Гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж байсан 22 настай залууг саатуулжээ


2021-01-05 09:28:47

Өнгөрөгч амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 205 бүртгэгдсэн байсан. Хэдийгээр хөл хорио тогтоож, архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон ч гэр бүлийн хүчирхийллийн дуудлага буурууаагүй бөгөөд харин ч эсрэгээрээ нэмэгдэх хандлагатай байгаа юм. 

Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны “Очир хотхон”-ы 70 дугаар байрны 3 дугаар орцонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа тул хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн хүсэлт Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газарт иржээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын алба хаагчид 9 км зам туулан очиход иргэн Б /22 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж байхад нь хаалгыг нь онгойлгон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид нь ихэвчлэн хүүхэд эмэгтэйчүүд байдаг. Хүүхэд хамгааллын 108 дугаарт 2020.01.04-нд 200 гаруй дуудлага ирсэн байна. Үүнээс 57 нь хүүхэд хамгааллын, 2 хүүхдийн эрхийн зөрчлийн, 7 нь зөвлөгөө хүссэн дуудлага байжээ. Мөн өдөр хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээг 4 хүүхдэд үзүүлсэн байна. 

Өдгөө түр хамгаалах байранд 106 хүн байгаагийн 93 нь хүүхэд байна.

   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү