С.Сэлэнгэ: Бүх хүн хамтдаа энэ нийгэмд аз жаргалтай амьдрах эрхзүйн орчныг бий болгоё


2019-11-14 13:15:05

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны тэргүүн С.Сэлэнгэтэй ярилцлаа.

- Хөгжлийн бэрхшээл нь хүнийг эрхээ эдлэх тал дээр бусдаас өөр ялгаатай болгодог гэсэн хэвшмэл ойлголтоос болж ийм хүмүүс нийгмийн үйлчилгээг чанартай авч чадахгүй, ялгаварлан гардуурхагдаж байна. Тиймээс зарим хүнд илэрч болох хөгжлийн хоцрогдлыг хүний ялгаатай шинж байдал хэмээн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юу. Нийгмийн хандлага ер нь ямар байна вэ?

-Хуучин тахир дутуу иргэн гэдэг байснаа бодоход хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж нэрлэсэн нь арай л дээр юм уу. Тахийсан мурийсан гэснээс л дээр байх. Гэхдээ хэн ч өөрийгөө бэрхшээлтэй гэж хэлүүлэх дургүй. Тэгэхээр оюуны бэрхшээлтэй гэж хэлэхгүй оюуны ялгаатай чадамжтай хүн гэж хэлсэн нь зөв. Дэлхий дээр долоон тэрбум хүн амьдарч байна. Тэд бүгд өөр өөр хүмүүс.  Тэдгээр хүмүүсийн зарим нь  явахдаа өөр ч юм уу, хэл яриа нь арай өөр байгаа юм. Хүн бүр өөр өөрөөр сэтгэж боддог, ертөнцийг танин мэдэх нь өөр. Нийгэмд хөгжлийн бэрхшээлийн талаар нэг сөрөг хандлага байна. Энэ нь халамж. Халамжийн гэхээр л энэ хүн юу ч хийж чадахгүй  гэсэн бодлыг төрүүлдэг. Ар гэрийнхэн нь ч гэсэн энэ хийж чадахгүй юм чинь гээд бүх юмыг өмнүүр нь орж хийдэг. Тухайлбал, оюуны бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд ам руу нь хоолыг нь хийж өгдөг. Яг үнэндээ гар нь зүгээр шүү дээ.  Хүүхдээ наад хоолоо ид, хувцасаа өмс гэх мэтээр өөрөө өөртэйгээ тэмцэлдэх чадварыг бий болгох хэрэгтэй.

-Хөгжлийн бэрхшээлийг өвчин гэж үзэх хүмүүс их байдаг?

-Тийм буруу хандлага нийгэмд маш их байдаг. Хөгжлийн бэрхшээл бол өвчин биш. Юм бүрийг эмчилнэ гэдэг нүдээр хардаг бол буруу. Тэгэхээр тухайн хүнийг өвчтэй хүн биш, харин байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. Тухайлбал, нэг ангид 50 хүүхэд байлаа гэхэд багшийн заасан юмыг дор нь ойлгочихдог хүүхэд байдаг. Эсвэл удаан хэлүүлсэн хэрнээ ойлгохгүй нэгэн ч байдаг. Тэгэхээр эрүүл мэндийн энэ хандлагаа болих хэрэгтэй. Харин түүний оронд хүний эрхийн хандлага руу чиглэх ёстой. Ийм хүнийг ялгаварлаж үзэж болохгүй юм байна гэсэн үзлийг хүн бүр баримтлах ёстой. Манай байгууллагын хувьд хүний эрхийн хандлагыг олон нийтэд, эцэг эхэд, төрийн бодлого боловсруулагчдад бий болгохыг зорьж байна. Бүх хүн хамтдаа энэ нийгэмдээ аз жаргалтай амьдрах эрхзүйн орчинг бий болгохын төлөө ажиллаж байна.

-Танай байгууллагад хэдээс хэдэн насны хүүхдүүд хамрагдаж байна вэ?

-Манай байгууллагад бүх насны хүмүүс хамрагдаж байна. 40 настай оюуны ялгаатай чадамжтай залуу ажил хийж байна. Дэргэдээ “Ногоон гархан” гэсэн гар урлалын урланг ажиллуулдаг. Гурван жилийн өмнөөс залуучуудад зориулж шилжилтийн хөтөлбөрийг үүсгэсэн. Эхлээд яаж ажиллуулахаа мэдэхгүй суулгаж байгаад л хичээл заагаад  байлаа. Хичээл заагаад энэ хүмүүс яаж амьдрах юм бэ гэж бодоод хоёр дахь жилээс нь гараар нь юм хийлгэж сургасан. Тэгээд хийсэн бүтээл нь зарагдах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байсан. Тэгж явсаар сая найман сард албан ёсоор нээлээ.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд маань 5-6 жилийн өмнөөс эхлээд клуб нээж ажиллуулж байсан. Одоо энэ хоёр клуб нэгдэж ажиллана.

-Анхны худалдаагаа хийж эхэлсэн үү?

-Хийсэн бүтээлийн худалдаа бол нодлингоос эхэлж явагдсан. Харин одоо бараа бүтээгдэхүүнийг нь аваад, борлуулах хамгийн том арга хэмжээ энэ сарын 21-нд “Хөдөлмөр эрхлэхэд хаалгаа нээцгээе” гэсэн нэртэйгээр болно.

-“Хөдөлмөр эрхлэхэд хаалгаа нээцгээе” гэсэн арга хэмжээний гол зорилго нь юу вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн хүн ажиллаж хийж чаддаг юм шүү, тэдэнд боломжийг нь олгоорой, чадах ажлыг нь хийлгээрэй гэсэн зорилгыг агуулж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн яг чадах ажлыг нь хийлгэж нийгэмд амьдрах боломжийг бий болгож чадсан улс Япон байна. Тэр улсын туршлагыг харуулна.  Японд болон гадаадад ямар байдгийг судлаад үзэхээр хөдөлмөр эрхлэхэд нь тусалж дэмжлэг үзүүлдэг “Job coach” буюу ажлын дадлагажуулагч гэж хүн байдаг юм байна. Энэ хүн тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хийж чадах хэмжээний ажлаа хийхэд нь тусалдаг. Ажил олгогчтой нь ойртуулж, тэдний хооронд гүүр болдог бүтэн тогтолцоо үйлчилдэг юм байна. Манай Монголд ч гэсэн хөдөлмөрийн хууль дүрэм журам, системд нь “Job coach”-ийг оруулах цаг болсон байна. Ингэсэн цагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх боломжтой. Хуульд аливаа байгууллага 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах ёстой гэсэн байдаг ч тэр бүр хэрэгждэггүй.  Манай холбоо  хөгжлийн бэрхшээлтэй гурван хүнийг ажиллуулж байна. Тодорхой хэмжээнд сургаад заагаад өгөх юм бол ажил хийж чадах юм байна гэдгийг энэ хүмүүс харуулж байгаа.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү