Хүчирхийллийн гэрч, хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийг нээлээ


2020-06-16 14:56:23

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар хүүхдийн эсрэг хүчирхийллийн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах 14 түр хамгаалах байр, 18 нэг цэгийн үйлчилгээний төв ажилладаг.

Тэгвэл өнөөдөр Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хүчирхийлэлийн гэрч, хохирогчдод үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулагдаж, нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон нийслэлийн удирдлагууд мөн нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд, НҮБ-ын төлөөлөл  оролцлоо. 

Албаныхны мэдээлснээр дээрх хоёр дүүрэгт түр хамгаалах байр бий болсноор хүчирхийлэлд өртсөн гэр бүл, хүүхдүүдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж ямарваа нэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт байгуулагдсан түр хамгаалах байр нь дүүргийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг  хүлээн авч эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, эрх зүйн туслалцааг 24 цагаар үзүүлэх юм. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн түр хамгаалах байр нэг ээлжинд 8, Сүхбаатар дүүргийн түр хамгаалах байр нь нэг ээлжинд 20 хүүхдийг хүлээн авч анхан шатны тусламж үйлчилгээ, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай аж.

Нээлтийн арга хэмжээний үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг хэлэхдээ “Өнөөдөр үндэсний хэмжээнд хүүхдийн эсрэг хүчирхийллийн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах 14 түр хамгаалах байр, 18 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна. 2020 оны эхний хагас жилийн байдлаар санхүүжилт олгосон Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр 486 хохирогчид үйлчилгээ үзүүлж үүнээс 51 эмэгтэйчүүд, 435 хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажилласан.  Үйлчилгээ авсан хүүхдийн 48,7 хувь нь эрэгтэй, 51,2 хувь нь эмэгтэй хүүхэд байгаагаас үзэхэд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалахад жендэр мэдрэмжтэй үйл ажиллагаа явуулахыг биднээс шаардаж байна.

Хүүхдийн  41,5 хувь нь үл хайхрах, 15,3 хувь нь сэтгэл санааны, 15,9 хувь нь бие махбодын, 13,7 хувь нь бэлгийн хүчирхийлэлд тус тус өртсөн, амиа хорлох оролдлого хийсэн хоёр, төөрсөн 27, хараа хяналтгүй 87, гуйлга гуйсан 12  хүүхэд ирсэн байгаа нь хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэгч албан хаагчдыг эдгээр бүх асуудлын талаар ойлголт мэдлэгтэй, зөв хандлагатай, мэргэжлийн хөрвөх ур чадварт суралцаж, хохирогчийн аюулгүй байдлыг хангаж, ирээдүйд итгэлтэй, өөрийн амьдралаа зохицуулж чадах авч явах түвшинд хохирогчийг чадавхжуулахад чиглэсэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах нөхцөл байдал угтаж байна. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн ажилтануудыг чавахжуулах зорилгоор  2018 онд  16 цагийн сургалт, 2020 онд “Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний технологи, практик  арга зүй” гарын авлага боловсруулсан, үүнийгээ бэлэглэж байна, ажилдаа ашиглаарай.

Албан хаагчдаа мэргэжлийн хувьд өсөж хөгжихөд нь бодлогын хэрэгжилтийг хангадаг агентлагийн хувьд байнга дэмжих болно. Түр хамгаалах байр, НЦҮТ-д амьдарсан хэсэгхэн хугацаа бол тухайн үйлчлүүлэгчийн амьдралдаа үзсэн хамгийн амар тайван, бусдын дэмжлэгээр өөрийнхөө давуу чанарыг мэдэрсэн мөч байх ёстой гэж мэргэжлийнхэн үздэг” гэсэн юм.

Ташрамд мэдээлэхэд, Стандартчилал хэмжил зүйн газраас баталсан “Хохирогчийг хамгаалах байрны үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6040:2019, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/116 дугаар тушаалаар батлагдсан “Түр хамгаалан байрлуулах үйлчилгээ үзүүлэх журам”, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/80, А/132, А/60 дугаар тушаалаар батлагдсан “Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, санхүүжүүлэх журам”-ын хэрэгжилтийг тус тус ханган ажиллах зорилтын хүрээнд хохирогчийг түр хамгаалан байрлуулах үйлчилгээг 24/7 цагийн хуваариар, аюулгүй байдлын хамгаалалт, эмнэлгийн тусламж, сэтгэл зүй, нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, эрх зүйн туслалцаа, холбон зуучлах зэрэг хуулиар зохицуулагдсан үйлчилгээнүүдийг мэргэжлийн түвшинд үзүүлж, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, чадавхжуулах шаардлагатай байдаг. Эдгээр үйлчилгээг үзүүлэхэд түр хамгаалах байранд  мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эрх зүйч, дөрөв ээлжийн ажилтан нийт долоон албан хаагч ажиллахыг “Түр хамгаалан байрлуулах үйлчилгээ үзүүлэх журам”-аар журамласан байдаг юм.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү