тэд хувийн болон өрхийн үйлдвэрлэл эрхэлж байх жишээтэй. Иймээс нэгдүгээрт, Засгийн газрын тогтоолд тусгагдсан 25-аас дээш ажилтанд 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх заалтыг хэрэгжүүлэх.

-Албан байгууллагууд Засгийн газрын тэрхүү тогтоолыг хэрэгжүүлэх боломжийн талаар ам муутай байдаг шүү дээ?

-Хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд тодорхой сонголтуудыг авч хэрэглэх. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айл эсвэл гэр бүлийг дэмжих сонголт байж болно. Өөрөөр хэлбэл, заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг бус тэдний гэр бүлийг ажлын байраар хангах, хийж байгаа бүтээгдэхүүнийг нь худалдан авах боломжуудыг бий болгох юм. Өнөөдөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд мөнгө оруулах ёстой гэж аж ахуйн нэгж, байгууллагыг шаарддаг боловч энэ нь хэрэгждэггүй. Иймээс олон сонголтыг тэдэнд бий болгосон Тайланд улсын сайн жишээ байна. Энэ жишээг манай улс ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломж бий.

Хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж чадах мэргэжлийг судалгаагаар гаргаж, ажиллах боломж нөхцөлийг судалж байна. Яагаад гэвэл аль нэг байгууллага хуулийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулъя гэхэд бид бэлтгэгдсэн боловсон хүчний бэлэн нөөцтэй байх шаардлагатай. Энэ үүднээс хүмүүсээ бэлтгэх, боловсон хүчнээ бүрдүүлэх дээр голлон анхаарч байна. Энэ зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас эхний ээлжинд албан ёсоор ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүртгэж, цааш нь тухайн хөдөлмөрт бэлтгэх, мөн ажлын байран дээр дадлагажуулах ажлыг шат дараатай хийхээр төлөвлөж байна.

-Улсын хэмжээнд 105 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэж байна. Тэднээс ажил хөдөлмөр эрхлэх боломжтой хичнээн хүн бий вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 60 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхлэх боломжтой. Нийтдээ 105.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 11 мянга нь хүүхэд. Зайлшгүй асаргаа сувилгаа шаардлагатай 20 гаруй хувь бий. Мөн ахмад настан гээд авч үзвэл 60 орчим хувь нь ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхлэх боломжтой. Гэхдээ өөрийнхөө бэрхшээлд тохирсон хөдөлмөр эрхлэх боломжтой гэсэн үг. Түүнээс биш энгийн хүн шиг аль нэг албан байгууллагад шууд ороод ажиллах боломжгүй. Тэдэнд тохирсон хөдөлмөр эрхлэлтийг бий болгохын төлөө Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг байгуулах хэрэгтэй. Энэ сангаар дамжуулан тухайн албан байгууллагын хураамжийг төвлөрүүлэх юм. Улмаар үүнийг тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэл, гэр бүлийг нь дэмжих болон хувь хүний хөгжлийн зориулахаас гадна хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх ажлуудыг зохион байгуулахад зарцуулах шаардлагатай байна.

-Хөдөлмөр эрхлэх боломжтой иргэд танай байгууллагад хэр их ханддаг вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн оны наймдугаар сард байгуулагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд агентлаг хандах нь их. Тэд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ анхаардаг төрийн захиргааны байгууллагатай болсондоо талархалтай ханддаг. Манай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй ч хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдээ бүртгэж, хүний нөөцөө бүрдүүлж байгаа. Магадгүй агентлаг байгуулагдахаас өмнө албан байгууллага, аж ахуй нэгж хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулах сонирхолтой байсан ч хаана хандахаа мэддэггүй, эсвэл асууж сураглаад өнгөрдөг байсан байх.

Харин агентлаг байгуулагдсанаар иргэдээ бүртгэж, хүний нөөцөө бүрдүүлэхээс гадна албан байгууллагууд руу анкетийг нь илгээдэг. Эхлээд бэрхшээлд нь тохирсон хөдөлмөр эрхлэх боломж, ажлын нөхцөл шаардлагыг бүртгэлжүүлж байна. Ингэснээр тэр чиглэлээр ажилладаг албан байгууллага, аж ахуйн нэгжид тэр хүний анкетыг хүргүүлэх юм. Гэхдээ ажилд зуучлаад өнгөрөх биш. Нөгөө хүнээ бэлтгэнэ. Нэг албан байгууллагад ажилд орсон ч хөгжлийн бэрхшээлтэй гэдгээсээ айж, ичдэг явдал бий. Тиймээс тэр албан байгууллагын ажилчдын хандлагыг өөрчлөх, сургалт зохион байгуулах гээд олон ажил бий. Гол нь хоёр талын хамтын ажиллагааг өрнүүлж, хөдөлмөрт бэлтгэснээр тэр хүн илүү тогтвор суурьшилтай ажиллах, тухайн хамт олон илүү ойлгож хүлээн авах сайн талтай.

-Дохионы хэлний хэлмэрч дутагдалтай, үүнээс болж өөрсдийгөө ойлгуулж, тусламж үйлчилгээ авч чаддаггүй гэх гомдол гарах нь бий. Дохионы хэлмэрч бэлтгэх, тэдний сургах боломж бололцоо хэр байдаг вэ?

-Энэ бол хаа сайгүй байгаа асуудал. Конгрессийг угтаж олон ажил амжуулсан. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор зочид буудлын үйлчлэгч нарт сургалт зохион байгуулсан. Сайн дурын 100 гаруй ажилтныг бэлтгэлээ. Дохионы хэлний хэлмэрч 18 хүнтэй багийг бэлтгэсэн. Олон улсын дохиогоор ажилладаг 6, монгол дохиогоор ажилладаг 8, сонсголтой мөртлөө дохидог, сонсголгүй мөртлөө дохидог хүмүүстэй ажилласан. Конгрессийн үеэр олон улсын болон монгол дохиогоор ажилласан нь нэг талдаа мэдээллийн хүртээмжийг сайжруулахад ахиц гарсан гэж бодож байгаа. Ази, Номхон далайн бүсийн орнууд энэ тал дээр нэлээн талархалтай байсан. Цаашид дохионы хэлмэрч, орчуулагчийн журмыг батлах, тодорхой стандарт мөрдөх, цаашлаад үнэлэмжийг нь бий болгох, боловсон хүчин бэлтгэх тал дээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллана.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлдөг хичнээн төрийн бус байгууллага байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар үйл ажиллагаа явуулна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас гэрчилгээ авсан 680 байгууллага байдаг. Үүнээс сургалт хийх, тайланг нь авах байдлаар олон удаагийн уулзалт зохион байгуулж үзэхэд 80 орчим төрийн бус байгууллага ажиллаж байна. Тэр дотроо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 40 төрийн бус байгууллага бий. Мөн хөгжлийн бэрхшээл тус бүрээрээ тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бий. Жишээлбэл, харааны бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдийн холбоо гээд тус тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд бий. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрээр байгууллага байгуулчихаад үүнийгээ санхүүгийн эх үүсвэр болгодог нь ч байна. Үүнийг эрэмбэлэх ёстой.

-Эрэмбэлнэ гэхээр..?

-Төрийн бус байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах, нөгөө талаар эдгээр байгууллагыг нэгтгэж, хамтран ажилуулах хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү