"Харибо" чихэр шошгын зөрчилтэй байсныг илрүүлжээ


2020-05-27 11:14:24

Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан зохион байгуулж буй хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

 Жил бүр эл өдрийг угтсан хяналт, шалгалтыг хийдэг талаар мэдээллийн эхэнд онцлов. Энэ жилийн тухайд цар тахлын улмаас хүүхдийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан. Гэхдээ хяналт шалгалтыг хийсэн байна.

Шалгалтаар 559 зөрчил илрүүлсэнээс 394 буюу 73,7 хувийг газар дээр нь арилгуулжээ. Хяналт шалгалтын явцад хадгалалтын горим алдагдсан 9 төрлийн 34 кг, 18 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг устгаж, 30 аж ахуйн нэгжид 28.9 сая, 35 иргэнд 8.6 сая төгрөгийн нийт 37.5 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд шийдвэрлэсэн байна.
 
Шошгын зөрчилтэй 14 нэр төрлийн 600 ширхэг 1 сая 100 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлж, зөрчлийг арилгуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүний тухайд:

“Алтанжолоо” группийн “Сансар” худалдааны төвд борлуулагдаж байсан “Харибо” чихэр шошгын мэдээлэл зөрчилтэй байжээ.

Мөн “Хомпалаза” худалдааны төвийн чихэр, “Нана” брэндийн чихэр шошгын зөрчилтэй байсныг илрүүлсэн байна.

Илэрсэн нийтлэг зөрчлөөс дурьдвал:
 
  • Эрүүл ахуйн шаардлага хангахгүй шал нь хагарч, дээврээс ус гоожиж ханын шохой хуурч хөгцөрсөн байранд үйл ажиллагаа явуулсан Нью Марс Интернейшнл ХХК,
  • Ажилчид нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдаагүй Жавхлант шарга уулс ХХК, Миний дэлгүүр ХХК, Алтанзулцэцэг ЗБН
  • Дотоод хяналтын журмаа мөрдөж ажилладаггүй эрүүл ахуйн зохистой дадлыг үйл ажиллагаандаа бүрэн хэвшүүлээгүй Болор тайж ХХК, Жасиун ХХК, Смарт БХД, Сэнртал экспресс Си ви эс ХХК, Макс эксим ХХК, Эси групп, Роял ресурс Монголия ХХК
  • Зориулалтын тээврийн хэрэгслэлгүй, ахуйн барааг /вок, саван г,мэт/ хүнсний бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэдэг, тээврийн хэрэгслэл нь подон тавиургүй, тээврийн хэрэгслэлээ угааж цэвэрлэж халдваргүйтгэл хийлгээгүй, жолооч, түгээгч эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаагүй Маргаз трейд ХХК, Болор тайж ХХК, Жасиун ХХК, Эрэс есүхэй ХХК, ХооТолгой ХХК, Миний сүлжээ ХХК
Короновируст цар тахлын үед импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт багасаж, хүмүүсийн худалдан авалт буурсантай холбоотой хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн ихэсч байгаа тул иргэд бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг шошгыг сайтар харж сонголтоо хийхийг мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс анхааруулж байна. Энэ жил зөвхөн гэр бүлийн хүрээнд хүүхдийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлнэ.
Эцэг эхчүүд хүүхэддээ бэлэг сонгохдоо дараах зүйлийг анхаараарай.
 
  1. Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байх. Дундаж хэмжээтэй ундаа жүүсэнд гэхэд ойролцоогоор 50-80гр сахар агуулагддаг бөгөөд энэ нь таны хүүхдэд шүд өвдөх, харшил үүсгэх богино хугацааны нөлөөтэйгөөс гадна цаашлаад зүрх судас, бөөрний өвчлөлд нөлөөлөх сөрөг үр дагавартай юм.
  2. Амархан муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн боосон бэлгийг худалдан авахгүй байх. /Жишээ нь, бүржмэл чихэр, кремтэй нарийн боовны төрлийн бүтээгдэхүүн гэх мэт/
  3. Хямдрал нэрийн дор худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар харж авах,
  4. Бялуу, хиам зайдсан бүтээгдэхүүн, өндөг гэх мэт түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчний хэмд хадгалж, тэр өдөртөө хэрэглэж дуусгах.
  5. Халууны улиралд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ автомашиндаа удаан хугацаагаар хадгалахгүй байх
Гудамж талбайд ил задгай, машины ард болоод худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс авахгүй байх. Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр та бид үр хүүхдээ болзошгүй аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү