Б.Цэцэгсайхан: Хүүхдийн хавдрын асуудал үргэлж орхигдсоор ирсэн


2020-02-03 09:25:20

Таны хүүхэд ч гэсэн хавдартай юм биш биз. Насанд хүрсэн хүн л хавдраар өмчилдөг хэмээх бодол эндүүрэл байж. Монгол Улсад хүүхдийн хавдраар жилд 100 орчим хүүхэд оношлогддог байна. Хүүхдийн хавдар ганц Монголд бус дэлхийн улс бүрийн тулгамдсан асуудал болжээ. Цэнхэр гараг дээр жил бүр 300 мянган хүүхэд хавдартай нь оношлогдож, үүний улмаас нас барсан багачуудын тоо олон улсын эрдэмтдийн санааг зовоох хэмжээнд хүрсэн байна. Дэлхий дахинд хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд осол, гэмтэл ордог бол удаах байрт хавдрын өвчлөл жагсаж байгаа нь харамсалтай. ДЭМБ-ын Олон улсын хорт хавдрын судалгааны агентлаг 2018 онд 185 улсад судалгаа хийхэд хүүхдийн хавдар Австралид хамгийн их оношлогддог бол үүнээс шалтгаалсан нас баралтаар Ази тив тэргүүлжээ.

Монголд хүүхдийн хавдрын өвчлөл нэмэгдэж аюулын харанга дэлдэж байгаа ч өнөөдрийг хүртэл энэ талаарх төр засгийн бодлого шийдвэр гэж байхгүй. Энэ талаар “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхантай ярилцлаа.

-Хүүхдийн хавдраас болж дэлхий дээр жил бүр 50 хүүхэд хорвоог орхиж байгаа тоон мэдээлэл бий. Манай улсад ч энэ төрлийн өвчлөлийн тоо 8.5 хувьтай байгааг эмч нар хэлдэг. Хавдраар өвчилсөн хүүхэд эдгэрэх боломж хэдэн хувьтай байдаг вэ?

-Хүүхдийн хавдрын эмчилгээ үр дүн сайтай. Насанд хүрсэн хүний хувьд хавдрыг эрт илрүүлбэл эмчлэгдэх магадлал өсдөг бол хүүхдийн тухайд эдгэрэх боломж өндөр. Мэдээж эрт илрүүлбэл эмчлэх боломж төдий хэр нэмэгдэнэ. Гэхдээ насанд хүрсэн хүнийг бодвол хүүхэд эмчилгээ авахдаа сайн. Эмчлэх бүрэн боломжтой хавдар гэж тооцогддог.

-Хүүхдийг хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломж бий юу?

-Байхгүй. Үүгээрээ насанд хүрсэн хүмүүсийн хавдраас ялгаатай бас аюултай. Насанд хүрсэн хүний хувьд хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Аль болон эрүүл зан үйлтэй байснаар энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж нөхцөл бий. Харин хүүхдийн хавдрын хувьд урьдчилан сэргийлэх ямар ч боломжгүй.

-Суурь шалтгаан нь тодорхойгүй байгаатай холбоотой юу?

-Чухам юунаас болж хүүхэд хавдар тусч байгааг нарийн тогтоосон зүйл одоогоор дэлхий дахинд алга. Насанд хүрсэн хүний хувьд В,С вирус, хеликовактер, мөн ихэнх төрлийн хавдар таргалалт, тамхи, агаарын бохирдол зэрэг хүчин зүйлээс хамааралтай байдаг бол хүүхдийн хувьд тодорхойгүй. Гэхдээ хэд хэдэн судалгаанууд бий. Тухайлбал, удамшлын шинж чанартай хавдар тусдаг гэж үзэх нь бий. Гэхдээ бүх хавдар удамшихгүй. Тодорхой төрлийн хавдрууд удамшдаг гэдгийг тогтоочихсон.

-Жишээ нь, ямар төрлийн хавдар удамшиж байна вэ?

-Нүдний хавдар. Ээж, аавынх нь хэн нэг нь нүдний хавдраар өвчилж байсан бол хүүхдэд удамшдаг. Энэ бол хүүхдүүдэд тохиолддог хавдрын хамгийн хүнд хэлбэр. Мөн химийн эмчилгээний бодис, ионжуулагч цацраг зэргээс болж хүүхэд хавдраар өвчлөх магадлал өндөр. Иймээс пестицид зэрэг химийн бодистой харьдаг хүний хүүхэд хавдраар өвчлөх тохиолдол бий.  Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрэхэд олон хүн цацраг идэвхит бодисын нөлөөлөлд өртсөн. Тэр дундаа энэ бүс нутагт амьдарч байсан хүүхдүүдийн дунд бамбайн булчирхайн хавдар огцом нэмэгдсэн. Үүнээс гадна зарим химийн эмчилгээний эмийг удаан хугацаанд хэрэглэвэл эргээд хавдар үүсгэх эрсдэлтэй.

-Манай улсад хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн 100 орчим тохиолдол бүртгэгддэг гэж байсан. Зонхилон ямар хавдраар өвчилдөг вэ?

-0-14 нас хүүхдэд зонхилон тохиолддог хавдар нь цусны хавдар. Цусны хавдар 51 хувь, мезотел, зөөлөн эдийнх 13.5 хувь, тархины 10.4 хувь, нүднийх 4.2 хувь, ясных 3.1 хувь, бөөрний хавдар 3.1 хувийг эзэлж байна. Тархины болон нүдний хавдар, мезотел бол зөвхөн хүүхдүүдэд тохиолддог.

-Олон улсад хүүхдийн хавдартай тэмцэхэд ямар арга хэмжээ авдаг вэ. Эмчилгээ, оношилгоонд хэр дэвшил гарч байна?

-Хүүхдийн хавдар ганц Монгол Улсад тулгамдсан асуудал болоод байгаа юм биш. Дэлхийн түвшинд 2018 оноос хүүхдийн хавдрын талаар идэвхтэй ярьж эхэлсэн. Улмаар 2018 онд “Хүүхдийн хавдартай тэмцэх олон улсын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага баталсан. Хүүхдийн хавдрын эмчилгээний чанар хүртээмж хөгжиж буй болон хөгжсөн оронд ялгаатай. Иймээс хөтөлбөрийн хүрээнд 2030 он гэхэд хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 хувиас дээш болгож, эмчилгээний чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ядуу буурай оронд хүүхдийн хавдрын тохиолдлын 20 хувийг эмчилж байхад хөгжсөн оронд 80-90 хувийг нь эмчилдэг байна. Иймээс 20 биш 60-аас доошгүй хувийг нь эмчлэх зорилт тавьсан гэж ойлгож болно. Ингэснээр 2030 он гэхэд нэг сая хүүхдийг хавдрын өвчлөлөөс аварч, эмчилж чадах юм.

-Манай орны хувьд дээрх хөтөлбөрт хамрагдсан уу. Ер нь дэлхийн бусад улс оронтой харьцуулахад аль түвшинд байдаг вэ?

-Манай орны хувьд хүүхдийн хавдрын өвчлөлийн бүртгэл, мэдээллийг сайжруулах хэрэгтэй байгаа. Олон улсын стандартын дагуу бүртгэл мэдээллээ бэлтгэж, нэгтгэж байж манай мэдээлэл үнэн зөв болно. Олон улсын мэдээллээс харахаар Монголынх Африкийн орнуудтай ижил түвшинд байгаад байдаг. Гэтэл ЭХЭМТ-ийн эмч нарын яриа бүртгэлтэй харьцуулаад үзэхээр үзүүлэлт сайтай. Иймээс тоон мэдээллийг олон улсын стандартын дагуу бүртгэж, нэгтгэх зайлшгүй шаардлага бий. Ер нь өнөөдрөөс хүүхдийн хавдрын асуудалд анхаарлаа хандуулахгүй бол оройтно.

-Монгол Улсад хүүхдийн хавдрыг эмчлэх боломж нөхцөл хэр түвшинд хүрсэн бэ. Эмчлэх бүрэн боломжтой юу?

-Бий. Жишээ нь, нүдний хавдрыг Монголд эмчлэх боломжтой. Гэвч эцэг, эхчүүдийн хувьд гадагшаа явж эмчлүүлэх сонирхолтой байдаг. Энэ нь манай эмчилгээний арга барил хүмүүст гологддог учраас хөгжингүй орны эмч нараар эмчлүүлэх сонирхол өндөр. Сүүлийн үед хорт хавдраар өвдсөн хүүхдүүдэд зориулсан хандивын аян их өрнөх боллоо. Энэ нь Монголд зарим төрлийн хавдрыг эмчилж чадахгүй байгаатай бас холбоотой байх. Уг нь дэлхий нийт хүүхдийн хавдрыг бүрэн эмчлэх боломжийг нээчихлээ. Эмчилгээ нь үр дүнтэй гэдэг нь батлагдчихсан. Гэтэл манай улс нэвтрүүлж, тэр түвшинд хүүхдүүдээ эмчилж чадахгүй байна гэдэг харамсалтай.

-Хавдраар өвчилсөн хүүхдийн ар гэрт санхүүгийн дарамт их ирдэг. Бусад өвчнийг бодвол хавдар урт хугацааны эмчилгээ, асаргаа шаарддаг. Тэр хэрээр хөрөнгө, мөнгөний асуудал хөндөгдөх нь бий. Тиймдээ ч олон өрх үүнээс болж ядууралд өртсөн тоон үзүүлэлтийг эмч нар хэлдэг. Ер нь хавдраар өвчилсөн хүүхдүүдэд төрөөс дэмжлэг, туслалцаа үзүүлдэг эрх зүйн орчин бий юу?

-Хавдраас болж нэг ч гэр бүл санхүүгийн эрсдэлд өртөх ёсгүй гэж үздэг ч тийм боломж нөхцөл Монголд ховор. Уг нь төр засаг гэж байдаг бол нэг ч гэсэн гэр бүлийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах ёстой. Ингэхийн тулд тодорхой төрийн бодлого байх шаардлагатай. Хавдартай тэмцэх хөтөлбөр хэрэгждэг ч хүүхдийн өвчлөлийн тухай дурдагдаагүй. Эрүүл мэндийн салбарын бодлого нь сүрьеэ, улаан бурхан, хатгалгаа, суулгалт гэх мэтээр хязгаарлагддаг. Харин хүүхдийн хавдрын эмчилгээ, оношилгооны асуудалд анхаарал хандуулдаггүй. Хүүхдийн хавдрын эмчилгээ маш урт хугацаа шаарддаг. Үүнийг дагаад гэр бүлийн амьдрал хэцүүдэж байна. Нэг нь хөдөө мал маллах, ээж нь хотод удаан байж хүүхдээ эмчлүүлэх, мөн хүүхдийн хичээл сургууль орхигддог гээд цогцоор нь бодлогод тусгах асуудал гарч ирсээр байна.

-Хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлдэг шүү дээ. Энэ хөтөлбөрт хүүхдийн хавдрын талаар тусгагдаагүй гэж үү?

-Хавдрын асуудал яригдахаар насанд хүрсэн хүний тухай ойлголт тусгагддаг. Насанд хүрсэн хүний хавдрын эрт илрүүлэлт, эмчилгээний чанарыг сайжруулах гэхчлэн. Харин хүүхдийн хавдрын эмчилгээг хэрхэн сайжруулах, яаж олон улсын түвшинд хүргэх, эрт илрүүлэг, эмч нарын мэдлэг, мэдээлэл, чадавхийг хэрхэн нэмэгдүүлэх, хүн амын дунд энэ талаарх ойлголтыг яаж нэмэгдүүлэх талаар огт тусгагдаагүй. Тусгагдах нь битгий хэл яригддаггүй. Дандаа анхаарлын гадна үлддэг гэж хэлж болно.

-Дэлхийн ихэнх улс орон хүүхдийн хавдрын бодлогын баримт бичгээ боловсруулчихсан гэж ойлгож болох уу. Эсвэл 2018 оноос л яригдаж эхэлсэн болохоор одоо л энэ асуудалд анхаарлаа хандуулж байна уу?

-Хэрэв тухайн орон хүүхдийн хавдрын талаарх бодлогын бичиг баримттай бол хүүхдийн амьдрах чадварыг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж үздэг. Гэвч Монгол Улсад бодлогын бичиг баримт байдаггүй. Уг нь бодлогын баримт бичгийг боловсруулсанаар хүүхдийн хавдрын эрт илрүүлэг, эмчилгээнээс гадна нийгмийн асуудлыг ч цогцоор нь шийдвэрлэх боломжтой. Хүүхдийн хавдар урт хугацааны эмчилгээ, тэсвэр тэвчээр шаарддаг. Нэг, хоёр, гурван жил, үүнээс ч олон жил нэмэлт эмчилгээ хийгдэж, удаан хугацааны эмчилгээ, асаргаа шаарддаг. Үүнээс улбаатай нийгмийн олон асуудлыг ардаа дагуулж байдаг. Эдгэрээд гарсан ч тэр хүүхдийн сургалтын асуудал, хичээл хоцрогдол, найз нөхдийнх нь хүлээн авах мэдлэг мэдээлэл гээд нийгэмших орчин тодорхойгүй. Гэтэл үүнийг хэн ч ярьдаггүй, хэн ч хөнддөггүй.  

-Хүүхдийн хавдар харьцангуй шинэ ойлголт гэж хэлж болох талаар эмч нар ярьж байсан. Тэгэхээр энэ талаарх эмч нарын мэдлэг мэдээлэл хэр түвшинд байдаг вэ?

-Хавдар гэхээр насанд хүрсэн хүний өвчин гэж боддог. Хүүхэд хавдраар өвчилдөг юм уу гэж асуух нь бий. Эмч нарт энэ талаарх мэдлэг, ойлголт байхгүйгээс хүүхдийг оройтуулж оношлох тохиолдол ч бий.

-Сүүлийн үед хүүхдүүд бэлэн гоймон, чийпс ихээр хэрэглэснээс ходоодны хавдраар өвчлөх тохиолдол эрс нэмэгдсэн гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Дээр хэлсэнчлэн хүүхдийн хавдрын шалтгаан нөхцөл тун бүрхэг. Мөн урьдчилан сэргийлэх боломжгүй. Гэхдээ бэлэн гоймон, гаазтай ундаа, чийпсний хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой Монголд хүүхдийн ходоодны хорт хавдар өссөн гэдэг мэдээлэл бол ташаа ойлголт.

-“Хавдрын үндэсний зөвлөл” төрийн бус байгууллага хаанаас санхүүждэгийг хэлж болох уу. Аль эсвэл шашны ямар нэгэн урсгалтай холбоотой юу?

-Энэ байгууллагыг би 2014 онд үүсгэн байгуулсан. Ямар нэгэн шашны болон гадны хөрөнгө оруулалт байхгүй. Өөрсдөө тэгээс нь эхлүүлсэн. Миний хувьд Австралид эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр мастерт сурч төгссөн юм. Тэнд сурч байхдаа Австралийн хавдрын зөвлөлд дадлага хийх боломж олдсон. Дадлага хийж байхдаа их зүйлийг сурч мэдсэн. Үүнээс илүүтэй манай улсад ийм төрлийн иргэний нийгмийн байгууллага хэрэгтэй юм байна гэдгийг олж харсан.

-Та Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан байх аа?

-Тиймээ, Эрүүл мэндийн яаманд ажиллаж байгаад Австрали руу явсан. Төрийн байгууллагад олон жил ажилласан хүний хувьд хэлэхэд, бид хэтэрхий их цаас гаргадаг юм байна. Бодлогын бичиг баримт, дүрэм журам гээд цаас л үйлдвэрлээд байдаг. Гэтэл тэр цаас хүндээ хүрч байна уу гэдгийг боддоггүй. Жишээ нь, хавдрын хувьд эмчлээд л гаргачихдаг. Гэтэл тэр хүний сэтгэл зүй, нийгмийн олон асуудлыг орхигдуулдаг. Хэн ч үүнийг ярьдаггүй, хэн ч хөнддөггүй. Энэ олон асуудлууд цогцоор нь харж, шийдвэрлэж байж эмчилгээ үр дүнтэй байдаг.

-Яагаад зөвлөл гэж ингэж нэрлэсэн юм бэ. Хуулийн статусаар нь авч үзвэл ашгийн бус төрийн бус байгууллага бололтой?

-Австралид зөвлөл гэж нэрлэдэг. Тиймээс орчуулаад нэрлэчихсэн юм.

-Австралийн хувьд иргэний нийгмийн хүчтэй дуу хоолой болдог гэж байна. Тэгвэл танай зөвлөл ч мөн хүүхдийн хавдрын асуудлаар төр засгийн бодлого шийдвэрт нөлөөлөх чиглэлээр ажиллах болов уу. Бодлогын баримт бичгийг гаргуулахын төлөө ажиллах нь гэж ойлгож болох уу?

-Австралийн хавдрын зөвлөлийг харж байхад төрийн байгууллагуудтайгаа нягт уялдаа холбоотой ажилладаг. Хөгжсөн орнуудад иргэний нийгэм хүчтэй байж, төр засагтаа нөлөөлж, бодлого шийдвэрт нь нөлөө үзүүлдэг. Тэр хэрээрээ хүмүүсийн шийдвэрлэж чадаагүй олон асуудлыг гаргаж, шийдлийг нь олдог. Товчхондоо, хүмүүст бодит тусламж үзүүлж чаддаг. Австрали ч ялгаагүй өргөн уудам газар нутагтай, бүх хотдоо хавдрын эмнэлэггүй учраас төв суурин газраа бараадах нь их. Тэдгээр иргэнийг байранд байрлуулж, эмнэлэг рүү нь автобусаар зөөж, нийгмийн  бүхий л асуудлыг нь шийдэж “Та нар зөвхөн эмчилгээндээ анхаар. Бусад асуудал дээр бид нар тусална” гэдэг юм билээ. Учир нь хавдрын эмчилгээний чанарын 50 хувь нь сэтгэл зүй, ар гэрийн тайван байдалтай холбоотой. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэж байж эмчилгээ үр дүнтэй болдог. Иймээс Монголдоо ийм байгууллагыг үүсгэн байгуулсан. Хэдийгээр бүх асуудлыг нэг дор шийдвэрлэж чадахгүй ч өвчтөнд тулгардаг бэрхшээлийг аль болох шийдвэрлэхийг зорьж ажиллаж байна.

-Улсаас ямар нэгэн дэмжлэг хүсч байсан уу?

-“Дарь эхийн өргөө”-г байгуулахад төрийн дэмжлэг аваагүй. Улсаас нэг ч төгрөгийн дэмжлэг үзүүлээгүй. Бүх зүйлээ бор зүрхээрээ хийдэг. Ихэвчлэн хандив босгох ажил зохион байгуулдаг. Галт тэрэгний аялал зохион байгуулж байна. Аялал жуулчлал хийхээс эхлээд бүхий л аргаа хэрэглэдэг.

-Хандив гэхээр...?

-Олон улсын байгууллагын баримталдаг зарчим гэж бий. Архи, тамхины компанитай ямар нэгэн холбоо харилцаа үүсгэхгүй байх, тэднээс хандив тусламж авах хориотой. Учир нь хавдрын гол эрсдэл нь архи, тамхи. Ямар ч тохиолдол тэр хорт бодисыг үйлдвэрлэдэг компани, аж ахуйн нэгж, иргэнтэй ямар нэгэн хэмжээгээр холбоотой байж, хандив авдахгүй. Олон улсын энэ зарчимыг бид ч мөрдлөг болгон ажилладаг.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү