Сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг халах ажилд “Эрлдэнэт үйлдвэр" дэмжлэг үзүүлнэ


2020-10-23 09:36:47

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох" зорилтыг хэрэгжүүлэхэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлэхээр болсон юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нарыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ. Нүхэн жорлонг халснаар сургууль, цэцэрлэг, дотуур байрны 150 мянга гаруй хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, тэдэнд тухтай, аюулгүй орчин бүрдүүлнэ гэдгийг сайд Л.Цэдэвсүрэн онцоллоо.

Яамны ажлын хэсэг 5 төрлийн технологийн шийдлийн судалгаа хийсэн бөгөөд дээрх асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн зүгээс шалтгаалах бүхий л арга хэмжээг шуурхай зохион байгуулна гэв.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн, "Хүүхэд багачуудынхаа сурч боловсрох үйл явцыг дэмжиж, тэдний эрүүл мэндийг хамгаалах сайхан үйлс бүтээх болсондоо баяртай байна" гээд инженерийн шийдлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна, богино хугацаанд үр дүнтэй хамтран ажиллахыг хүслээ. Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар болон албаны бусад хүмүүс байлцлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү