Орон гэргүй иргэдэд зориулсан халамжийн төвийн шинэ барилгын ажлыг эхлүүлнэ


2020-05-05 09:17:33

Нийслэлийн хэмжээнд орон гэргүй, тэнэмэл 850 иргэн байдгаас 84.6 хувийг эрчүүд, 15.4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Харин 46 хувь нь 18-45 насныхан, 43 хувь нь 45-59 насныхан, 9 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэх насныхан орон гэргүй, тэнэмэл иргэдийн тоонд орчихоод байна. Нийслэлийн зүгээс эдгээр иргэдийг тусгаарлах байранд хамруулж, хоол хүнс болон хувцасаар хангах гэх мэт ажлыг зохион байгуулж ирсэн. 

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх орон гэргүй иргэдийг байршуулдаг тусгай төвд одоогийн байдлаар 150 иргэн хамрагдаж байгаа нь хангалтнүй байгаа тул цаашид эдгээр иргэдэд анхаарч, тэдэнд зориулсан халамжийн шинэ төвийг  барьж байгуулах ажлыг энэ долоо хоногоос эхлүүлэхээр болсныг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдэгдлээ. Мөн тэрбээр “Дээрх иргэдийг тусгаарлалтад хэд хонуулаад гаргах бус тэднийг сургаж, дадлагажуулан нийслэлийн ногоон байгууламж, хот тохижилт зэрэг бүтээлч ажилд татан оролцуулж цалин хөлс олгох байдлаар аж ахуйн ажилд хамруулж, нийгэмшүүлэх шаардлагатай байгаа учир ийнхүү орон сууц барих ажлыг эхлүүлж байгаа” гэлээ.  Энэхүү орон сууц нь нийт 1905 метр квадрат, 250 хүнийг байршуулах боломжтой юм.

Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хянах цахим системд мэдээллийн баазыг бүрдүүлж байна

Коронавирусын халдварын энэ үед Улаанбаатар хот анх удаа нийслэл хот руу орох, гарах хөдөлгөөнийг хянадаг цахим системд мэдээллийн бааз суурийг бүрдүүлэн ажиллаж байна. Нийслэлийн товчоодод энэ ажлыг явуулж байгаа бөгөөд 122 гаруй алба хаагчид ажиллаж байгаа юм. Хэрэв халдвар тархсан тохиолдолд орж, гарсан иргэдийн мэдээлэл, байршил, хөдөлгөөнийг цаг алдалгүй тогтоож, шаардлагатай арга хэмжээ авах боломж бүрдэх аж.

Улаанбаатар хотын удирдлагууд иргэд, олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж ажиллахаас гадна эдийн засгийг эрчимжүүлэх ажилд анхаарч байгааг Хотын дарга уламжлаад СOVID19-ийн халдвараас урьдчилсан сэргийлэх ажлын хүрээнд дэлхийн зарим хотууд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа дурьдлаа. Тухайлбал, Бээжин хот энэ цаг үед онц байдлын зэргийг бууруулж, цэцэрлэгт хүрээлэн, номын сан, музей зэрэг байгууллагын үйл ажиллагааг нээж эхэлжээ. Мөн фитнесс клуб, караокены үйл ажиллагааг тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллуулж байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд коронавирусын халдвараас сэргийлэх ажлын хүрээнд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг үргэлжлүүлэн хийсээр байгаа билээ. Энэ хүрээнд 1,511,671 метр квадрат газарт ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг бүрэн хийж, 196 мянга гаруй гэр хорооллын 00-г ариутгасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү